“Шинэ үе” эргэн ирлээ

Урлагийн алтан тайзнаа уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ тэвэр тэврээр нь инээд бэлэглэж явсан нэгэн сайхан жүжигчин залуугаа холын замд үдсэнээс хойш бараг хоёр сар болжээ. Зуурдын тэр явдлаас хойш хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан хэсэгтээ чимээ сураг тасарсан. Тэгвэл тэд уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ.
Энэ талаар “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд ярихдаа “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна" гэлээ.
Тус хамтлагийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл “Хөгжилтэй өдөр” киноныхоо зураг авалтыг хийжээ. Тус киноны гол дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа болон талийгаач Т.Билгүүн нар тоглосон байна.
Инээдмийн төрөл жанраар хийгдсэн уг киноны нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 8-нд бүх кинотеатраар хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ кино нь тус продакшны дэлгэцийн тавь дахь уран бүтээл юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ