“ТВ коктейл” Холливуудад уригджээ

Өнөөдөр инээдмийн баяр. Үүнтэй холбогдуулан хошин урлагийнхан өнөөдрийг хэрхэн өнгөрүүлж буйг тодрууллаа.
“Маск”-ын М.Баярмагнай: Бэлгээ сонгож амжаагүй
-Шууд.мн сайтаас ярьж байна. Танд инээдмийн баярын мэнд хүргье. Өнөөдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх гэж байна?
-Баярлалаа. Эрхэм уншигч, үзэгчиддээ ч бас баярын мэндийг дэвшүүлье. Өнөөдөр манай хамтлагийнхан тоглолттой. Тоглолтоо тараад Заанаа ахын төрсөн өдрийг тэмдэглэнэ дээ.
-Төрсөн өдөрт өгөх бэлгээ авч амжав уу?
-Амжаагүй явна. Юу өгдөг юм билээ гэж бодоод л, замдаа явж байна.
-Нууц биш бол хаашаа явж байгаа юм бэ?
-Налайх руу явж байна. Казак түмэнтэйгээ очиж уулзая. Бас ажлаа амжуулж, Юнителийн рекламдаа тоглоё /инээв/. Орой үзэгчдийнхээ сэтгэлийг баястал, нүүрийг нь үрчийтэл инээлгэж баярлуулна даа.
“ТВ коктейл”-ын Н.Цэнд-Аюуш: “Хөгжилтэй гэр бүл” дэлгэцэнд гарна
-Танд инээдмийн баярын мэнд хүргье. Танай хамтлагаар сонин сайхан юу байна. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Өө, Баярлалаа. Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх нь одоогоор тодорхойгүй байна. Манай хамтлагийн залуус их завгүй байгаа. Холливудад уригдаж тоглохоор болсон. Мэдсэн биз дээ?
-Нээрээ юү?
-/инээв/ Дөрвөн сарын нэгэн байлаа.
-Монгол хүн амны бэлгээр гэдэг удахгүй Холливудад тоглох байхаа?
-Тийм шүү. Сониноос өнөөдрөөс эхлэн Боловсрол сувгаар манай хамтлагийн “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кино үзэгчдийн хүртээл болно. Эрхэм үзэгчдэд маань дуулгаад өгөөрэй.
“Эмоци”-ийн Б.Баатархүү: Тоглож болдоггүй тоглоом гэж бий
-Танай хамтлагийн хамт олонд баярын мэнд хүргье. Уран бүтээлийн сонин сайхнаасаа уншигчдад маань сонирхуулаач?
-Сонин ихтэй байна. Манай хамтлаг тун удахгүй “Тоглож болдоггүй тоглоом” уран бүтээлээ өргөн барих гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй хүмүүс л байна.
-Яагаад тоглолтоо “Тоглож болдоггүй тоглоом” гэж нэрлэсэн юм бэ?
-Яагаад гэдгийг үзэгчид маань тоглолтноос маань үзээсэй гэж хүсч байна. Хүний амьдралд тоглож болохгүй тоглоом зөндөө бий.
-Өнөөдөр хэр хуурагдаж байна?
-Одоогоор хууртагдаж амжаагүй л байна.
-Инээдмийн баярыг хэрхэн өнгөрүүлэх вэ?
-Манай хамтлагийнхан одоо 13 цагт шинэ тоглолтын дуугаа бичүүлнэ. Тэгэхээр энд л өнжих байх. Тараад юу болохыг би таашгүй /инээв/.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ