Нулимстай эхэлж, айдастай өрнөсөн кино нээлт инээдмээр төгслөө

"Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Киноны нээлтэд “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд, Ж.Оюундарь, СТА жүжигчин Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Х.Отгонтунгалаг зэрэг олон уран бүтээлчид оролцлоо.
-Түүний орон зай үгүйлэгдэж байв-
Киноны ерөнхий найруулагч Н.Ариунболд “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин одооноос бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Энэ удаагийн бүтээлд маань бүрлээч /Т.Билгүүн/ гол дүрд нь тоглосон. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд дүүгийн маань орон зай их үгүйлэгдэж байна. Гэвч тэнгэрээс талийгаач маань харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Иймд энэ киноны маань гол дүрд тоглосон бүрлээчийнхээ ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлье” гэж хэлээд тайзнаа гарсан уран бүтээлчдийн хамт ёслов.
Энэ үеэр тус кинонд уригдаж ирсэн уран бүтээлчид нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай байх нь анзаарагдлаа. Зарим нь бурхандаа залбирч зогссон юм.
Киноны эхлэхийн өмнө дуучин А cool, “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Лхагваа нар тус уран бүтээлийн дууг дуулж, олны сонорыг мялаав.
Н.Ариунболд: “Хөгжилтэй өдөр” олон зүйлыг туулж, үзэгчдээ хүрлээ
Энэ хооронд "Шинэ үе” продакшны захирал, “Хөгжилтэй өдөр” киноны найруулагч Н.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө шинэ киноны нээлтээ хийж байгаад баяр хүргье. ”Хөгжилтэй өдөр” киноны зураг авалтыг хэзээ хийсэн бэ?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Бид “Хөгжилтэй өдөр” киноны зураг авалтыг 2014 оны 10 сард хийж эхэлсэн. Нэг сарын хугацаанд хийсэн зураг авалт маань өнөөдөр /энэ сарын 8/-нд кино болж, үзэгчдийн хүртээл болж байна. Өнөөдөр сэтгэл их хөдөлж байна. Манай продакшны хувьд инээдмийн төрөл жанрыг голчлон барьж ажилладаг. Инээдмийн кинонд инээдмийн жүжигчид тоглоно гэдэг сайхан.
-Киноны санааг хаанаас сэдэвлэсэн бэ?
- “Хөгжилтэй өдөр” киноны санааг анх тайзны бүтээлээсээ сэдэвлэсэн. Тайзны бүтээлээ задалж, кино болгосон. Учир нь тайзны бүтээл хэдхэн газар тоглогдоод мартагддаг. Олон сайн зохиолууд ингэж мартагдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс баг хамт олноороо энэ зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эсэхээ ярилцаж байгаад зоригтой шийдсэн.
-Инээдмийн киногоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Инээдэм бол янз бүр байдаг. Манай кино үйл явдлын инээдэм байгаа. Манай жүжигчдын уран чадвар уг кинонд гарсан байгаа. Хүн ер нь төрүүлсэн үр хүүхдээ муулах дургүй. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ кино жүжигчид бидний “үр хүүхэд”. Сайхан кино болсон гэдэгт итгэлтэй байна. Гэвч үзэгч түмэн маань хэрхэн хүлээж авахыг би мэдэхгүй. “Хөгжилтэй өдөр” кино олон зүйлыг туулж, үзэгчдээ хүрч байна. Кино маань өөрөө цагаанхан, инээдмийн кино учраас үзэгчид түмэнд маань аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Өнөөдөр манай нийгэмд өнгө, мөнгөний амьдрал их давамгайлж байна. Хүмүүс нэр алдар, баян чинээлгийн төлөө амьдардаг болсон байна. Манай киногоор хүний сэтгэл, залуусын хайр сэтгэл тэр бүхнээс илүү хүчтэй гэдгийг илэрхийлсэн байгаа. Энэ кинод дөрвөн залуугийн хайр сэтгэлийг гаргасан.
-Киноны трейллерийг үзэхэд инээдмийн хэрнээ аймшгийн кино шиг санагдсан?
-Энэ кинонд аймшиг, инээдэм хоёр хоёулаа гарна. Гэхдээ хүмүүс энгийн зүйлийг аймаараар боддог гэдгийг харуулсан байгаа.
-Дүрийн сонголтоо хэрхэн хийсэн бэ?
-Инээдмийн кино гэдэг утгаараа хошин урлагийн жүжигчдыг тоглуулсан. Харин Драмын театраас Нармандах эгч, Пүүжээ ах хоёрыг урьж тоглуулсан байгаа” гэв.
"Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ.
Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.
Энэхүү бүтээлд монголын хошин урлагийн уран бүтээлчдийн ахмад болон залуу уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ