Чарли Адамын аав: Хүүгийн минь авьяасыг битгий мөхөөгөөч

img

“Блэкпул”-ын ахлагч Чарли Адам “Ливерпуль” руу явах хүсэлтээ багийнхаа эздэд албан ёсоор мэдэгдсэн ч түүний төлөө төлөх мөнгийг хэтэрхий бага гэж үзсэнээр энэ наймааг хийхээс татгалзсан билээ. “Блэкпул” гол тоглогчоо 12 сая паундаас бага үнээр зарахгүй гэсэн бол “Ливерпуль” эхлээд 4.5 сая паунд амласнаа дараа нь 7 сая болгож өсгөсөн юм. Гэлээ ч энэ хоёр саналыг “Блэкпул”-ынхан хүлээж аваагүй.

Чарли Адамын аав саяхан хүүгийнхээ өмнөөс багийнх нь удирдлагад хандсан ил захидал бичжээ.  Адамын эцэг цагтаа Шотландын хэд хэдэн багт алба хашиж явсан хөлбөмбөгч юм байна.

“Долоон сая паунд гэдэг Адамыг анх “Блэкпул” авахдаа төлсөн мөнгөтэй харьцуулбал хамаагүй их гэдэг нь тодорхой. Анх авахдаа зарцуулсан мөнгөнөөс нь 12, 13 дахин их мөнгө санал болгосон хэрэг. Тэгэхээр энэ наймаа ашигтай гэдэг нь эргэлзээгүй. Тэгээд ч хүүгийн минь хувьд “Ливерпуль”-д очно гэдэг замналынх нь оргил болно. Шотландын хөлбөмбөгчид түүхэндээ “Улаанууд”-д л очихоор тэмүүлдэг жамтай. Чарли ч тэдний нэг. Би дасгалжуулагч Иан Холловейг бол ойлгож байна. Тэр Чарлиг ийм хэмжээнд хүргэхийн тулд маш их зүйл хийсэн хүн. Гэхдээ хүүд тань ийм сайхан боломж гараад байхад үүнийг алдахыг бус ашиглахыг хүсэх нь зүйн хэрэг билээ. Миний бодлоор “Блэкпул” хүүд минь шударга бус хандаж байна. Тэд хүүгийн минь өсөн дэвжих замыг хөлбөмбөгийн бус хувийн шалтгаанаар хааж боож эхэллээ. Би тэдний энэ хоригийг багийн ерөнхийлөгч Карл Ойстон болон Чарли хоёрын урьдын өстэй холбоотой гэж үзэж байна. Чарли Премьер лигт ердөө хагас жил л тоглолоо. Гэтэл тэд түүний төлөө 12 саяыг нэхээд байх юм. Премьер лигт 2-3 жил тоглосон бол төдий хэмжээний мөнгө нэхэхэд гайхах зүйл алга.

Португалын шигшээ багийн төлөө 32 тоглолт хийсэн Раул Мейрелиш “Ливерпуль”-д 11 сая паундаар очсон. Тийм агуу багт очно гэдэг Чарлигийн мөрөөдөл. Үүнд “Блэкпул” саад хийх нь шударга бус явдал. Хүүгийн минь авьяасыг битгий мөхөөгөөч” хэмээн захидалдаа Адамын аав бичжээ.

Аавынх нь захидалд дурьдагдсан ерөнхийлөгч Карл Ойстон болон Чарлигийн хоорондын өс гэдэг нь хэдэн сарын өмнө Чарли гэрээнд заасан урамшууллын мөнгийг төлөхгүй байгааг нь шүүхэд хандан шийдвэрлүүлсэн явдлыг хэлж байгаа ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ