Ц.Төмөрхуяг: Эсрэг дүр ямагт эерэг байдаг

Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, жүжигчин Ц.Төмөрхуятай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Тэрбээр саяхан “Т” энтертайментийн бүтээл “Хамтдаа” олон ангит уран сайхны кинонд тогложээ.
-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ амралтын өдрийн мэнд дэвшүүлье. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин хачнаас манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Уран бүтээлээ тасралтгүй хийж байна. Хамгийн сүүлд “Хамтдаа” бүрэн хэмжээний олон ангит кинонд тоглолоо. Уг кинонд байгаль орчин, найз нөхөрлөл гэх мэт амьдралын бүх үйл явдал гардаг. Кино маань олон ангит кино гэдэг утгаараа үзэгдэл бүр дээр жүжигчны уран чадварыг харуулахыг хичээсэн.
-Уг кинонд та ямар дүрд тоглосон бэ?
-Киноны дүрийнхээ талаар хэрэг байна уу даа /инээв/. Нууцламаар байна. Тун удахгүй телевизээр үзэгчид маань үзээд, дүрийг маань тунгааг. Энэ кино маань өнгөрсөн 2014 оны зунаас зураг авалт нь эхэлсэн. Нэлээд удаан хугацаанд бүтлээ. Чанартай сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.
-Та өнгөрөгч сар шинийн өмнөхөн Төрийн одон хүртсэн. Төрийн шагнал хүртээд юу бодогдож байв?
-Тиймээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртсэн. Тэмдэг бол тэмдэг шүү дээ. Би монголын ард түмэнд юу хийсэн бэ гэдэг нь гол биш. Тодорхой хэмжээгээр уран бүтээлээрээ хоол олж идэх гэсэн бодлого надад байдаг.
Өөрөөр хэлбэл, хүн бүрт хоолоо олж идэх арга зам байдаг шүү дээ. Миний хоолоо олж идэх арга бол уран бүтээл хийх. Түүнээс биш, ардын жүжигчин, гавъяат жүжигчин хүн хиамтай, маслотай талх идэх ёстой гэдэг ухагдахууныг би үзэн яддаг. Би зүгээр л Төрийн шагнал хүртээгүй байхдаа иддэг байсан талхаа, одоо ч идмээр байна.
-Та аливаа уран бүтээлд тоглохдоо юуг нь хамгийн түрүүнд анхаардаг вэ?
-Хамгийн түрүүнд зохиол. Мөн тухайн киноны сэдэв, дүрийн характерыг бодож байх ёстой. Тэгж байж өөр уран бүтээл, өөр үзэгдэл, өөр дүр тэндээс гардаг. Үзэгдэл нь ондоо байх тусам тухайн дүр ялгагддаг.
-Таны хувьд ихэнх кинонд эсрэг талын дүр бүтээсэн байдаг. Эсрэг талын дүрүүдээ хэрхэн өмөөрөх вэ?
-Эсрэг дүр чинь дандаа эерэг байдаг шүү дээ. Яагаад гэвэл, хүн талхны хойноос яаж хөөцөлдөж байгаа тэр үйл явдал нь тухайн хүнийг өөрчилж байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг гадаад байдлаас нь сайхан, муухай харагдуулдаг гэсэн үг.
Ард түмэнд ойрхон жишээ татая л даа, УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ нэг цооног гаргасан хүнийг л дарамталж байгаа шүү дээ /инээв/. Тийм биз дээ. Би тэдний төрхийг уран бүтээлд тусгаж яагаад болдоггүй юм.
-Сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд сайн муу янз бүрээр л хэл ам дагуулдаг. Та сүүлийн үед гарч байгаа уран бүтээлд ямар дүгнэлт өгөх вэ?
-Уучлаарай, хэн тэр киног сайлж, муулж, шүүмжлээд байгаа юм?
-Үзэгчид?
-Үзэгч, ард түмэн киног сайн муу гэж дүгнэдэггүй юм аа. Үүнийг тодорхой хэмжээний уран бүтээлчид, урлаг судлаач, урлаг шүүмжлэгч нар тухайн бүтээлийн сайн мууг хэлэх ёстой. Түүнээс биш ард түмэн уран бүтээлийг дүгнэх ёсгүй гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй.
-Уран бүтээлч хүний хувьд ямар кино хийх юмсан гэж болдог вэ?
-Би “монгол” кино хиймээр байна. Монгол кинонд тогломоор байна. Яг “Сэрэлт”, “Говийн зэрэглээ”, “Моторын дуу” шиг кино хийвэл би олон удаа театрт очиж үзнэ ээ.
Харин мафи, элдэв зодооны бүлэглэл гэх мэтийг киног таашаадаггүй. Яагаад гэвэл, би түүнийг мэдэхгүй.
-Та аавынхаа нэртэй студи байгуулж, нэлээд уран бүтээл хийсэн байдаг. Киногоо ямар жанраар хийдэг вэ?
-Би “Тэнхээтэй сэтгэл”, “Амьдралын урсгал” гэх мэт долоон дэлгэцийн уран бүтээл хийсэн. Гэхдээ бүгд сэтгэлгээний уран бүтээл. Надад худлаа ярьдаг, хэлбэр төдий кино хийх сонирхол байдаггүй.
-Өнгөрсөн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд “Хүн шувуу” гэх сэтгэлгээний кино шагнал хүртсэн. Уг киног үзсэн үү. Юу гэж дүгнэв?
-Үзсэн. Гэхдээ “Хүн шувуу”-ны найруулагч жанр тодорхойлох хэрэгтэй байсан. Аливаа уран бүтээл хийхэд жанрыг түрүүлж тодорхойлдог юм. Чадахгүй бол болих хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Дэжид
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ