Бороо сэтгэл угаадаггүй

“Бороо орж байна” гэж бие биендээ хэлэх хэн нэгнийхээ тайвширсан дуугаар энэ өглөөг угтацгаалаа. Маш их тортогтой манан сарних шиг санагдлаа гэж уран сайхны мэдрэмжтэй нэг нөхөр маань хэлж байна. Дунджаар 32.5 км цагийн хурдтайгаар анхны бороон дуслууд буулаа. Хурдыг нь өглөө хэмжиж үзсэн юм биш л дээ. Цаг уур судлаач нөхөр маань хэлсэн юм. Нэг цаг бороо ороход дунджаар 50.5 сая литр ус газарт буудаг гэсэн тооцооллыг барьж яривал урьд шөнийн цас бороо харамгүй хурыг газар шороонд минь шингээлээ.
“Өглөө гэрээсээ гараад ирсэн нил ус. Зам гарах гэж хөглөж өглөө” гэх нь анхны бороог угтах хотын бидний нэг зураглал юм даа. Уудам хөдөө талд ямар байгааг хэлж чадахгүй ч зарим газар нь цас хэвээрээ буусан байх. Хотын бидэнд бол жилд нэг удаа мэдэрдэг анхны борооны мэдрэмж энэ өглөөгөө даалаа. Өдрөө ч даах байх.
Бөөн бөөн бөглөрөөндөө, төвөг чирэгдэл ихтэй, түлхэлцэж амьдрах мэт санагдавч бид чинь нэг хотын амь нэгтэй хүмүүс гэдгээ бид эхний цас, анхны бороо орох мэтийн ийм нэг өвөрмөц мэдрэмжээс ухаардаг нь сонин. Анхны бороо орсон өглөө ажлын хамт олонд хамгийн дуугай гэгдэх нэгэн ч “нээрээ гадаа гоё байна” гэж хэлэхэд л бороо сэтгэл угаадаггүй ч сэргээж чаддаг гэдгийг бид мэдэрнэ. Энэ өдөр ямар нэг баяр, ойн баяр улсын амралт тохиогоогүй. Гэхдээ хүмүүс нэг өөр болсон мэт.
Гундуу яваа нэгэн ирж яваа цагийг мэдэрч, амьдрал дандаа л нэг хэвийн байхгүйг ухаарах нь энэ борооны ид шид. Ямар нэг дугаарын хязгаарлалт, ятгалга сурталчилгаагүйгээр хүмүүсийг хэдэн буудал алхуулж чадаж байгаа нь энэ анхны борооны өвөрмөц нөлөөлөл.
“Өнөөдөр л хайраа илчлэе” гэж романтик хүү цэцэг авахаар алхаж, “өнөөдрөөс өөрөөр амьдаръя” гэж хэн нэг нь эргэлт хийх шийдвэр гаргаж байгаа нь энэ борооны үл харагдах хүч энерги. Дараагийн борооноос энэ бүх мэдрэмж хумигдаж бид анхны цас орох хүртэл нэгэн хэмнэлд хэсэг эргэнэ. Тэгээд дараагийн бороогоо хүлээдэг гэцгээдэг.
“Танайх 4 улиралтай гоё юм аа. Нэг жил дөрвөн өөр цаг үед шилжиж байгаа юм шиг. Амьдралыг сонирхолтой болгох юм” гэж жилийн 360 хоног халз дээрээс нь нар нэвт шарах халуун оронд амьдрах Вьетнам эмэгтэй нэгэнтэй хэлж байсныг санаж байна. Наранд даашинз цамц, бороонд цувтай гангарахаас өөр сонголтгүй тэдний хажууд жил бүр эхний цас орох, анхны бороо шиврэхийг мэдэрч шинэ итгэл, урам зоригийг хөх тэнгэрээсээ авч байдаг бид азтай юм.
Дөрвөн цагийн талдаа, дөрвөн улиралдаа гангарах миний монголчууд сэтгэл жоохон гундуу байгаа бол энэ борооноор гадаа жаахан алхаарай. Ам.долларын ханш дээд цэгтээ тулж, амьдрах өртөг өслөө л гэнэ. Тэр муу “ногоон” бүхэнд таалагдаж хэтэвчинд нөлөөлөх ч амьдралыг минь бүхлээр нь залж, итгэлийг мохоох зүйл биш шүү дээ.
Шивэрч л байг бороо юм чинь. “Яана даа” гэж ярьж л байг зарим нь. Амьд байх, амьдрах сайхаан гэдгийг мэдрээд анхны бороонд нэг алхчих. Харин болохгүй, бүтэхгүйн манант бороог бодолдоо шиврүүлэх хэрэггүй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ