Төмөр хүн шууд нэвтрүүлгийг орхин гарчээ

“Төмөр хүн” киноны од, жүжигчин Роберт Дауни Британийн “Channel 4” телевизэд ярилцлага өгөх үеэрээ эвгүй байдалд орсон учир шууд нэвтрүүлгийг орхин гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүүлд тоглосон “Avengers: Age of Ultron” киноны сурталчилгаанд зориулж, ярилцлага өгөхийг зөвшөөрчээ.
Хөтлөгч, жүжигчнээс “Та яаж алдартай болсон бэ” гэж асуухад Дауни “Би хөдөлмөрлөсөн. Их шүү. Үнэхээр их” гэж хариулжээ. Энэ хариултыг сонссон хөтлөгч “Алдар нэрийн оргилд хүрсэн болохоороо хар тамхи хэрэглэсэн юм уу. Амьдралаа илүү амттай болгох үүднээс. Энэ асуултад заавал хариулах хэрэгтэй. Би таныг хувьдаа муу залуу гэж боддог. Миний бодлоор хар тамхи хэрэглэсэн бүхэн муу. Таны бодлоор” гэхэд жүжигчин “Би уран бүтээлдээ зориулж, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Алдаа байсан. Тиймээ алдаа байсан” гэж хэлснийхээ дараа “Бид хоёрын яриа нийлэхгүй бололтой” хэмээгээд студиэс гарч явжээ.
Энэхүү ярилцлага шууд эфирээр цацагдаж байсан бөгөөд нийтдээ 700 мянга гаруй үзэгч үзэж байжээ. Твиттер хэрэглэгчид хөтлөгчийг буруутгасан өнгө аястай жиргээг хийж “Заавал жүжигчинг эвгүй байдалд оруулах шаардлага байсан юм уу” гэсэн байна. Роберт Дауни 1996 болон 2001 онуудад гурван удаа хар тамхины хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ