Тайгын охин “Содура” нээлтээ хийнэ

UBS телевизийн ээлжит нэгэн уран бүтээл “Содура” уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийнэ. Киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнан хийж бүтээсэн гэдэг.
g
Уг киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, UBS телевизийн Б.Жаргалсайхан найруулж байгаа бол дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тогложээ.
g
Энэхүү кинонд тайгын амьдрал, Цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн харуулсан бөгөөд хүний амьдралын гол утга учир болох хайр сэтгэлийн ариун нандин холбоог өгүүлжээ.
g
Содура бол зөвхөн тайгад ургадаг, цагаан өнгийн таван дэлбээтэй цэцэг юм. Киноны гол баатрын нэр нь ч Содура. Эрдэм шинжилгээний ажилтан аавтайгаа тайгад олон жил амьдарсан охины тухай өгүүлдэг уг кинонд цаа маллаж, тайгадаа суурьшсаар ирсэн цаатнууд соёл иргэншлээс хоцорч буйгаас гадна ураг садан болж, цус ойртохдоо тулсныг асуудал дэвшүүлэн тавьжээ.
g
Тайгын хүмүүсийн зарим нь сургууль соёлын мөр хөөсөн хүүхдээ дагаж суурин газар бараадсанаар тайга эзгүйрээд буй аж. Үүнээс гадна 45-аас доош насны цаатнуудын ихэнх нь төрөлх тува хэлээ мартахад хүрсэн байна. Дэлхий дээрх олон бага ястан өөр үндэстэнд уусан шингэж, мартагдаж буй аюул цаатнуудын өмнө тулгарч байгааг үзэгчдэд харуулахыг хүссэндээ энэ сэдвийг сонгож авчээ. Хавраас эхэлсэн киноны зураг авалт Улаанбаатараас 1200 км замыг туулж, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тайгад байгалийн сонин содон тогтоцтой, онгон дагшин, үзэсгэлэнт газруудад үргэлжлэн дөрвөн улирал дамжсан аж.
g
Энэхүү киногоор цаатны ёс заншил, хэл соёл, хувцаслалт, ахуй амьдралын тухай өгүүлэх бөгөөд иргэншлийн нөлөө тэдэнд хэрхэн тусаж, цаг хугацааны хүрд өөрсдийнх нь өмнө ямар шалгуур авчирч байгааг харуулах юм байна. Тайгад төрөөгүй ч, тэнд өссөн Содурад отгийн ахлагч “Чиний судсаар бидний цус урсаагүй ч, хүсэл, сэтгэл чинь адилхан гэдгийг мэдэрч байна. Тиймээс чи аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, устахад хүрч буй үндэстнийхээ төлөө яв” гэж хэлснээр бүсгүй олон зүйлийг ойлгож, цаатныхаа төлөө гэсэн их үйл хэргийг санаж, хэрэгжүүлж явааг киноны үйл явдлаар өгүүлэх аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ