И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнээс Д.Отгонцэцэг алтан медаль хүртлээ

img

“Олон үндэстэн-бөхийн нэгэн гэр бүл” уриан дор явагдаж байгаа олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээн 23 дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 28-ны өдөр эхэллээ. Тус тэмцээнд 17 орны хоёр зуу гаруй бөхчүүд зодоглож байна.

И.Ярыгиний нэрэмжит сан, Оросын спортын бөхийн холбооноос тус тэмцээний шагналын санг 150 000 ам.доллараар тогтоожээ. Үүнд эрэгтэйчүүдийн төрөлд 75 000, эмэгтэйчүүдийн төрөлд 50 000, үнэмлэхүй жинд 25 000  ам.долларыг бөхчүүд, дасгалжуулагчдын шагналд зарцуулах юм байна. Тэмцээнд олимпийн гурван удаагийн аварга Александр Медведь, Александр Карелин, Бувайсар Сайтиев нар хүндэт зочноор оролцож байна.

Тус тэмцээнд манай улсаас дэлхийн аварга С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Д.Гомбодорж, Г.Наранчимэг, Ж.Чулуунбат нараас бусад шилдэг гуч гаруй бөх барилдаж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 51 килограммын жинд монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Даваасүрэнгийн Отгонцэцэг урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэн байна.

Д.Отгонцэцэг нь 1990 онд төрсөн, Дархан-Уул аймгийн “Хасу”Мегаватт” багийн тамирчин, анхны багш нь Ц.Баярсайхан, 2007 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2009 онд Тайланд улсын Паттая хотод болсон Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн, Түрэг улсын Анкара хотод болсон залуучуудын ДАШТ, 2010 онд Унгар улсын Будапешт хотод болсон залуучуудын ДАШТ-нд тус тус хүрэл медаль хүртэж байсан.  Насанд хүрэгчдийн УАШТ-нд дөрвөн удаа удаа түрүүлсэн.

Красноярскийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар  1991 онд, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар 1999 онд алтан медаль хүртэж байжээ. Д.Отгонцэцэг монголын эмэгтэй бөхчүүдээс И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс анх удаа алтан медаль авлаа.

Саяхан Улаанбаатар хотод манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн Буриадын эмэгтэй шигшээ багийн тамирчдаас 51 килограммын жинд.Марина Вильмова, 59 килограммын жинд Галина Долженко нар хүрэл медаль хүртсэн байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ