Цусны хорт хавдраар жилдээ 20-25 хүүхэд оношлогдож байна
Хавдрын өвчлөл залуужсаар байна. Дорнод аймгийн иргэн Ц. Улиана бидэнд хандсан юм. Түүний хамгийн бага хүү нь 4 настай. 2 жилийн өмнө цусны хорт хавдраар өвчилжээ. Дэгж, дэрвэж явах насандаа цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа энэ хүүг Отгонжаргал гэдэг. 2 жилийн өмнөөс эхлэн хүүгийн хүзүү болон цавины булчирхай нь цочиж, удаан хугацаагаар өндөр халуурч, хөл гар нь өвдөж, уйлагнаад байхаар нь аав ээж нь эмчид үзүүлжээ.
Дорнод аймгаас Улаанбаатарыг зорьж, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд шинжилгээ өгтөл цусны хорт хавдраар өвчилсөн гэж оношлогджээ. Цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлж, хавдрын эсрэг химийн эмчилгээнд оруулсан байна. Гэтэл эмчилгээ хийгдсэнээс хойш жил гаруйн дараа өвчин нь дахин сэдэрсэн юм байна.
Ингээд дахиад л өндөр тунгийн химийн эмчилгээг өнөөдрийг хүртэл хийлгэж байна. У. Отгонжаргал хүүгийн хувьд гадаад орныг зорьж, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл амьд үлдэх магадлалтай байгаа. Эмчилгээний зардалд 70 сая төгрөг хэрэгтэй байгаа юм байна. У.Отгонжаргалын хувьд удаан хугацаанд химийн эмчилгээ хийлгэж байгаа учраас толгойны үс нь халзарч, хэт их таргалжээ. 2 жилийн хугацаанд байх ёстой жингээсээ 7 кг нэмсэн байна. Хүүг гаднаас нь харахад ямар ч хүнд эрүүл хүүхэд шиг харагдана.
Гэвч түүнд өвддөг зүйл олон байгаа гэж аав, ээж нь хэлж байсан юм. Цусны хорт хавдрын өвчнөө эмчлүүлэхийн тулд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох хэрэгтэй. Урд хөршөд энэ төрлийн хагалгааг 400 мянган юань буюу 80 сая төгрөгөөр хийдэг юм байна. Эмчилгээний зардалд хэрэглэх гэж Отгонжаргалын аав ээж, эгч, ах дүү нарынх нь цуглуулсан мөнгө 10 саяд хүрсэн байна. Гэвч цаана нь 70 сая төгрөг хэрэгтэй байгаа учраас Монголын ард түмнээсээ хандив хүсэж байгаа аж. 70 мянган хүн мянга, мянган төгрөг цуглуулахад л түүний эмчилгээний зардал бүрдэж, түүний ирээдүйд та бид амьдрал бэлэглэж болохоор байна. Хандивын данс нь : Хаан банк 540 538 9794 юм байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ