Урьдчилгааг бус үнийг бууруулъя

Эдийн засгийн хүндрэл, валютын ханшны өсөлтийг үл харгалзан цаг хугацаатай уралдан ажиллах өдрүүд ирлээ. Хаврын улиралд бүтээн байгуулалт тэр дундаа барилга, уул уурхай, газар тариалангийн ажил ид өрнөдөг. Их ажлын өмнө бэлтгэлээ хангах, борлуулалтаа нэмэгдүүлэх гээд зохицуулах арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч байх шиг байна.
.
Тариаланчдад тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор үр тариа, шатахууны тодорхой хувьд урьдчилгаа зээл олгож байгаа бол уул уурхайн компаниудын хувьд Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулан баталснаар өмнөх лицензээ дахин сэргээж, ажилдаа шуурхайлан орох хууль эрхзүйн орчин бүрдсэн. Харин барилгын салбарынхны хувьд ажлаа эхлүүлэхийн өмнөхөн Засгийн газарт шаардлага хүргүүлж, санал тавьж байна лээ. Зөвхөн салбарынхан ч бус МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-оос БХБ-ын сайд Д.Цогтбаатарт тодорхой санал, шаардлага хүргүүлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор банкууд ипотекийн зээлийн шалгуураа өндөрсгөн, иргэд зээл авахад хүндрэлтэй болсон. 30 хувийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлсэн ч барьцаа, хамтран зээлдэгч, цалингийн хэмжээ гэх зэрэгт банкууд өндөр шаардлага тавьж байгаа.
.
МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ гээд гурван салбараас санал шаардлага хүргүүлсэн гэхэд хачирхалтай зүйл ажиглагдаж байсан. Учир нь БХБ-ын сайдад гардуулсан санал, шаардлагад банкуудын шалгуур, иргэдийн хэрэглээг эс тооцон зөвхөн барилгын салбарт тулгамдсан, тулгамдаж болзошгүй асуудлыг хөндсөн байна лээ. Жишээлбэл, “Нэгэнт баригдаж улсын комисс хүлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх”-ийг санал болгожээ. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлөх бэл бэлчин, боломжтой дундаж өрх ховорхон байгаа нь үнэн. Судалгаагаар орон сууц худалдан авах бололцоотой бүлэг нь хэдийнэ дууссан гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
,
Ипотекийн зээл хэрэгжсэнээр барилгын салбар ч тэлэн хөгжиж, хүчээ авсан. Хэдийгээр Засгийн газар орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон буурууллаа гэхэд банк иргэдийн хооронд асуудал үүснэ. Учир нь иргэдийн зээлийн төлбөр нэмэгдэж, сарын орлого нь орон сууцны зээлээ төлөх банкны шалгуурт тэнцэхгүй. Өнөөдөр урьдчилгаа 30 хувиа төлөөд ч банкны шалгуурыг давахгүй гацаж байхад 10 хувийн урьдчилгаатай болгоход банкны шалгуурт тэнцэнэ гэдэг эргэлзээтэй. Арилжааны банкууд ч зээлийн эрсдлээ тооцно шүү дээ. Мөн дээрх шаардлагад ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80 м.кв-аар тогтоож байгааг 150 м.кв болгон нэмэгдүүлэх санал туссан байна лээ. Энэ нь бага орлоготой, дундаж давхрагынханд зориулагдсан ипотекийн зээлээс тэс хөндлөн санал. Бүр тодруулбал, шаардлага тавьж байгаа хүмүүс зөвхөн ашгийн төлөө л худалдан авалт, борлуулалтаа нэмэгдүүлэх гэжээ. Түүнээс бус нийгэмд чиглэсэн санал бус. Энэ нь нийгмийн баян, ядуу давхрагын заагийг улам нь тодосгох заалт ч гэж болохоор. Гэхдээ Засгийн газар нийгэмд чиглэсэн ипотекийн зээлдээ орон сууцны хэмжээг нэмэгдүүлэх саналыг хүлээж авахгүй л болов уу гэж найдна.
1
Цаашлаад үүнээс үүдэх бас нэг асуудал нь орон сууцны үнэ нэмэгдэх магадлалтай. Худалдан авалт муу, эрэлтгүй шахам байсан орон сууцны үнийг хөөсрүүлэхэд ипотекийн зээл нөлөөлсөн. Хэрвээ 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, төр, засгаас тодорхой зохицуулалтайгаар ипотекийн зээлд өөрчлөлт оруулвал орон сууцны үнэ дахин нэмэгдэнэ. Хэдийгээр барилгын салбарынхан “тэр үед орон сууцны эрэлт их, нийлүүлэлт бага байсан. Харин одоо нийлүүлэлт ихэссэн” гэж байгаа ч орон сууцны үнийг бууруулах биш өсгөхөд бизнес ухаан явж байгаа биз.
1
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 болгон бууруулъя гэвэл орон сууцны үнийг ч тэр хэмжээгээр бууруулчих. Учир нь иргэд, банкны хооронд асуудал үүсэхгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БХБ-ын сайд Д.Цогтбаатар дээрх саналыг танилцуулах байх. Барилгын салбарынхны эрх ашгийг хөндсөн энэ саналд Засгийн газар ямар шийдэл гаргах бол. Орон сууцны үнэ өмнөх жил, саруудаасаа бага ч гэсэн хувиар буурч байгаа статистик дүн мэдээ гарсан. Энэ үнийн бууралт ирэх сард ч үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна лээ. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах санал нь зах зээлийн хуулиар буурч байгаа орон сууцны үнийг дахин хөөсрүүлэх ч магадлалтай. Орон сууцны үнэ төлбөрт улс төржилт битгий орчихоосой. Улс төржилт шургах л юм бол зах зээлийн ханш салхинд хийсчихнэ.
1
Хэрвээ орон сууцны худалдан авалт буурч, барилгын салбарт хүндрэл учрах гээд байгаа бол яагаад орон сууцны үнийн хөөсийг дарж болохгүй гэж. Харамсалтай нь үүнийг барилгын салбарынхан зөвшөөрөх байтугай хүсэх ч үгүй байна. Гэхдээ л иргэд урьдчилгаа төлбөрийг бус орон сууцны үнийг л буурахыг хүлээж байгаа шүү дээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ