Хувцаслалтаар хүний ааш зан, зуршлыг таниж болдог

img

Охид, бүсгүйчүүдийн хувьд хавар, зуны улиралд хамгийн сайхан хувцсаа өмсч, гоёдог.  Түүнчлэн, тун их дээд сургуулиудын төгсөлтийн хонхны баяр болно. Охид, бүсгүйчүүд энэ баярт дор бүрнээ бэлдэж, хамгийн гоё үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл энэ жилийн хавар, зуны загварын чиг хандлага ямар байгаа талаар  “Монгол костюмс” товчооны загвар зохион бүтээгч У.Амарсайхантай ярилцлаа.

 

-Загвар зохион бүтээгч хүнтэй уулзсных яриагаа энэ оны загварын чиг хандлага ямар байгаа вэ гэсэн асуултаар эхэлье гэж бодлоо.

-Би загварын чиг хандлага гэхээсээ өмнө хувцасны өнгөнөөс эхэлж ярья гэж бодож байна. Энэ жилийн хувцасны өнгө хэтэрхий хурц биш бас бүдэг биш байгалийн өнгө байх болно. Өөрөөр хэлбэл, хүйтэн дулаан түвшний өнгөнүүд нэг зэрэг зохилж байгаагаараа бусад жилээс онцлогтой. Тухайлбал, акуа ногоон, улбар шар, цайвар ягаан, зөөлөн шаргал, улаан хүрэн эсвэл цэцэг навчны өнгө зохилж байгаа.

 

-Энэ жил хувцасны загварт ямар хэв маяг голлох вэ?

-Удахгүй хонхны баяр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор манай хэрэглэгчид классик хэв маягаа тавихгүй байгаа. Аль болох өөртөө зохисон хувцсыг түлхүү өмсөж байна. Шинээр хувцас хийлгэж байгаа хүмүүст цулгай материалтай, бие барьсан загварын хувцсыг бид санал болгож байгаа. Энэ хэв маяг нь энэ жил голлож байна. Охид, бүсгүйчүүд энэ жил аль болох урт даашинз, банзлаас татгалзаж өвдөг татсан загварыг сонгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж тухайн хүний биеийн онцлогт тохирч байвал энэ жилийн шинэ загвараас татгалзах хэрэггүй. Эрчүүд өнгөрсөн жил бариу өмд өмсч байсан бол энэ удаа бэлхүүс гаргасан хүрэм, сул хэлбэрийн даавуун өмд сонгох хэрэгтэй.

 

-Ямар загварын туфль, гутал моодонд орох бол?

-Арьсан материалтай, биеийн өнгөтэй сандаал, туфль моодонд орж байгаа. Өсгийтэй болон өсгийгүй байж болох ч хоншоор нь хагас дугуй, ээтэн, хагас түрүйтэй гутал загвар зонхилж байна. Энэ жил гурвалжин хоншоортой гутал моодонд эргэн ирж байгаа. Этгээд сонин өсгийтэй гутлыг загвар зохион бүтээгчид онцолж байгаа. 

 

-Монгол дээлэн дээр сандаал, туфль хоёрын аль нь зохимжтой вэ?

-Сандаал ил задгай болохоор тохирохгүй. Харин туфль илүү тохиромжтой харагдана. Битүү энгэртэй монгол дээлэн дээр сандаал өмсвөл зохимжгүй. Харин энгэр задгай дээл өмссөн бол сандаал өмсөхөд буруудахгүй.

 

-Цаг үетэйгээ тохирсон загварын цүнх эзнээ чимдэг. Энэ жил ямар загвартай цүнх зонхилж байна вэ?

-Том хэлбэрийн кантри стильтэй цүнх моодонд орж байна. Урт оосортой мөртлөө индиан өнгө төрхийг хадгалсан цүнх сонгоход ч буруудахгүй. Цүнхний өнгө нь натурал байх нь чухал. Харин хээ нь олон хуваалттай, шовх өнцөгтэй байвал тохиромжтой.

 

-Удахгүй хонхны баяр болно. Энэ жил ямар загвартай дээл өмсвөл тохиромжтой бол?

-Манай компани хонхны баярт зориулж дээлийн олон төрлийн загварыг гаргаж байна. Энэ оны загварын чиг хандлага ямар байгааг судалсны үндсэн дээр хуваалтаар товлосон загваруудаа гаргахаар болсон. Торго өнгөний хувьд баялаг. Тиймээс өөрийнхөө царайнд өнгөө тохируулж дээлээ оёулах хэрэгтэй. Сүүлийн үед загвар зохион бүтээгчид лянхуа хэлбэртэй дээл хийх болсон. Энэ загвар халх эхнэрийн хувцаснаас үүсэлтэй учраас хүний биеийн галбирыг сайн гаргадаг онцлогтой.

Мөн бие давхар болон мяраалаг бүсгүйчүүд маань XIII зууны моодтой ууж бүхий дээл, эсвэл энгийн дээл өмсвөл илүү тохиромжтой. Харин мяраалаг бүсгүйчүүд маань энгийн үедээ бага зэргийн сунадаг материалтай, цулгай өнгөтэй хувцас өмсвөл зохимжтой байдаг.

 

-Залуус хонхны баяраар ямар загварын хувцас хийлгэдэг вэ?

-Европжуу хэрнээ үндэсний хэв маяг оруулсан загвартай хантааз, хүрэм оёулдаг. Тухайлбал, хүрмэнд үндэсний хэв загвар гаргахын тулд өргөн эмжээртэй болгодог. Залуучууд өмсдөг манай нэрийн брэнд хувцас бий. Түүнийг хүмүүс их авдаг юм. Залуучууд бэлхүүс гаргасан загвартай хувцас авахыг хүсдэг болохоор манай компани европ эсгүүрээр хувцсаа хийж  байгаа. Энэ нь хүний биед сууж өгдөг давуу талтай. Үндэсний хувцас өмсөхөөр хүмүүс илүү овортой харагддаг. Европ эсгүүртэй хувцас хүнийг залуу харагдуулдаг.

 

-Хүний царайны өнгөөс хамаарч дээлийн өнгийг сонгодог. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?

 -Хүмүүсийг ажиглаж байхад хаа нэг харсан загвараараа дээлээ оёулахыг хүсдэг. Гэтэл тэр загвар нь өөрийнх нь биеийн онцлогт тохиромжгүй харагдана гэдгийг мэддэггүй. Тухайлбал, бор царайтай хүн тод үндсэн өнгө сонговол зохино. Зөөлөн байгалийн гаралтай өнгө царайнд нь уусчихдаг болохоор тохиромжгүй. Харин шар арьстай хүнд завсрын өнгө гоё харагддаг.

 

-Залуус, бүсгүйчүүд сүүлийн үед солонгос залуучуудын хэв маягаар хувцасладаг болжээ. Загвар зохион бүтээгч хүний хувьд үүнийг юу гэж боддог вэ?

-Солонгос улс өөрөө хувцас загварын хөгжил сайтай орон. Гэвч монголчууд солонгос залуусыг бодвол дотоод сэтгэлийн бядтай юм шиг санагддаг. Дотоод сэтгэлийн хүчээ гадагш нь гаргаж хувцаславал, солонгос хэв маягаас илүү загварлаг харагдана. Охид бүсгүйчүүд маань шинэ зүйл туршиж үздэггүй, бусдыг дууриаж хувцасладаг. Тэд маань хувцаслалтдаа жаахан “хөдөлмөрч” хандвал гайхалтай үр дүн гарна. Өөрөөр хэлбэл, бүсгүйчүүд маань өөрийнхөө дуртай хэв маягаа өөрөө зураад дуртай материалаа сонгоод оёод өмсвөл сайхан шүү дээ. Бидэнд тийм боломж байгаа.

 

-Хувцаслалтаар хүний тухайн өдрийн сэтгэлзүйг мэдэж болох уу?

-Бололгүй яахав. Энэ чинь загвар зохион бүтээгч бидний мэргэжлийн онцлог болчихсон /инээв/. Дийлэнх загвар зохион бүтээгчид тухайн хүний царай зүсийг харахгүй, хувцаслалт, хувцасны материалыг харж явдаг. Хувцаслалт, болон хувцасны өнгөөр тухайн хүний сэтгэлзүй, ааш зан, зуршлыг таниж болдог. Мөн ямар үйл явдалд оролцох гэж байгааг хувцсаар танидаг.

 

-Дэлхийн брэндүүд тухайн жилийн хэв маягийг тодорхойлсон загварын шоу хийдэг. Дэлхийд мөрдөгдөж байгаа загварын чиг хандлага азиудад хэр зохимжтой байдаг вэ?

-Ази хүмүүсийн хувьд арьс нь дулаан улирлын өнгөтэй байдаг болохоор цайвар үстэй, шингэн царайтай, өнгөт нүдтэй барууныхны өнгөний чиг хандлагыг тэр бүр шууд дагахад зохимжгүй байдаг. Учир нь бараан үстэй, хүрэн нүдтэй, өтгөн царайтай ази хүмүүст цэвэр болон хүйтэн өнгөнүүд зохидоггүй. Харин энэ жил дулаан төрлийн өнгөнүүд зонхилж байгаа нь бидэнд давуу тал болж байна. Нас, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан энэ жилийн тренд өнгүүдийг төрөлжүүлэн хэрэглэж болно.

 

-Бүсгүйчүүд дотуур хувцас авахдаа юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

-Бүсгүйчүүд хэдэн жилийн өмнө дотуур хувцас хөхөвч энэ тэр авахдаа ичиж ширвээтээд санд мэнд аваад явдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд ичингүйрэхээ больж тайван тавтай шилж сонгож авах болсон. Тэр ч байтугай эрэгтэйүүд, эхнэрийнхээ хамт дотуур хувцас сонгож байх нь зөндөө харагдах болсон. Энэ бол маш зөв. Дотуур хувцсыг сонгохдоо материал, загварыг нь илүү анхаарах хэрэгтэй. Дотуур хувцасны хэв маягыг Оросын дотуур хувцасаар ойлгоод байдаг. Уг хэв маяг өөрчлөгдсөн. Торон материалтай, оёдол дээрээ хуваалттай, чамин дотуур хувцас сонговол тохиромжтой.

 

Ярилцсанд баярлалаа.

Б.Дэжид  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jaja:
ih saihan yarisan bn. amjilt
2015-04-15
хэ хэ:
энгэр задгай бол юм өмсөхгүй байсан ч яахав дээ
2015-04-11