Викториа лааны тосон барималтай болов

“Spice girls” хамтлагийн дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм Лондоны музейд өөрийн гэсэн лааны тосон барималтай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уран барималчид Викториаг одоо байгаа төрхөөр нь бус 1997 онд “MTV Europe Music Awards”-ийн улаан хивсний ёслолд оролцох үеийн төрхөөр нь урласан байна.
Нээлтэд Викториа ганцаараа оролцсон бөгөөд тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Залуу насаа дурсах сайхан байна. Энэ үед үнэхээр махлаг байжээ” гэж хэлжээ. Тус музейн хамт олон Викториагийн 40 насны төрсөн өдрөөр урлаж дуусгахаар төлөвлөж байсан ч музейд ус алдсаны улмаас үзмэр хийх ажил хэсэг хугацаанд хойшилсон байна.
Викториа “Төрсөн өдрийн гайхалтай бэлэг байлаа. Хэзээ ч мартахгүй” гэж жиргэжээ. Мөн түүний нөхөр хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Хөөрхөн харагдаж байна. Викториаг 1997 онд анх удаагаа харж байсан. Анхны хайр минь” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ