“Монгол Азийн орнуудаас өсөлтөөрөө хоцорно”

Дээрх дүгнэлтийг Азийн хөгжлийн банкны жил тутмын эдийн засгийн “Азийн хөгжлийн төлөв-2015” тайланд тусгажээ. Уг тайлангаар Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2015 онд 3 хувь болж саарна хэмээн таамагласан байна. Энэ нь инфляци, төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай гэнэ. Харин 2016 онд эдийн засгийн өсөлтийг 5 хувь болж нэмэгдэх боломжтой гэж үзжээ. Эдийн засгийн нэмэгдсэн энэ хувь нь гадаад орчин тогтвортой байж, 2015 онд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн үндэслэлээр урьдчилан тооцсон аж.
Инфляци харьцангуй тогтвортой байх ч гадаад тэнцлийн алдагдал үргэлжилсэн хэвээр байх гэнэ. Эдийн засаг 2014 онд 7.8 хувиар өссөн. Үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, уламжлал болон уламжлалт бус арга хэлбэрээр мөнгөний бодлого чангатгасан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлжээ. Нийлүүлэлт талаасаа уул уурхай 24.2 буюу өндөр өсөлттэй гарсан байна. Харин бусад аж үйлдвэрийн салбар өсөлтгүй гарчээ. Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд 14.4 хувийн өсөлттэй гарчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дуусч, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь нөлөөлсөн гэж үзжээ. Харин эдийн засгийн өсөлтөд экспорт эергээр нөлөөлсөн байна. Экспорт бодит өртгөөрөө 51 хувиар өсчээ. Энэ нь Оюутолгойн эхний шатны үйл ажиллагаа эхэлж, жилийн турш үйл ажиллагаа явуулан, алт, зэсний экспортод өндөр хувиар нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Инфляци өнгөрсөн онд харьцангуй өндөр гарсан байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал буурахгүй байгааг тайланд тусгажээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ч мөн төлбөрийн тэнцлийн алдагдал санаа зовоож байгааг саяхан хийсэн мэдээлэлдээ дурдаж байсан. Урсгал тэнцлийг нөхөж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, 500 сая ам.долларын түвшинд хүрсэнтэй үүнийг холбон тайлбарлаж байна. Ерөнхий тэнцэл буурахгүй байгаагаас шалтгаалаад гадаад валютын нөөц ч шавхагдах талтай аж. 2012 оны эцэст 4.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нөөцтэй байсан бол 2014 онд 1.6 тэрбум ам.доллар болж 3 дахин буурчээ. Гадаадын валютыг дэмжихэд богино хугацаатай гаднын эх үүсвэрийг их хэмжээгээр ашиглаж байгаад АХБ шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнд Төв банкнаас БНХАУ-ын Ардын банктай хэрэгжүүлсэн хэлцлийн дүнд бий болсон богино хугацааны гадаад өглөг Чингис бондтой дүйцэхүйц хэмжээтэй болсон гэж байсан юм. Гадаад валютын нөөц багасч, ерөнхий тэнцэл алдагдалтай байгаа нь төгрөгийн ханшид нөлөөлжээ.
Харин Ази тивийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт, түүхий эд, таваарын бүтээгдэхүүний доогуур үнэ, голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн сэргэлт 2015-2016 онд сайн хэвээр байх болно гэдгийг уг тайланд онцолжээ. Аж үйлдвэржсэн орнуудын өсөлтийг АНУ манлайлах төлөвтэй гарчээ. Азийн орнуудаас Япон, Энэтхэг, Хятад зэрэг орнуудын эдийн засаг ирэх жилүүдэд сэргэсэн үзүүлэлтэй байна.
Төв банкны гадаад өглөгийг оролцуулан төрийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 2010 онд 31 хувь байсан бол өнгөрсөн онд 77.4 хувиар болж өссөн бол нэгтгэж тооцсон төсвийн алдагдал өнгөрсөн онд дээд хэмжээнд буюу ДНБ-ий 11.5 хувьд хүрсэн байна. Тиймээс цаашид өрийн удирдлагыг сайжруулах, ялангуяа эдийн засгийн үндсэн салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулах төслүүдэд зарцуулдаг болох шаардлагатай аж. “Монгол Улсын Засгийн газар ажлын байр бий болгодог аж үйлдвэрийн үндсэн салбарууддаа бус уул уурхайд хэт найдвар тавьсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн”-ийг Азийн хөгжлийн банкныхан онцолж байлаа. Учир нь уул уурхай ажлын байрыг тогтвортой бий болгохгүй, үйлдвэржилт дагаж ажлын байр бий болж, иргэд тогтмол орлоготой байдаг аж.
Үүнээс гадна 2017 оноос Чингис бондын зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Тиймээс зээлийн эргэн төлөлтөд бэлтгэх нь чухал гэдгийг анхааруулсан байна. Эдийн засгийн өсөлтийг тогтмолжуулж, ажлын байр бий болгох зорилгод үндсэн хөрөнгө ихээр шаарддаг уул уурхайн саблар төдийлөн хувь нэмэр оруулахгүй, олон тулгуур эдийн засгийг цогцлоох хэрэгтэйг зөвлөжээ.
Тиймээс ирэх өдрүүдэд “Оюутолгой”-н хоёр дахь хөрөнгө оруулалт, “Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлж төслийг эхлүүлэх, төмөр зам барих зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай ч эдийн засгийн өсөлтийг тогтоон барьдаг ЖДҮ-ийн төсөл дээр түлхүү ач холбогдол хэрэгтэй аж. Уг нь ч Шинэчлэлийн засгийн газрын үед өнгөрсөн оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарлаж, 888 төсөл арга хэмжээнд хөнгөлөлтэй зээл олгосон. Харин үр дүн нь хаана байна вэ, эдийн засгийн өсөлтөөрөө ирэх жилүүдэд Азиас хоцрох гээд байна, бид. Эдүгээ ЖДҮ-ийн төслийн хэрэгжилтийг дүгнэж, үргэлжлүүлэх хэрэгжүүлэх цаг болжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ