Гишүүд иргэдэд халтай хуулиа өмгөөлөв

img

Татварын өршөөлийн тухай хуулийг 2008 онд баталснаар аж ахуйн нэгжүүд орлогоо ил гаргах, өртэй бол барагдуулах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч зарим аж ахуйн нэгжүүд нь иргэдэд хохирол учруулсан юм. Тэдгээр хүмүүс аж ахуйн нэгжүүдэд ажиллах явцдаа сар тутамд нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувийн татвар төлж байсан ч Өршөөлийн хуульд хамрагдсанаар зарим иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг компаниуд төлөөгүй байсан дутагдал зөрчил гаргажээ. Бараг 800-гаад сая төгрөгийн хохирол байгаа аж. Тэдний дунд тэтгэврээ ч авч чадаагүй хүн байсан байна. Энэ мэтээр хохирсон иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан аж. Харин Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарчээ. Энэ асуудалтай холбоо бүхий 1600 гаруй аж ахуйн нэгж байгаа гэнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээс 10 гаруй хувийнх нь эзэн, холбогдогч тодорхойгүй болжээ. Мөн дампуурлаа зарласан нь ч байна. Гэвч Төсвийн байнгын хорооны гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Ийнхүү жирийн иргэдийг хохироосон  гэж үзсэн Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ