УИХ-ын сонгуулийн хуульд иргэдийн саналыг гээгдүүлэхгүйн тулд ялалт байгуулаагүй нам, гишүүний авсан саналын хувийг бусдад нь хуваана гэсэн заалт бий. Үүнийг гишүүд олон янзаар тайлбарлаж байна. Мажоритари буюу 48 суудлын төлөө 26 тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч 28 хувийн санал авч чадаагүй бол тухай саналыг нь ялалт байгуулсан нэр дэвшигчдэд хувааж өгнө. Ингэснээр сонгогчдын санал гээгдэхгүй юм гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл нэг хэсэг нь үүнийг арай өөрөөр буюу пропорционалиар намын рейтингээр жагсаахад 5 хувьд хүрэхгүй буюу 1 эсвэл 0 хувьтай санал авсан намын саналыг бусад намуудад нь хуваах гэнэ. Олон улсад ийм жишиг байдаг юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунтай ярилцлаа.
-Сонгуулийн хууль шинэ он гарангуут хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд сонгогчид шинэ хуулийн талаар ойлголтгүй явж байна. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүд нь шинэ хуулиа өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байгаа нь төөрөгдөл үүсгээд байна. Тухайлбал, мажоритари буюу тойрогт өрсөлдөөд унасан нэр дэвшигчийн авсан саналыг ялалт байгуулсан хүнд нь хувааж өгнө гэх мэт?
-Мажоритариар тойрогт нэр дэвшиж байгаа улстөрч өмнөх шигээ хамгийн өндөр хувийн санал авснаараа эрэмбэлэгдээд мандатынхаа тоогоор парламентад орж ирнэ. Хоёр мандаттай Дорнод аймагт 15 хүн нэр дэвшлээ гэхэд хамгийн их санал авсан хоёр нь ялалт байгуулна гэсэн үг. Түүнээс биш ялалт байгуулж чадаагүй нэр дэвшигчийнхээ авсан саналыг хуваана гэсэн ойлголт энд байхгүй.
Харин намын жагсаалтаар санал хураалтын дүн гарахад босго 5 хувиас доош санал авсан улстөрийн намын саналыг хуваах юм. Тухайлбал, хоёр, гурван намын санал нийлээд нэг суудлын хувьд хүрч болно. Тэр хувийг орхигдуулахгүй, иргэдийн саналыг гээгдүүлэхгүйн тулд 5 хувиас дээш хувийн санал авсан намуудад хуваарилдаг систем байдаг юм. Пропорциональ системтэй, улстөрийн намын босготой улс орнуудад ашигладаг жишиг.
-Тэгэхээр сонгуулийн хуулийг гишүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байгаа нь хууль батлалцсан гишүүд бүрэн ойлголтгүй, хуулиа сайн уншаагүй гэж ойлгож болох уу?
-Ер нь УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн, гэрийн даалгавраа хийдэг гишүүд бүрэн ойлгож байгаа байх. Хэвлэл мэдээллийн байгууллага иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхгүй, буруу зөв тайлбарлавал нөгөө үймээн, эсэргүүцэл өрнөнө. 2008 оны сонгуулийг пропорционалиар дүгнэсэн бол улстөрийн намууд хэдэн суудалтай байх байсан бэ гэдэг судалгааг хийсэн байсан.
Тэр судалгаагаар манай нам доод тал нь дөрөв, З.Алтай, Д.Энхбат гишүүнтэй нийлбэл бараг бүлэг байгуулах хэмжээнд хүрчих байсан юм билээ. Нөгөө хоёр нам их ойролцоо суудал авахаар гарсан байсан.
-Шинэ хуулиар парламентад орж ирэх гурав дахь хүчний тоо нэмэгдэнэ гэж та бодож байна уу. Тийм боломж харагдаж байна уу?
-Ер нь нэмэгдэх боломжтой. Хууль тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хамгийн гол нь эрх барьж байгаа хоёр намд иргэдийн итгэх итгэл урьд хожид байгаагүйгээр буурсан байна гэдэг нь сүүлийн үеийн судалгаануудаар харагдаж байна. Дэлхий дахинд өрнөж байгаа үйл явцыг харахад ганцхан сонгууль гэлтгүй төр засаг, бизнесмэнүүдэд итгэх ард түмний итгэл буурч байна. Ард түмний итгэлийг яаж эргүүлж олж авах вэ гэсэн асуудал Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд чухал болоод байна.
Тиймээс улстөрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн ч тэр дор дороо хичээх хэрэгтэй. Ард түмнийхээ итгэлийг алдана гэдэг нийгэмд хор уршигтай. 2012 оноос нэг нэгэндээ итгэх итгэл нэмэгдээсэй, улс төрийн намууд, бизнесийнхэнд итгэх итгэл нэмэгдээсэй гэж бодож байна.
Үүний төлөө хичээж, хариуцлагатай, шударга ажиллах хэрэгтэй гэж болж байна. Мөн хэнд саналаа өгөхөө мэдэхгүй, санал өгөхгүй гэж байгаа хэсэг бүлэг ч бий болоод байна. Энэ бүгдийг эрх баригчид, парламент анхааралдаа авч ажиллах ёстой.
-Сүүлийн үед ИЗН АН-тай эвсэж сонгуульд орох тодорхой боллоо гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаархи яриа хэлэлцээр эхэлсэн гэсэн үг үү?
-Намын даргын хувьд хэлэхэд АН-тай эвсэх тухай яриа хэлэлцээр албан болон албан бусаар эхлээгүй байна. Эвсэх нэгдэх саналыг АН тавиагүй, бид ч тавиагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН, Ногоон нам ч АН-тай хамтраад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжээд ажилласан. Тухайн үеийн гэрээнд 2012 оны сонгуульд хамтарч ажиллахыг эрмэлзэнэ гэсэн үг бий. Гэхдээ албан ёсоор ажлын хэсэг байгуулагдаад яриа хэлэлцээрт орсон зүйл байхгүй.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ