Гэр бүлээ хүчирхийлэгчийг хөдөлмөр эрхлүүлье

img

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.  Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Өнөрбаяр танилцуулаад, гишүүдийн асуултад хариулж байна.

 

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад 10 гаруй жил болж байгаа ч хүчирхийлэгчийн тоо буурахгүй байгаа. Хүчирхийлэл үйлдэгч эрүүл байгаа тохиолдолд цагдаа арга хэмжээ авдаггүй, зугтаасан тохиолдолд араас нь хөөцөлдөггүй. Хохирогч гомдолд гаргаж шүүхэд хандахад гэмтлийг тогтоох болдог. Хохирогч гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандахад эвлэрлийн 2-3 сарын хугацаа оногддог. Энэ хугацаанд хүчирхийлэгч улам хүчирхийллээ үйлдэж, хохирогч хохирсоор байдаг.  Тиймээс энэ хуулийн төслөөр 16 хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн төслөөр 6 хуулийн төсөл дагалдан орж ирж байна. Харин үлдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хаачсан бэ?

-Бидний өргөн барьсан хуулийн төслөөр холбогдох 6 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Гэхдээ таны асуусан зүйлүүд хуулийн төсөлд орхигдоогүй.

 

 

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Гэр бүлийн хүрээнд хүчирхийллийн шинжтэй зүйл их гарч байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудал бага байна. Шинээр өргөн барьсан төсөл дээр хүлээлгэх хариуцлагыг чангатгасан уу?

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх талаар энэ хуулийн төсөлд тусгагдсан байгаа. Бид 2004 оноос хойш 11 жилийн судалгааны тайланг авч үзсэн. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн судалгааг цагдаагийн байгууллагаас  авсан.  Хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагыг ч чангатган тусгасан байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хань ижил, үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүмүүст ял эдлүүлээд орхих биш насан туршид нь тэтгэмж олгодог байх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг хэрхэн хийсэн бэ?

-Энэ хуультай уялдуулаад өргөн барьсан байгаа Эрүүгийн хуульд ялын тухай асуудлыг оруулж өгсөн. Санхүүгийн тухай асуудлыг гэр бүл цуцалснаас нэг жилийн дотор хөдөлмөрийн чадварийн 50 хувийг алдсан бол, гэр бүл цуцлаагүй байхдаа хөдөлмөрийн чадварыг алдсан бол тэтгэмж олгох асуудал тусгасан байгаа. Шаардлагатай бол үүнийг тодруулж оруулж болно.

 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Монголд өнөөдөр дайн болж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоор монголчууд амиа алдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийг эрчүүд голдуу үйлддэг. Энэ нь ажилгүй байсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн цоо шинэ чиг хандлага ч бий болсон. Хар тамхи, хүний наймаа, бэлгийн гаж хандлага гээд. Нийгмийн суурь шалтгааныг арилгахгүйгээр энэ байдал арилахгүй.

-2014 онд 130 мянган хүн эрүүлжүүлэгдсэний дийлэнх нь ар гэртээ агсарсан байдаг. Цааш шалтгаан нь архидалт, ажилгүйдэл зэрэг олон зүйл нөлөөлж байна.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг хоёр хэсэгт хувааж байгаа. Нэг хэсгийг нь эрүүгийн хуулиар шийтгэх. Хүчирхийлэгч бол их зальтай этгээд байдаг. Гэр бүлийнхээ зовоодог хэрнээ өөртөө хайртай. Тиймээс гэр бүл хүчирхийлэл үйлдэгчийг нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж өгөх хэрэгтэй. Эрүүлжүүлсний төлбөрийг гэр бүлээс нь биш өөрөөс нь гаргуулах хэрэгтэй. Нийгмийн тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй юм. Хүчирхийлэгчийг хүмүүжүүлэх нь чухал. Хэрвээ ял оноовол жижиг байсан зөрчлийг даамжруулж, далд хэлбэр рүү орох юм биш үү?

 

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Энэ хуулийн төслийг би дэмжиж байгаа. Хуульзүйн байнгын хороогоор энэ төслийг хэлэлцэхэд ямар асуудал дээр илүү анхаарч байсан бол. Гэр бүлийн хүчирхийлэл дотроо 4 үе шаттай байдаг. Хүчирхийлж байхад хариуцлага хүлээлгэх тал дээр уялдуулсан зүйл байна уу? Амиа хорлолт өсч байна.  Стресс бол гэр бүлийн чанартай. Тиймээс энэ хуулиар гэр бүлийг эрүүлжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм.  Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ