Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д албан ёсоор хүргүүлээгүй
Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулан сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ажлын хэсгийн бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахыг онцгойлон тэмдэглэжээ.
М.Энхсайхан:
“Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүдийг УИХ-аар хоёр долоо хоногийн дотор хэлэлцэхээр болсон билээ.
УИХ-ын Тамгын газрын www.parliament.mn сайтад 2015-04-06-ны өдөр нийтлэгдсэн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүд нь хэлэлцээний эхний шатанд /2015-01 сар/ талуудын саналуудыг хэлэлцэхийн тулд нэгтгэж, бичлэгт оруулсан техникийн баримт бичиг бөгөөд үүнийг УИХ-д албан ёсоор хүргүүлээгүй. Ийм баримт бичигт үндэслэн дүгнэлт хийхгүй байхыг хүсч байна.
Тавантолгой төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд интернет орчинд дээрх баримт бичгийн заалтуудыг хэсэгчлэн ташаа тайлбарлаж байгаа нь нийгэмд буруу ойлголт төрүүлж болзошгүй байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний талаархи нийгмийн буруу ойлголт нь хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, хэлэлцээ бүр мөсөн зогсох, улмаар төсөл амжилтгүй болох хүртэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул та бүхэн Ажлын хэсгийн албан ёсны бодит мэдээлэлтэй харьцаж ажиллахыг хүсч байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ