Тоглолтод ирсэн бүхэн сэтгэл хангалуун буцна

img

15 жилийн дараа бие даасан тоглолтоо хийх гэж байна




Монголын анхны эмэгтэй реппер Женни бие даасан тоглолтоо хийх гэж байна. Манайд хип хоп, реп чиглэл сонирхон дуудаг бүсгүйчүүд цөөнгүй бий. Гэхдээ тэднээс өөрийн ажил, амьдралаа болгон өдийг хүртэл уран бүтээлээ туурвиж яваа нэгэн бол яах аргагүй реппер Женни билээ. Тоглолтын бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа түүнтэй цөөн хором хөөрөлдснөө хүргэж байна.



-Анхны бие даасан тоглолтоо фенүүддээ толилуулах гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?


-Ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Аса циркийн тайзнаа анх удаа өөрийн бие даасан тоглолтоороо фенүүдтэйгээ уулзах гэж байна. Бэлтгэл ажил жигдэрч байна. Америкийн маш сайн туршлагатай тайзны засал чимэглэлч хүн ажиллаж байгаа юм. Тийм болохоор манайд анхны стандарт тайз, гэрэл гэрэлтүүлгийн шийдэлтэй тоглолт болно гэдэгт найдаж байгаа.



 -Өөрийн чинь хувьд 2000 онд анхны дуугаа бичүүлж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан гэсэн. 15 жилийн дараа бие даасан тоглолтоо хийхээр шийджээ.


-Харин тиймээ. Тоглолт хийх саналыг өнгөрөгч нэгдүгээр сард Хавайгаас ирсэн Америк уран бүтээлч тавьж, дэмжиж ажиллая гэсэн. Тэгээд л тоглолтоо хийхээр болж бэлтгэл ажилдаа орсон. Тэр хүн АНУ-д нэртэй олон хамтлаг, дуучны тоглолтын тайз засалт, Холливудын олон киноны арын албанд ажиллаж байсан арвин туршлагатай.



-Тоглолтоо яагаад “Монгол суу билиг” гэж нэрлэхээр болсон юм бэ?


-Миний уран бүтээлийн нэр Суу билиг гэсэн утгатай үг. Энэ нэрийг анх 2002 онд “Дайн ба энх” хамтлагийн Мсит ах маань өгч байсан. Тэр утгаар нь Монгол суу билиг гэж нэрлэсэн. Зөвхөн миний бус монгол суу билигтнүүдийн тоглолт юм гэж ойлгож болно.



-Тоглолтод нэлээн олон уран бүтээлч урилгаар оролцох юм  байна. 


-Би реп, хип хоп дуулаад 15 жил болоход ганцаарчилсан гэхээс илүү хамтлаг, дуучидтай хамтарч хийсэн бүтээл олонтой. Тиймдээ ч би ганцаарчилсан уран бүтээлээ хүргэхээс гадна хамтарч уран бүтээл хийсэн уран бүтээлчид урилгаар ирж оролцоно. Брейк-дэнс, битбокс, жазз, хип хоп гээд их олон чиглэлийн уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Монголын хип хопын загалмайлсан эцэг гэж болох “Дайн ба энх”, “Хар тас”, “Монтарэп” зэрэг хамтлагийн ах нар маань хүрэлцэн ирнэ. Энэ дашрамд надад тусалж, намайг дэмжиж байгаа бүх байгууллага, хүмүүстээ баярлалаа гэж хэлье.



-Тоглолтыг үзэхээр ирсэн фенүүддээ мэдээж гэнэтийн бэлдсэн байх.


-Ерөнхийдөө үзэгчдэдээ зориулж хэдэн гэнэтийн бэлэг бэлдсэн. Гэхдээ өмнө нь дэлгэж болохгүй байх. Ямартай ч тоглолтод маань ирж шинэ мэдрэмжүүдийг аваасай гэж хүсч байна. Тоглолт гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилнэ. Ирсэн хүмүүс сэтгэл хангалуун гарах болно.  Тоглолтын дараа I LOFT-т арга хэмжээтэй. /After Party/



-Тоглолтын тасалбар ямар үнэтэй байгаа вэ?


-Тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй. Цөөн хэдэн вип суудал бий тэдгээр нь 60 мянган төгрөг.


Реппер Женни реп, хип хоп хөгжим сонирхдог, уг урсгалаар уран бүтээл туурвидаг залуусын нэгдэл Юүдэнтэн бүлгийн гишүүн. Түүний тоглолтын ар талын ажлыг тус бүлгийнхэн хариуцаж байгаа аж. 




Юүдэнтэн бүлгийн гишүүн Ганза Мунхаг “Манай бүлгийн нэг гишүүн тоглолтоо хийх гээд бид арын албанд зүтгэж байна. Мөн манай бүлэгт таван хамтлаг, соло уран бүтээл хийдэг дуучин олон байдаг. Бүгдээрээ Женнигийнхээ тоглолтод оролцоно” гэж ярьсан. Ийнхүү хөгжмийн урсгалын олон чиглэлээр бүтээсэн дуунуудыг нэгэн зэрэг сонсгох, харуулах анхны эмэгтэй репперийн “Монгол суу билиг” тоглолт тун удахгүй фенүүддээ хүрэх нь ээ.





Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rap hemnel:
shiruun garuud
2015-03-21