Гал сөрсөн шонхрууд

...Хором хугацаатай уралдаж
Халуун галтай өрсөлдсөн
Гал сөнөөгчид бид... Аврах, гал унтраах 26 дугаар ангийн нэгдүгээр салааны аврагч, гал сөнөөгчид оройн тооны жагсаалд ийнхүү хоолой нийлүүлэн дуулна. Энэ амгалан орой тэдний хөл нийлсэн цэрэг алхаа, үе үехэн исгэрэх сэр сэр салхины чимээ л тодоос тод сонсогдох. Гэтэл хэдэн хормын дараа нөгөө тайван, намуухан байдал түгшүүрийн хонхны чийртэй дуу, “хурдлаарай, аюул, аюул...” гэх шиг улаан, ногоон гэрлийн анивчилт, дуудлага хүлээн авагч эмэгтэйн хурдан, хурдан яриа, галын машины дохио хангинах, аврагчдын яаран гүйлдэх түгшүүртэй чимээгээр солигдов.
Гэхдээ энэ бүхэн нэг минут ч хүрэхгүй хугацаанд өрнөж, аврагч, гал сөнөөгчид машиндаа сууж гал гарсан газрыг зорилоо. Завсаргүй дуугарах богино долгионы станц, галын машины дуут дохио, чанга яригчаар “нэгдүгээр эгнээг чөлөөл, баруун гар тал руугаа шахаад өг...” гэх яаруу үгс, урсгал сөрсөн замын хөдөлгөөн, гал тархаагүй байгаасай, хүн өртөөгүй байгаасай, хурдан унтраачих юмсан гэсэн хүсэл. “Шатаж байна” гэдэг дуудлага авсан хясал.
Гэхдээ энэ бүхэн нэг минут ч хүрэхгүй хугацаанд өрнөж, аврагч, гал сөнөөгчид машиндаа сууж гал гарсан газрыг зорилоо. Завсаргүй дуугарах богино долгионы станц, галын машины дуут дохио, чанга яригчаар “нэгдүгээр эгнээг чөлөөл, баруун гар тал руугаа шахаад өг...” гэх яаруу үгс, урсгал сөрсөн замын хөдөлгөөн, гал тархаагүй байгаасай, хүн өртөөгүй байгаасай, хурдан унтраачих юмсан гэсэн хүсэл. “Шатаж байна” гэдэг дуудлага авсан хясал.
Дуудлагын дагуу СХД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт очив. Хуучирч муудсан банзан хашаанд шагайгаар татсан шалбааг дунд будаг нь арилж, шавар нь халцарсан жижигхэн байшинтай айл. Аз болоход гал байшин руу ороогүй байлаа. Тэдний бас миний сэтгэл амарлаа. Үүргээ гүйцэтгээд буцах замд аврагчид “буу хална”. Ажлынхаа тухай, амьдралын талаар. “Энэ айлын хүн кабель шатааж, зэс гаргаж авахаар анх гал үүсгэсэн бололтой. Манай монголчуудын нэгхэн хэсэг нь баяжаад, бусад нь хэцүүхэн амьдарч байна даа. Гал гарахгүй, тайван байвал сайхан. Гэр, эд хөрөнгө нь шатаж байгаа хүн ямар хэцүү байдаг гээч. Өрөвдмөөр шүү дээ” гэж ярих өр халуун сэтгэл. Аврагч, гал сөнөөгчдийн хурдан шалмаг хөдөлгөөн, нэг хүн шиг багийн ажиллагааг харахад тус ангийн захирагчийнх нь хэлсэн “Аврагч, гал сөнөөгч бол залуу, сийрэг толгойтой хүний хийх ажил. Манай хамт олон сайн шүү” гэсэн үг санаанд бууна.
Анх удаа галын дуудлагад аврагчидтай хамт явж, халуун цэгээс амьд сурвалжлага бэлтгэхийг зорьсон бидэнд сонин бас сэтгэл үймрүүлсэн адал явдал. Харин тэдний ажил, амьдрал. Бахархалтай бас өрөвдмөөр.
Аврагч, гал сөнөөгчид ангийнхаа гадна талд машинаа зогсоогоод үүрэг гүйцэтгэж шавар туулсан машин, шавхай туучсан гутлаа угаана. Ийм ажилд өдөр, шөнө, өглөө, үдэш хамаагүй. Хэзээд бүгд цэвэрхэн байх ёстой гэсэн дүрэмтэй.
Энэ үед тэднийг оройн тоондоо жагсч байхад нь“Бахархалтай, сайхан ч тун эрсдэлтэй алба. Одоо дуулаад алхаж байгаа ч дараа нь юу болохыг мэдэхийн аргагүй. Аюул ослын дуудлагад яваад эргэж ирэхгүй байж ч...” гэж бодож байснаа санав.
Энэ үед тэднийг оройн тоондоо жагсч байхад нь“Бахархалтай, сайхан ч тун эрсдэлтэй алба. Одоо дуулаад алхаж байгаа ч дараа нь юу болохыг мэдэхийн аргагүй. Аюул ослын дуудлагад яваад эргэж ирэхгүй байж ч...” гэж бодож байснаа санав.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар анги тэртээ 1960 онд Сайд нарын зөвлөлийн 60 дугаар тогтоолоор Мах, гурилын гал унтраах анги нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улсын Онцгой байдлын салбарт 55 жилийн түүхийг бичсэн энэ анги өдгөө 62 албан хаагчтай. Ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Ц.Өнөрбат “Бид СХД-ийн нутаг дэвсгэр болон БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан гал түймэр, гамшиг, осол, зуд болоход ажиллах үүрэгтэй. Манай албан хаагчид үүргээ сайн гүйцэтгэж байна. Мөн урлаг, спорт, марш тактик, гал унтраах техникийн олон төрөлт тэмцээн уралдаанд ямагт амжилттай оролцдог” гэж магтсан.
Аврах, гал унтраах 26 дугаар анги багагүй ачаалалтай ажилладаг ангиудын нэг. Энэ нь хүн ам, гэр хорооллын өрх олонтой, шилжилт хөдөлгөөн ихтэй нутаг дэвсгэрийг хамардагтай нь холбоотой гэнэ. Өнгөрөгч онд нийслэлд 2600 орчим гал түймрийн дуудлага бүртгэгдсэний 400 гаруйд нь зөвхөн уг ангийн албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Тус анги дөрвөн салаатай. Энэ өдөр ахлах ахлагч Г.Эрдэнэсүх даргатай нэгдүгээр салааны алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн юм.
Ангид тогооч, үйлчлэгч байхгүй. Алба хаагчид мөнгөө нийлүүлэн хүнсээ цуглуулж, хоолоо хийж иднэ. Хамгийн сайн хоол хийдэг нь тэр салааны “Жангум”, зарим нь туслах тогооч болдог аж. Мөн бүх цэвэрлэгээгээ өөрсдөө хийнэ. Тавиулан /гарааш/-ийн шал угаах, машин угаах, гал тогоонд аяга, таваг угаах хүртэл ээлжтэй. Ангийн үүдний харуулын үүргийг ч цаг, цагаар солигдон хүн бүр гүйцэтгэнэ. Дараагийн ээлж солигдоход бүгдийг дутаалгүй, цэвэрхэн хүлээлгэж өгөх ёстой. Тангарагтай, тушаалтай, дэг журамтай бүл.
Энэ анги Японд үйлдвэрлэгдсэн автомашинууд, зориулалтын техник хэрэгсэлтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг техник хэрэгсэл зах, зухаасаа ирж байгаа. Өмнөх үеийг бодоход чанарт анхаардаг болж байна. Гал унтраах багаж, хэрэгслийн хувьд боломжийн гэж ангийн захирагч, дэд хурандаа Ц.Өнөрбат хэлж байсан. Гэхдээ зарим гамшиг осол дээр бор зүрхээрээ ажиллаж байгааг, усны аюул тулгарахад помп, хүрз, жоотуугаа аваад, усны гутал, байлдааны хувцсаа өмсөөд л гардгийг, газар хөдлөлт болж нуранги дээр ажиллахад хүрвэл хүрз, жоотуунаас өөр багажгүйг ч ярьсан.
Түүний хэлсэн ОХУ бол хүнээ л боддог юм билээ. Аврагч ч гэсэн хүн шүү дээ. Манайд хийе гэсэн сэтгэлтэй, чадвартай хүмүүс байгаа ч тоног төхөөрөмж жаахан дутмаг юм даа гэсэн үг нэгийг бодогдуулна.
Онцгой байдлын албаны цэнхэр хувцсыг өөртөө тааруулан урлуулж өмссөн зургаан настай хүү ангийн дотуур, гадуур гүйж, тоглох нь эгээтэй л бяцхан гал сөнөөгч шиг. Онцгой байдлын дэд хурандаа аавтай тэр хүү аврагч, гал сөнөөгч болох гэгээн мөрөөдөлтэй. Галын каск, машины цуглуулга нь 100 хол даваад байгаа гэсэн. Энэ хүү шиг дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэж, аав, ээжийнхээ, ахынхаа мэргэжлийг залгамжилж яваа албан хаагч олон байлаа.
Бусдын төлөө амь хайргүй зүтгэх тангарагтай эв эгэл хүмүүстэй ярьж суухад дандаа л ажлаа магтана. Олныхоо тусын тулд явдаг болохоор бахархалтай, сайхан гэж нэг жил ажиллаж байгаа нь, насаараа зүтгэж буй нь ч хэлнэ. Тэд гал унтраачихаад, аюул ослоос бусдыг аварчихаад буцах зам хамгийн сайхан гэж ярина. Өөрт адил зовлон тохиолдоод байсан ч бусдын төлөө тушаалтай нь хэцүү, хатуу санагдах. Хэдэн жилийн өмнө нэг албан хаагч өөрийн усанд автсан гэрээ орхиод, гамшгийн дуудлагад гарч байсныг ярьж өгсөн юм.
Бас зарим тохиолдолд иргэд өөрсдөө хүрз барьж гараад шуудуу татчихмаар зүйлд ч онцгой байдлыг дууддаг. Яахав бидний тэнд ажиллах хамаагүй гэж бодоход, бензин тос гээд улсын хөрөнгө, татвар төлөгчийн мөнгө урсаад байгааг ойлгох хэрэгтэй. Бид татвар төлөгчийн мөнгөөр ажиллаж, хувцаслаж байгаа. Тиймээс тэдэнд учирч байгаа хохирлыг багасгаснаар бидний ажил үнэлэгдэнэ гэх ухаалаг яриа ч өрнүүлсэн.
Өглөө өмнөх өдөр орсон бороо, цасны уршгаар СХД-ийн 18 дугаар хорооны хоёр байрны оршин суугчид гарч, орох нөхцөлгүй болсон дуудлага ирсэн юм. “26”-ийн тоотой шар каск, ажлын хувцастай аврагчид байрны гадна талд тогтсон шар усан дунд зогсч, нэг нь ядарсан уу эсвэл өөрт нь эвтэйхэн байсан болохоор тэр үү том чулуун дээр суугаад помпоор усыг соруулна. Тэд ирэлгүй жаахан удсан бол байрны оршин суугчдын гарч, орж чадахгүй асуудал хүндэрч, ойр хавийн цас хайлж шар ус байр руу орж аюул болох байжээ. Аврагчид 2 цаг 30 минутын турш 50 тн ус соруулж, усан дунд зогсов.
Орчлон тэр чигээрээ бэрхшээл байдаггүйтэй адил аврагч, гал сөнөөгчдөд ч амгалан цаг бий. Энэ үеэрээ аврах, гал унтраах бэлтгэлээ базаах, амралтын өрөөндөө ном унших, зурагт үзэх, хөл бөмбөг, сагс тоглох, бялдаржуулах дасгал хийх зэргээр чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг аж.
Хүнд туслаад хариуд нь “баярлалаа” гэдэг үг сонсох хамгийн сайхан гэж онцгой байдлын албанд олон жил зүтгэж яваа нэгэн хэлсэн. Харин түүнээс аврагч, гал сөнөөгчийн өнөөдрийн амьдралыг өнгө, будаггүйгээр хэлээч гэтэл “алтан дунд”, үүнээс жаахан дордох юм бол “муу” руу хальтирлаа гэсэн. Энд анхаарлын тэмдэг тавъя. Анхаарах, харах ёстой хүмүүс нь мэдэж аваг.
Хүнд туслаад хариуд нь “баярлалаа” гэдэг үг сонсох хамгийн сайхан гэж онцгой байдлын албанд олон жил зүтгэж яваа нэгэн хэлсэн. Харин түүнээс аврагч, гал сөнөөгчийн өнөөдрийн амьдралыг өнгө, будаггүйгээр хэлээч гэтэл “алтан дунд”, үүнээс жаахан дордох юм бол “муу” руу хальтирлаа гэсэн. Энд анхаарлын тэмдэг тавъя. Анхаарах, харах ёстой хүмүүс нь мэдэж аваг.
22:10:58 цагт ирсэн дуудлагын түгшүүрийн хонхны дуу чихэнд хоногшоод, хэзээ дахиж ийн дуугарах бол гэж бодсоор. Айдастай. Харин санасныг бодоход тайван шөнө өнгөрлөө. Аврах, гал унтраах 26 дугаар ангийн урдуурх төмөр зам дээгүүр наран сөргөө алхаж буй шуудай үүрсэн хүнийг сүүлээ эргүүлсэн шар халтар нохой даган шогшиж, дөнгөж ирж буй өглөөний амар амгаланг илтгэнэ. Өчигдөр өглөө 08:30 цагт ээлж хүлээж авсан нэгдүгээр салааны алба хаагчид энэ өглөө мөн цагт хоёрдугаар салаатай ээлж халалцлаа. Ээлжээс буусан алба хаагчид гэр рүүгээ яарч, халаа авсан онцгойгийнхон ажилдаа шамдан үлдэв. Бусдын зовлонтой өөрийн юм шиг тэмцдэг, хал үзсэн хөрслөг царай, хат суусан ухаалаг яриатай, аюул гамшиг тохиолдоход аранзаа үүрээд гарахад бэлэн 26 дугаар ангийн албан хаагчдын ажил, амьдрал ийм өнгөтэй аж.
Намайг гарсны дараа түгшүүрийн хонх хангинаж дуудлага ирсэн байж болзошгүй. Яг энэ цаг мөчид ч гал сөрөн тэмцэж байж магадгүй тэд. Төрийн соёмбоо тэргүүндээ залсан гал сөрсөн шонхруудын хийморь өөдөө байг.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ