Б.Ангирмаа: Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл

Хэдхэн хоногийн өмнө “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа өөрийн бие даасан “One moment” гэх анхны цомгоо сонсогчдынхоо хүртээл болгосон билээ. Уг цомгийн нээлтийн үеэр “Киви” хамтлагийн продюсер, ая зохиогч . БАнгирмаатай ярилцлаа.
-Ц.Намуунаагын цомог танай хамтлагийн хэд дэх цомог вэ?
-“Киви” хамтлаг маань бие даасан долоон цомогтой. Дээрээс нь Укагын маань нэг цомог, Намуунаагын цомогтой нийлээд есөн цомогтой болж байна. Ер нь манай хамтлаг өнгөрсөн 11 жилийн хугацаанд жил бүр үзэгчдэдээ шинэ дуу, шинэ клип, шинэ цомгоор гэнэтийн бэлэг барих гэж хичээж ирсэн. Их хөдөлмөрч охидуудтай. Ц.Намуунаагын маань шинэ цомогт багтсан дуунууд надад маш их таалагдаж байгаа.
-Танай хамтлагийн дуучдаас Агий цомоггүй үлджээ. Тэр бие даасан цомог гаргах уу?
-Хүн болгон ингэж асуугаад байгаа /инээв/. Энэ талаар Агийтай ярилцаж үзсэн л дээ. Гэтэл Агий маань “Багшаа би цомог гаргахгүй шүү” гэсэн. Тэгэхээр Агий маань бие даасан цомгоо гаргахгүй байхаа.
-Ц.Намуунаатай ярилцахад хамтлагийн 11 жилийн ой дээрээ тоглолт хийх бодолтой байгаа гэж байсан. Хаана хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Эхлээд Ука маань хамтлагтаа эргэж ирэг. Дараа нь тоглолтоо хаана, хэзээ хийхэв гэдгээ ярилцана. Миний бодлоор “Киви” хамтлагийнхаа ойг Цирк юм уу Соёлын төв өргөөг хийх санаа байгаа. Наана нь Намуунаагын цомгийн борлуулалтын ажилд анхаарлаа хандуулж байна.
- Таныг продюсер гэхээсээ илүү ая зохиогч, дуучин гэдгээр уншигчид маань сайн мэднэ. Хувийн уран бүтээлдээ хэзээнээс анхаарч ажиллах вэ?
-Тэгэлгүй яахав. Надад тоглолт хийх санаа байгаа. Эхлээд “Киви”-гийн ажлаа хиймээр байна. Дараа нь өөрийн уран бүтээлээ хийнэ.
Өө нээрээ, удахгүй МУГЖ Б.Сарантуяатайгаа хамт “Чагная” дуугаа шинээр дуулж бичүүлэхээр болсон.
-Та яагаад гадаад имижээ өөрчилдөггүй юм бэ?
-Тэр гол нь биш. Миний дотоод сэтгэлгээ ондоо шүү дээ. Гадаад имижээсээ шал өөр.
-Гэхдээ та үсээ урт ургуулаад л, гоёлын даашинз өмсөөд...
-Үзчихсэн юм чинь дээ. Чамайг төрөөгүй байхад би аль хэдийнээ үзчихсэн. Хүнтэй ярихад л надад сайхан байдаг. Би хүний ухааныг л илүүтэй үнэлдэг. Түүнээс биш сайхан даашинз өмссөн, сайхан нүүр царайтай тэнэг хүнтэй бол би юу ярих вэ дээ. Өөрийгөө би үүнтэй адил боддог. Хамгийн гол нь толгой цэнэгтэй, эрч хүчтэй, залуу сэтгэлгээтэй байх ёстой. Тэр дотоод сэтгэлээ би “Киви”-гээр илэрхийлдэг. Тэд нар чинь өөрсдөө л үс гэзгээ тэгж янзлаад, даашинзаа сонгоод гараад ирсэн юм биш шдээ. Бүгдийг нь би байгуулж байна. Би тийм л их сексуальный хүн байхгүй юу.
-Ангирмаа гэдэг хүн хэн нэгнээс хараат байх уу?
-Үгүй. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил байна. Ах эгчээсээ эмээдэг. Тэр хүмүүсийн үгийг сонсож, тэр хүмүүстэй байнга зөвлөлдөнө. Ер нь бол эрх чөлөөтэй. Шудрага шулуун. Хүн их загнаж ярьдаг тийм л хүн.
-Та ганцаараа амьдардаг уу?
-Тэгдэг.
-Яагаад өнөөдрийг хүртэл хүнтэй суухгүй байна аа. Таны тавьсан шаардлагыг хангах монгол эр хүн олдохгүй байна уу?
-Олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байгаа юм байлгүй дээ.
-Та их өөнтөгч юм болов уу?
-Тийм биш ээ. Зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд л. Бүх л юм миний хувьд бол нээлттэй.
-Ингэж явсаар насны эцэст ганцаардах вий гэж айдаггүй гэж үү?
-Би тэрийг бодох дургүй. Би өнөөдрөөрөө амьдардаг. Хорин хэдэн настайдаа би гуч, дөчтэйдээ ямар байх бол гэж боддоггүй л байсан. Тэгэхээр тавь, жартайдаа ч тийм л байна байх. Тухайн үед бас нийгэм ямар ч байх юм билээ. Би ч ямар байх юм билээ. Тэрийг тухай үед нь л хариулах байх.
-Хэдийгээр өнөөдрөөрөө амьдардаг ч хүн болгонд зорилго байдаг?
-Мэдээж зорилготой байж би өнөөдрийн нэр хүндэд хүрсэн. Одоо бол намайг танихгүй хүн гэж байхгүй. Тэмүүлэл, хүсэл мөрөөдөлтэй байж энэ байр суурийг олж авсан гэж би өөрийгөө бодож байна. Тэр талаар бол надтай ярилтгүй.
-Өнөөдрийн байр сууриндаа та ханачихсан уу?
-Хүн болгон шуналтай. Зорилго бүхнээ би цэнхэр дэлгэцээр эсвэл сонин хэвлэлээр зарлах албагүй. Санаа сайн бол заяа сайн гэгчээр болох байх. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг биз дээ? Миний амжилт мөхөхгүй байх. Тийм учраас би өөртөө итгэлтэй амьдардаг. Хүний зорилго гэдэг бол тарааж яриад, гайхуулаад байх зүйл биш.
-Танаас хүмүүс хэр зэрэг эмээдэг вэ?
-Эмээдэг. Би их өндөр шаардлага тавьдаг. Наад зах нь цаг барихыг их шаарддаг. Миний үзэн яддаг юм хүнийг хүлээх. Эсвэл хэн нэгнийг хүлээлгэх. Ажил эрхэлдэггүй, залхуу тийм хүмүүстэй бол би загнаж л харьцдаг.
-Амьдралд хүн хэн нэгнээр хөглүүлж байдаг. Харин та?
-Би ажлаасаа эрч хүч, хөг авдаг. Дээрээс нь олон залуу найз нараасаа авна. "Киви" ч бас миний найз нар шүү дээ. Түүнээс биш эр хүнээс ч юм уу, хайр сэтгэлээс авна гээд байхгүй. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл.
-Таны анхны хайр ямар хүн байсан бэ?
-Мэддэггүй шдээ. Аль нь анхны хайр байсан юм. Нэг их олон залуучууд л байсан. Бүгдэд нь л хайртай байсан байх.
-Хэрвээ Ангирмаа хэн нэгэн хүнд атаархана гэвэл ямар хүнд?
-Би бага залуудаа их атаархуу байсан. Надаас давуу авъяастай ч юм уу тийм хүнд атаархдаг байсан. Их амбицтай. Ажлын тал дээр шүү дээ. Одоо бол би тийм биш.
-Ер нь та улс төр сонирхох уу?
-Үгүй чш. Юуг нь сонирхохын?
-Урлагийн хөгжилд та сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Сэтгэл хангалуун байдаг. Нөхцлийг нь бүрдүүлж өгөөсэй. Манай ард түмэн бүхэлдээ гайхамшигтай авъяастай хүмүүс. Урлагийнхан бидэнд ордон алга байна. Бизнесменүүдэд түрээсийн мөнгө өгч, тэд нарыг тэжээж байна шүү дээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ