Л.Насанбуян: “Хайрын бурхан” дууг нь сонсоод багшдаа ”дурласан”

Маргааш МУГЖ дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо хийнэ. Тиймээс түүний гарын шавь Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянтай ярилцлаа.
Таныг Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн шавь гэдгийг мэднэ. Яаж яваад багш, шавь болчихсон юм бэ?
-Би үнэхээр азтай. Тийм мундаг дуучны шавь болсондоо баярладаг. Анх 1996 онд “Хайрын бурхан” тоглолтыг нь үзэж байсан юм. Тэр цагаас хойш Сараа эгчийн бүх дууг сонсдог, үнэнч фэн нь болсон. Ингэж явсаар 2007 онд анх уулзаж байлаа. Утсыг нь авч, олон ч удаа залгасан. Тэгээд л нэг сайхан өдөр хадаг, сүү барьж очоод шавь орж байсан. Багшийнхаа 70 гаруй тоглолтод оролцож, бараг л дэлхийг тойрсон. Тэр хэрээрээ би туршлагажиж яваа байх.
-Надад заавар, зөвлөгөө өгөөч гээд гуйхад нь хэрхэн хүлээж авсан бол?
-Эхэндээ нааштай хүлээж аваагүй ээ. Нэлээд их утасдуулсан, арван мессеж бичихэд нэг удаа хариу ирдэг байлаа. Яахав намайг үнэхээр хүсч байна уу, эсвэл түр зуур сонирхож байна уу гэдгийг тэгэж шалгаж байсан юм билээ. Тэрийгээ дараа нь надад хэлсэн. Миний хувьд багаасаа шүтдэг байсан дуучин минь учраас “Тэнгэрийн умдаг атгалаа” гэдэг шиг боломжийг алдахыг хүсээгүй. Хүссэн зүйлийнхээ төлөө тууштай зүтгэсээр байсан. Өнөөдөр тэр зүйлийнхээ үр дүнг зах зухаас нь үзэж байна.
-Багшийнхаа ямар дуунд хамгийн дуртай вэ?
-Анх “Миний дуу” дуунд нь бас маш их дуртай.
“Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүйхэн бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүхий л хүслээ гүйцээсэн шиг санагдана
Амьдрал намайг дуунд уяраажээ...” гээд их гоё үгтэй дуу. Ер нь би ч гэсэн мэргэжлийн сургуулийг нь төгссөн, мэргэжлийн уран бүтээлчийн хувьд багшийгаа техник сайтай, дууг үнэхээр зүрх сэтгэлээсээ дуулдаг дуучин гэж боддог. Багшаасаа суралцах зүйл маш их байдаг шүү.
-Нээрээ Улсын филармонийн босгыг хэрхэн давсан бэ?
-Мэргэжлийн сургуулийг нь төгссөн л юм чинь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах хэрэгтэй. 2009 онд сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг гадагшаа явж ажилласан. 2010 ны сүүлээр ирээд Улсын филармонид дагалдан дуучнаар орсон юм. Одоо бол филармонийн гоцлол дуучин. Мэдээж өгөх ёстой шалгалтаа өгөөч, заасан шалгууруудыг хангаж байж энэ байгууллагад харъяалагдах болсон доо.
-Бие даасан уран бүтээлч байх, Улсын филармонийн уран бүтээлч байх хоёрт ялгаа байна уу?
-Асар том ялгаа бий. Улсын филармони маш олон жилийн түүхтэй, их айл. Энэ их айлын тогоонд багтаж, өчүүхэн хэсэг нь болон явж байгаадаа баярладаг. Энэ нэр хүндээ өндөрт өргөж явах юмсан гэж хичээдэг. Чөлөөт уран бүтээлч байна гэдэг ямар нэгэн цаг наранд баригдахгүй гэдгээрээ л давуу байх. Гэхдээ эргээд нас өндөр болоод ирэхийн цагт улсаас ямар нэг тэтгэмж авах боломж байхгүй л болно. Үүнээс гадна гадаадын орнуудад очоод өөрийгөө танилцуулахад монголын дуучин гэхээс илүү “Би Монгол улсын филармонийн гоцлол дуучин” гэж хэлэх асар их ялгаатай байдаг. Хүмүүс ч их өөрөөр хүлээж авдаг. Тэгэхээр асар их нэр хүнд, хариуцлага надад оногдож байгаагийн шинж.
-Дуулах дууныхаа сонголтыг хийхдээ багштайгаа хэр зөвлөдөг вэ?
-Зөвлөлгүй яахав. Тэрнээс гадна ямар продьюсертай хамтарч ажиллаж байгаагаас бас шалтгаална. Багш надад дуулах дуу, дуулалт тал дээр өөрийнхөө санаа, зөвлөгөөг байнга өгдөг шүү. Энэ дашрамд дуулгахад багштайгаа хамтарч нэг уран бүтээл туурвисан байгаа. Тун удахгүй төрсөн өдрийн тоглолт нь дээр нь анх удаа хамтран дуулах болно. Би өөрийнөө урлагийн карьеерыг үнэ цэнэтэй, чанартай, бат бөх байгаасай гэж хүсдэг. Энэ ч утгаараа яарахгүй байна. Аль болох сайн сонголт хийж, сайн дуулалт үзүүлэхийг хүсч байна даа.
-“Оддын эрэлд” тэмцээнд оролцож байсныг тань санаж байна. Дараа нь “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe best songs” гээд л... Магадгүй та үеийнхээ дуучдаас өөрийгөө дэндүү их уралдаан, тэмцээнд сорьсон дуучин байх?
-Магадгүй би зоригтой юм болов уу. /Инээв/ Зарим хүн уралдаан, тэмцээнд ороод хойгуур байр эзэлчихвэл яана аа, нэр хүндэд маань муугаар нөлөөлнө ч гэдэг юм уу, тийм бодолтой байдаг байх. Би бол тийм зүйлээс ер нь л айхгүй шүү. Дараа нь ордог байж дээ гэж харамсахын оронд орчихоод бахдалтай нь аргагүй сууж байх шиг сайхан зүйл байхгүй. Ялагдсан ч хамаагүй, харамсаж сууснаас л хамаагүй дээр шүү дээ. Аливаа тэмцээн, уралдаанд оролцох тусам надад асар их туршлага, сэтгэлийн хатуужил, тэвчээр авч ирдэг.
-“Оддын эрэлд”-д оролцож байсан үеэ дурсвал. Хүмүүст хуучны сайхан цаг үеийг сануулсан сонин, содон дурсамж байх болов уу?
-Тэр үед би СУИС-ийн оюутан байсан. Дуртай нь аргагүй очоод л бүртгүүлж байсан юмдаг. Анхандаа өөрийгөө ч нэг их хүчлээгүй, шалгаруулалт бүрт ороод яваад л байсан. Тэмцээн маань ч маш олон сар үргэлжилсэн шүү дээ.
-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Анхандаа түрүүлнэ гэж бодоогүй ээ. Зүгээр л өөрийгөө сорих зорилготой орсон. Тэгсэн шилдэг дөрөвт үлдчихдэг байгаа. /Инээв/
-Бодол тань шууд л өөрчлөгдөн биз?
-Тэгэлгүй яах вэ. Шилдэг дөрөвт үлдчихсэн хүн чинь түрүүлье л гэж бодно шүү дээ. Азаар түрүүлсэн. Тэр үед үнэхээр гоё санагдаж байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй, яг л зүүд шиг. Ингээд тэр үеэ дурсахад үнэхээр сайхан байна шүү.
-Тухайн үед үзэгчид танаас их зүйл хүлээж байсан. Шинэ уран бүтээл, шинэ цомог гээд л. Гэтэл та усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Нэг хэсэг ямар ч уран бүтээл хийгээгүй шүү дээ?
-“Оддын эрэлд”-д түрүүлчихээд уран бүтээл хийхийг маш их хүсч байсан. Яагаад ч юм боломж, нөхцөл нь бүрдээгүй. “Нөхцөл нь бүрдэнэ” гэж байдаг шүү дээ. Арга зам нь олдохгүй, эв нь бүрдэж өгөхгүй яваад л байсан. Уг нь гоё шинэ дуу, клип гаргах юмсан гэж маш их хүсдэг байлаа. Түүндээ дотроо шаналж хэсэг явсан. Гэхдээ цаг хугацаа үргэлжилж, өнөөдөр би чиний өмнө ярилцлага өгөөд сууж байна шүү дээ.
/Инээв/
-Тэгвэл анх дуулж эхэлж байсан, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьж явсан Насаа өнөөдөр хэр өөрчлөгдсөн бол?
-Уралдаанд анх оролцож, өөрийгөө сорьж байсан Насаа одоогийн Насаа хоёр асар их ялгаатай л даа. Тасралтгүй дуулсаар л байсан. Мэргэжлийн ур чадварын хувьд ахисан гэж бодож байна. Харин хувь хүнийхээ хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй.
Хүн хэн байснаа хэзээ ч битгий март гэж үг бий. Би хэдий нэр алдартай болсон ч хамгийн нандин чанараа гээхгүй, хүнээрээ байх ёстой гэдгийг үргэлж бодож, мөрдөж явдаг. Хүний сэтгэл, хүн чанар гэдэг их нандин эд юм. Зүгээр нэг материаллаг зүйлтэй харьцуулашгүй.
-Хүнийг найз, нөхдөөр нь шинж гэдэг. Та хэр найзархаг хүн бэ, бас найзууд тань ямар зан чанартай хүмүүс байдаг вэ?
-Надад амьдралаас олж авсан тоотой хэдхэн найз бий. Амьдралын ямар ч үед тэд миний хажууд байж л байдаг. Тэд маань надтай л адилхан шударга, зарчимч, өөрсдийнхөө зорьсон зүйлдээ тууштай тэмцдэг.
-Та “од” мөн үү?
-Биш.
-Яагаад?
-Би өөрийгөө “од”, лаг гэж огт боддоггүй. Миний хийж бүтээсэн зүйл маань олонд хүлээн зөвшөөрөгдөж байж өөрийгөө “од” гэж бодно уу гэхээс ганц цомог гаргачихаад ингэж явих нь утгагүй. Надаас олон жил урлагт зүтгэсэн хүмүүс бий. Тэдний хажууд миний хийж бүтээсэн зүйл өчүүхэн шүү дээ. Олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, тэрнийхээ үр дүнд нэр алдарт хүрдэг гэж боддог.
-Баярлалаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ