Ц.Энхбаяр: Ерөнхий прокурорт гурван удаа хүсэлт гаргаж байлаа

img

-Улсын ерөнхий прокурортой та өмнө нь уулзсан. Юу ярьж байна вэ? - Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэж бусдын амь насыг хохироосон хэрэгт шалгуулж байсан цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг хуулийн хүрээнд шалгаж, үнэн зөв шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг бүх шатны прокурорт тавьж байсан. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав ч  намайг хүлээн авч уулзаад  “Хуулийн хүрээнд сэргээн шалгана” гэж хэлсэн. Төд удалгүй хэргийг сэргээн шалгаж эхэлсэн л дээ. -Та үүнээс гадна ямар ямар хүсэлтийг  Ерөнхий прокурорт уламжилж байв? -Улсын ерөнхий прокурорт хандан “Танай прокурорын байгууллага хуулийг илт мушгиж, буруу тайлбар хийж байна. Цагдаагийн байгууллагын ажилтны тухай хуулийн 40.1-рт зааснаар “Цагдаагийн албан хаагчид довтолж амь насанд халдахыг оролдсон тохиолдолд галт зэвсэг хэрэглэх тухай заалт байдаг. Гэтэл үймээний үеэр галт зэвсэгт оногдож амиа алдсан таван хүн цагдаагийн алба хаагч руу довтолсон болох нь үзлэг, мөрдөн байцаалтын үеэр огт тогтоогдоогүй. Ийм байхад цагдаагийн албан хаагчид дээрх таван хүнийг буудаж амь насыг нь хохироосон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь прокурорын байгууллага дэндүү шударга бус болох нь харагдаж байна. Энэ хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдэж өгөөч” гэсэн санал хүсэлтийг удаа дараа тавьж байлаа. - Өмнө нь  хохирогчдод   долдугаар сарын 1-ний хэргийг хэрэгсэхгүй болгосноо прокурорууд юу гэж тайлбарлаж байсан юм бэ? -Цагдаагийн алба хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “Хэний буудсан суманд хэн оногдсон нь тогтоогдоогүй” гэдэг. Би 2009 оны хоёрдугаар сараас хойш энэ хэргийг сэргээж шалгаж өгөх хүсэлтийг  нийслэлийн Прокурорын газарт хоёр удаа хүсэлт гаргасан. Үүнд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбар өгсөн. Дараа нь Улсын Ерөнхий прокурорт гурван удаа хүсэлт гаргасан байгаа. Өнгөрсөн оны  зургадугаар сард Д.Дорлигжавын туслах н.Болд “Доод шатны прокурорын гаргасан тайлбар хуульд нийцсэн байна” гэж үзсэн тухай албан бичиг ирүүлсэн. Ингээд хоёр сарын өмнө бид дахин хүсэлт гаргаж байж хэргийг сэргээлгэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ