Хүннү кино театрт "Марко Поло"-г үзүүлнэ

Нетфликс компанийн бүтээл Марко Поло киноны нэгдүгээр бүлгийн 1, 2 дугаар ангийг Хүннү кино театрт үзүүлэхээр болжээ. Монголын эзэнт гүрэн, Хубилай хаан Хятадыг эзлэсэн тухай адал явдлыг XIII зууны алдарт аялагч Марко Пологийн нүдээр үзүүлсэн "Марко Поло" олон ангит киноны эхний бүлгийн 1, 2 дугаар ангийг гуравдугаар сарын 26 буюу ирэх пүрэв гаригт Хүннү кино театрт үзүүлнэ.
ы
Уг арга хэмжээнд тус киног бүтээгч, зохиолч Жон Фуско, найруулагч Ден Минахан болон ерөнхий менежер Ричард Шарки нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулж, бидний сонирхсон асуултад хариулах юм байна. Киног бүтээгчдийн зүгээс Марко Поло олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалтад Монгол жүжигчдийг болон Монголчуудыг олны хэсэгт түлхүү оруулахыг хичээж байгаа аж. Тиймээс киноны уран бүтээлчид Холливудаас Улаанбаатарт ирж, Марко Поло киног албан ёсоор монголчуудад танилцуулахаар болжээ.
ы
Монголын түүхийн алдаа оноо, сэргэн мандалтыг харуулсан Марко Поло олон ангит кинонд дүр бүтээж, монгол хүний авьяас билэг, өвөрмөц дүр төрхийг дэлхий нийтэд харуулсан жүжигчин Б.Амарсайхан нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр "Арвайн үндэс", Скай Лоунж болон Юник Дизайн компаниудтай хамтран зохион байгуулж буй юм байна. Уг арга хэмжээнд зөвхөн урилгаар улс төр, урлаг соёл, бизнес, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцох аж.
Хубилай хааныг Хятад хүн, Монгол бол Хятадын нэг үндэстэн байсан зэргээр Монголын түүхийг гуйвуулдаг, буруу мэдээлэл түгээдэг явдалд Марко Поло ОАК Хубилай хаан бол Монгол хүн, Юан гүрэн бол Монголын эзэнт гүрэн юм гэдгийг ойлгомжтойгоор харуулж, тодорхой хариулт өгсөн билээ. Мөн кинонд Монгол хэлээр арын дуу оруулалт хийж, гадны жүжигчид Монгол нэрийг зөв дуудах зэргээр Монгол хэл ямар байдгийг харуулахаас эхлээд, Алтан Ураг хамтлагын бүтээлийг киноны хөгжимд ашигласан ба монгол соёл ахуйг нээн үзүүлсэн.
бы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ