Телевизийн цувралаас уран сайхны кино болсон бүтээлүүд
2015-04-15

 

Бидний кино театрт очиж үзэх дуртай олон уран бүтээл телевизийн олон ангит киноноос үүсэлтэй гэдгийг та мэдэх үү.

 

Жүжигчин Том Круз мөрдөгч Этан Хантын дүрд тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” уран сайхны кинонууд өмнө нь өргөн дэлгэцийн бүтээл байжээ. “Биелэгдэшгүй даалгавар” нэртэй цуврал Америкийн CBS сувгаар 1966-1973 оныг хүртэл 7 жил гаруйн хугацаанд гарч байсан нь амжилт олж, энэ кинонд суурилан ижил нэртэй уран сайхны киног 1996 онд бүтээж, цааш цаашид олон анги гарч байжээ.

 

Мөн Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Камерон Диаз, Дрю Берримур, Ази гаралтай жүжигчин Люси Люгийн тоглосон “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кино ч мөн олон ангит телевизийн бүтээл байв. 1970-аад оны үед гарч байсан энэ олон ангит киног 2000 онд уран сайхны кино хэлбэрээр бүтээсэн нь нэлээд амжилт олж, 2003 онд дараагийн ангийг бүтээсэн байдаг.

 

 

Түүнчлэн Бэтмэн, Суперман, Стар Трекийн кинонууд ч мөн телевизийн олон ангит хувилбараас үүсэлтэй гэдгийг олон хүн мэднэ. Дашрамд дурдахад, ирэх жил буюу 2016 онд “Стар Трек” өргөн дэлгэцийн бүтээлийн 50 жилийн ой тохиох бөгөөд энэхүү тэгш ойд зориулж 2016 оны 7-р сард “Into Darkness” нэртэй 13 дахь уран сайхны киног дэлгэцнээ гаргана гэдгээ зарлаад байгаа юм.

 

 

 

 

Эдгээр кинонууд нь олон ангит хувилбараасаа олон жилийн дараа хийгдсэн болохоор уран бүтээлчид, жүжигчид нь өөр хүмүүс байсан байдаг. Харин олон ангит хувилбартайгаа ойролцоо бүтээгдсэн кинонууд нь жүжигчдийн баг нь хэвээрээ тоглох нь олон байдаг. Ингэхдээ олон ангит киноны үйл явдлыг нэг ангид багтаахаасаа илүүтэйгээр шинэ адал явдалтай учруулж, цоо шинэ үйл явдлуудтай учруулж, мэдээж өргөн дэлгэцийн бүтээл гэдэг утгаараа илүү чанартай болсон байдаг.

 

 

Бидний шимтэн үздэг байсан “Нууц материалууд” олон ангит кино 1998 онд уран сайхны хэлбэрээр гарч байлаа. Цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Дэвид Духовны, Жиллиан Андерсон нар энэ кинонд дахин мөрдөгч Мюлдер, Скалли нарын дүрийг бүтээж, тэд цоо шинэ адал явдалтай учирсан байдаг.

 

 

 

Мөн эмэгтэйчүүдийн үзэх дуртай “Их хотын хүсэл тачаал” олон ангит кино ч мөн хоёр ч ангит уран сайхны кино болсныг хүмүүс сайн мэднэ. Энд мөн л адил олон ангит киноны жүжигчдийн баг дахин хамтдаа ажилласан байдаг.

 

 

“Картоон Нетворк” сувгаар шимтэн үздэг байсан “Powerpuff girls” цуврал, охидын үзэх дуртай “Миний бяцхан одой морь”, олон жилийн түүхтэй “Винни Пух” зэрэг цуврал кинонууд ч мөн уран сайхны кино болж, тэдгээр кинонуудад тэд шинэ, шинэ адал явдлуудтай учирсан байдаг.

 

 

Тэгвэл дэлхийн кино урлагийн зах зээлд байдаг энэ хэв маягийг даган Монголчууд ч мөн кино хийж байгаа нь “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

 

2014 онд “Боловсрол суваг” телевизээр гарсан энэ цувралыг тус телевизтэй хамтран бүтээсэн “Эмоци” продакшн, “Кистоун” филмьстэй хамтран үзэгчдэд хүргэж байгаа энэхүү уран сайхны кинонд жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар дахин тоглож байгаа юм. Олон ангит киноны нэг ангит хувилбар гэхээр цувралынхаа бүх үйл явдлыг нэг ангид багтаасан гэсэн үг биш юм. Энэ удаад цоо шинэ адал явдалтай учрах юм байна. Телевизийн цувралаас уран сайхны кино болсон Монгол бүтээлийг энэ сарын 22-оос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү кино театруудаар үзээрэй.

 

 

Өнгөрсөн жил хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн ойг тэмдэглэхээр болсноор үйл явдал өрнөдөг байна. Энэ удаад ямар адал явдлуудтай учрахыг, “3 найз: Яасан байх нь уу?” гэдгийг энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд харуулах нь ээ.

Shuud.mn
Сонин хачин