
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлт болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүд хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүдийн ирц шинэ оны эхний хуралдаанд нэлээд сайн байсан юм.
Татварын өршөөлийн тухай хуулийг 2008 онд баталснаар аж ахуйн нэгжүүд орлогоо ил гаргах, өртэй бол барагдуулах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч зарим аж ахуйн нэгжүүд нь иргэдэд хохирол учруулсан юм байна.

Тэдгээр хүмүүс аж ахуйн нэгжүүдэд ажиллах явцдаа сар тутамд нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувийн татвар төлж байсан ч Өршөөлийн хуульд хамрагдсанаар зарим иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг компаниуд төлөөгүй байсан дутагдал зөрчил гаргажээ. Бараг 800-гаад сая төгрөгийн хохирол байгаа аж. Тэдний дунд тэтгэврээ ч авч чадаагүй хүн байсан байна. Энэ мэтээр хохирсон иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан аж.
Харин Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарчээ. Энэ асуудалтай холбоо бүхий 1600 гаруй аж ахуйн нэгж байгаа гэнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээс 10 гаруй хувийнх нь эзэн, холбогдогч тодорхойгүй болжээ. Мөн дампуурлаа зарласан нь ч байна.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ч.Улаан, Ц.Сэдванчиг, Д.Загджав, С.Баярцогт нарын олон гишүүн өөр өөрсдийн санал бодлоо хэлсэн бөгөөд эцэст нь Төсвийн байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй юм.

Түүнчлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-аас өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийг баталсан боловч чухам хаанаас өгөх талаар тусгайлан зааж өгөөгүйгээс оюутнуудын хувьд шинэ оны 1-р сараас эхлэн 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах эрх хараахан үүсэхгүй байгаа юм байна.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөлд сургалтын төрийн сангаас оюутнуудад сар тутамд 70 мянган төгрөг олгохоор заасан бөгөөд үүнийг хэлэлцэн баталсны дараа нь Засгийн газраас мөн журам гаргах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ