Б.Баярцэцэг: Ханьтайгаа 15 жил амьдраад анхныхаа үрийг өлгийдсөн

img

 

“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.

 

Тэрбээр энэ сарын 8-нд "Эхо любви" экслюзив амьд тоглолтоо хийх гэж байгаа юм.

 

- Монгол брендийг бий болгохгүй бол, монголчууд гадаадад сонирхолгүй-

 

 

-Юуны "Эхо любви" экслюзив амьд тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Анх дуучин болж байсан үеэ дурсахгүй юу. Таныг “Ice top” хамтлагийн “Энэ миний хайр” дуугаар анх олны танил болж байсан гэдгийг мэдэх юм байна?

 


-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. 

Хүмүүс намайг хип хопоор ямар сайн мэддэг юм бэ /инээв/. Намайг СУИС-ын оюутан байхад л “Ice top”  хамтлагийнхан чинь “од” болчихсон байсан. Тэд нэг өдөр манай ангид орж ирээд “Чи хэр дуулдагын?” гээд л “аймар том” /инээв/ асуусан.  Тэгэхээр нь би “Гоё дуулдаг ш дээ би” гэж хэлээд "Энэ миний хайр" дууг нь дуулж байсан.

 

Тухайн үед би ганц “Ice Top” гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан.

Тухайлбал, тухайн үедээ л "од" болж байсан “Болор” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа эгч, “Люмино”, “Фанк Пит” гээд л хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулдаг байлаа.

 

Одоо эргээд тэр дуунуудынхаа өөрийн дуулдаг хэсгээ сонсоход их хөөрхөн хоолойны тембэртэй, залуу цээлхэн, энхрий хоолой сонсогдоод байдаг. Сонсохоор их гоё санагддаг шүү.

 

 

-Таныг зарим хамтлаг, дуучид "багшаа" гэж хүндэлдэг юм билээ. Тухайлбал, “Sync” хамтлагийнхан таныг тэгж дуудаж байхыг нэг бус удаа сонсож байсан юм байна?

 

 

-Багш ч гэж дээ /инээв/. 25-р суваг телевизийн “Чи шүү” реалити шоуны оролцогчид төгсгөлд нь “The Beatles” хамтлагийн ковер хийнэ гэхэд, би очиж хоолойны вакал  тавьсан юм.

 

Түүнээс биш багшлаад байх нь ч хаашаа юм /инээв/. Намайг багшаа гэж дуудахаар нь би бүүр ичээд “Та нар боль, яагаад байгаа юм” гэж хэлдэг /инээв/. Би ингэж хэлэхэд нь санаа зовоод байдаг юм аа.

 

 

-Та монголын рок попын тогоонд багагүй хугацаанд “чанагдлаа”. Манай дуучид дэлхийн зах зээлд гарах боломжтой хэр байдаг вэ?

 

-Боломжтой. Гэхдээ менежмент чухал. Манай урлагийнханы хувьд эх орондоо тоглолт хийж мөнгө олоход зах зээл маш бага. Нэг тоглолт хийлээ гэхэд хамгийн ихдээ 3000 хүн нэг дор үзэх боломжтой. Уран бүтээлчийн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаггүй. Манай урлагийн салбарт хөрөнгө оруулалт маш бага, урлагийн ач холбогдолыг ойлгодог хүн тун цөөн шүү дээ.

 

Шоу бизнест зоригтой хөрөнгө оруулалт хийх байгууллага байхгүй учраас дэлхийн зах зээлд гарах боломж “асуудал” болон хувирч байгаа.

 

Уг нь манай хамтлаг, дуучид дэлхийн одуудаас дутахааргүй хоолой, авъяас, гоо үзэсгэлэнтэй. Чадалтай сайн уран бүтээлчид зөндөө бий. Өчнөөн сайн уран бүтээл гаргаж байгаа ч дэмжлэг байхгүй учраас олон улсын түвшинд танигдаж чадахгүй байна. Үүнийг шийдэхийн тулд Төрөөс дэмжиж, бодлого боловсруулах хэрэгтэй байгаа.

 

Уран бүтээлчид маань урлагт хайртай, чин зүрхнээсээ дуртай болохоор ажлаа хийгээд явж байгаа. Тийм ч учраас амьдрал маань ч бас аз жаргалтай сайн байна. Би дуртай ажлаа хийж байгаа учраас сэтгэл ханамжтай байж чаддаг.

 

 

-Манай зарим уран бүтээлчид монголоос гадна Сингапур, Малайз, Тайваньд очиж уран бүтээлээ хийдэг. Ний нийгүй асуухад алинаас нь илүү их орлого олж байна вэ?

 

 

-Тэрийн хэлж мэдэхгүй байна. Наран эгч бол тэнд нэлээд удаан дуулж байгаа. Миний хувьд “Модерн Номадс”-ийн сүлжээ Бээжинд нээгдээд, гэрээгээр дөрвөн орчим сар тэнд ажилласан. Монгол дуу дуулдаг байлаа.

 

Тэр хугацаанд “Поло артс” компанийхан намайг олж харсан юм билээ. Тэгээд санал тавиад орос дууны цомгийг гаргасан. Түүнээс биш би өөрөө тэнд амьдраад, дуулаад байсан юм огт байхгүй.

 

Мэдээж монголтой харьцуулахад гадаадад илүү мөнгө олдог.

 

Ер нь бид монгол брендийг бий болгохгүй бол, монгол дуучид гадаадад сонирхолгүй л байхгүй юу. Жишээ нь, солонгосчуудын бий болгосон K-Pop урсгал дэлхийг бүрхэж байна. Дэлхий нийт тэднийг дуурайж үсээ засаж, хувцаслаж, нүүрээ будаж байна шүү дээ. Яг л ийм монгол брендийг бий болгох хэрэгтэй байгаа.

 

 

-Санал нэг байна. Монгол дуунууд үнэхээр сайхан аялгуутай. Монгол дууны аянд гадаадын хамтлаг дуучид дуу зохиогоод дуулдаг асуудал мэр сэр гардаг. Энэ асуудлыг дуучин хүний зүгээс яаж хүлээж авдаг вэ. Юу гэж боддог вэ?

 

-Энд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал яригдах байх. Манайхан оюуны өмч, оюуны хөдөлмөрийн хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байгаа. Миний нэг дууг Хятадын дуучин нэлээд эмоцитой дуулчихсан, дуулаад явж байна лээ.

 

 

-Б.Баярцэцэг рок попын бүсгүйчүүдээс хэнтэй илүү нөхөрлөдөг вэ?

 

-Манай рок попынхон хоорондоо их найзархаг. Ямар нэг хуваагдсан фракц байдаггүй. Хэн нэгний тоглолт боллоо гэхэд заавал урилга гэхгүй заавал үздэг сайхан уламжлалтай.

Би наргиан болгож, тэдэнд “Орос концерт шүү. Та нар мэдэж байгаа биз. Яг дуртай нь ирнэ шүү. Битгий дургүй нь эвшээгээд суугаад байгаарай” гэж хэлсэн /инээв/. Магадгүй орос дууг таашаадаггүй хүн байж болно шүү дээ. Манайхан бүгдээрээ намайг дэмжиж, миний тоглолтод ирнэ гэж бодож байна.

 

 

- Ямар ч мэс засал хийлгээгүй байгаа биз дээ-

 

-Таны тоглолтын рекламын зурагт хуудсын үзэж байхад дүр төрхөндөө нэлээд өөрчлөлт хийсэн байсан. Зарим хэвлэлээр таныг мэс засалд оржээ гэх мэдээлэл ч тараад байгаа. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

 

-Харин тийм байна лээ. Би тоглолтдоо зориулж "Баярцэцэг" гэж бүсгүйг олон талаас нь үзэгчдэд харуулахыг хүссэн л дээ.

 

Дүр төрхөөрөө хүмүүст “өмнөх тоглолтоос өөр тоглолт болох нээ” гэсэн мэссежийг өгөхийг хичээсэн. Энэ өгөгдөл маань ч ард түмэнд хүрсэн бололтой /инээв/. Үнэндээ ямар ч мэс засал хийлгээгүй байгаа биз дээ.

 

Энэ зурагт би нүүр будгаар өөрчлөгдсөн дүр төрхөө өөрчилсөн. Миний нүүрний будгийг make-up artist Эрдэнэсувд маань хийсэн. Харин фото зургаа Cosmopolitan сэтгүүлийн зурагчин Викагаар даруулсан. Гэхдээ мэс засал хийлгэсэн гэсэн цуурхал цахим ертөнцөөр дэгдэнэ гэж огт бодоогүй.

Ямартаа ч, манай Эрдэнэсувд, Вика хоёрын маань мундаг ур чадварыг харууллаа /инээв/.

 

 

-Сошеал медиад хэр ач холбогдол өгч ашиглаж байна вэ?

 

-Би идэвхитэй хэрэглэгч бол биш. Хэтэрхий олон мэдээлэл хүмүүсийг уйдамтгай болгоод байгаа юм шиг ажиглагддаг. Тийм учраас нэг их дуртай биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол ашиглана. Хэрэгтэй мэдээлэл авах гэж, бас түгээх гэж ашигладаг.

 

 

-Фейсбүүк дээр таны нэртэй, таны зурагтай хуудас нэлээд байдаг юм билээ. Та тэдний нэг биш гэсэн үг үү?

 

-Тиймээ. Би биш. Миний албан ёсны хаяг өөр. Би өөрийнхөө нэрээр фейсбүүк ашигладаггүй. Миний зурагтай, миний нэртэй олон хуудас яваад байгааг би өөрөө ч гайхдаг. Бичиж байгаа зүйл, оруулж байгаа сэтгэгдэл, зураг нь минийх биш шүү гэдгийг хэлмээр байна.

 

 

-Таныг загас тэжээдэг гэж сонссон.  Энэ хобби чинь хэвээрэй байгаа юу?

 

-Би анх загас тэжээдэггүй байлаа.  Манай нөхөр гэрийн тэжээвэр амьтан, загас, нохойнд их дуртай, хайртай л даа. Бид нэг гэрт орсны дараа нөхөр маань загас тэжээнэ гээд аквариум  авчирсан. Тэгээд л тэжээж эхэлсэн дээ. Сүүлдээ загасанд дуртай болчихсон. Загаснуудаа төрөх үед нь зарим шөнө нойргүй хонодог байлаа. Ээжид нь илүүдэхгүйн тулд "төрөх анги" хийж тусгаарлана. Их сүртэй юм болдог байсан.

 

 Нэг өдөр нөхөр бид хоёрын байхгүй байхад, манай Моли гэдэг хамгийн том загас төрчихгүй юу, тэгэхэд ээж маань “эх барьж” аваад /инээв/, ээждээ баяр хүргэж байсан хөгжилтэй дурсамж байдаг.

 

Харин охиноо төрүүлсний дараа загаснууддаа анхаарлаа хандуулах боломжгүй болсон. Тэгээд тэр чигт нь асрамжийн газар хандивлачихсан. Миний фейсбүүк найз Ууганбаяр гэж эмэгтэй асрамжийн хүүхдүүдэд илүү зүйлээ хандивлах аян явуулсан. Тэр үед нь ямар хуучин хувцас өгөлтөө биш гэж бодоод ном, эсвэл загаснуудаа өгий гээд өгчихсөн.

 

Саяхан загаснуудын маань зургийг явуулсан байна лээ. Их сайн асарч, тэжээж байгаа юм билээ, “миний хүүхдүүд”-ийг /инээв/.

 

 

-Өнгөрсөн онд урлагийн олон бүсгүй анхны үрийн зулайгаа үнэрлэсэн. Та ч бас тэдний нэг байлаа. Нууц биш бол охиндоо хэн гэж нэр өгсөн бэ?

 

-Миний охиныг Тара гэдэг. Мундаг гэгээнтэний өгсөн нэр. Энэ нэрээр дуудвал, миний охинд аюулгүй гэж хэлсэн.

 

Албан ёсны нэр нь өөр л дөө. Тэрийг олон нийтэд цацаад яахав /инээв/. Миний охиныг гэдсэнд байхад нь эмч нар хүү гэж хэлдэг байсан. Тэгээд хүүдээ нэр бодчихгүй юу. Тэгсэн чинь гэнэт охин  болоод хувирсан /инээв/.

 

-Хэдэн сард төрсөн бэ?

 

-Зургаадугаар сард төрсөн. Одоо 10 сартай их хөөрхөн гүнж бий. Саяхан Сараа эгчийн тоглолт дээр анхны хүүхдээ өлгийдсөн, ээж болоод удаагүй байгаа урлагийн бүсгүйчүүд цуглахгүй юу. Тэгсэн бүгд нэг, хоёр сарын зөрүүтэй төрсөн зургаан ээж байсан. Тэгэхэд Нара маань селфи хийгээд, фейсбүүкээрээ цацсан чинь хэдэн мянган лайк авсан гэж санана. Нара маань сошеал ертөнцөд маш нэр хүндтэй юм билээ.

 

 

-Охиныг чинь хэн харж байгаа вэ?

 

-Миний ээж, эгч хоёр ой хүртэл нь харж өгнө гэж амласан. Амласан ёсоороо харж өгч байгаа. Би чинь охиноо нэг сартай байхад ажилдаа орчихсон. Тухайн үедБалхаа ахын тоглолт болох гээд бэлтгэлдээ орж байсан. Одоо энэ тоглолтоо дуусгаад охинтойгоо үргэлж хамт байж, өөрөө  асарна, өөрөө харна.

 

 

-Нууц биш бол Б.Баярцэцэг ямар хүнтэй суусан бэ?

 

-Эгэл жирийн, энгүүн сайхан залуутай гэр бүл болсон. Бид хоёр чинь 1999 онд нэг гэртээ орсон шүү дээ. Одоо яг 15 жил цуг амьдарч байна. Анхны хүүхдээ төлөвлөж байгаад гаргасан. Бид хоёр монголын залуу гэр бүл яаж амьдарч байна, яг тэр жишгээр амьдарч байгаа. Дараагийн хүүхдээ гурав, дөрвөн жилийн дараа гаргахаар төлөвлөж байна.

 

-Төрсний дараа ихэнх эмэгтэйчүүдийн биед нэлээд өөрчлөлт гардаг. Зарим нь өмнөхөөсөө турсан байхад, зарим нь таргалсан байх жишээтэй. Таны хувьд өөрийн гоо сайхан, бие галбираа хэрхэн хадгалж үлдсэн вэ?

 

-Надад онцгой хоолны дэглэм байгаагүй. Би төрснөөс хойш орой 6-аас хойш хоол иддэггүй болсон. Гэхдээ хөхөөрөө хооллож байсан. Том гэдэстэй явж байгаад, төрөөд гэнэт гэдэсгүй болчихоор өөртөө туранхай санагдаад байлаа. Тэгээд жин дээр зогсоход байдаг жингээсээ 15 кг нэмэгдсэн байсан. Шоконд ороод эрчимтэй, хүчтэй биеийн тамирын бэлтгэлд орчихсон. Гэтэл үүнээс болж бүх үенүүдээ гэмтээсэн.

 

Би ээжийнхээ үгэнд орохгүйгээр дураараа гэнэт бэлтгэл хийснээс болж, гам алдсан. Тэгээд сүүлд нь “ер нь эмэгтэй хүн хүүхэдтэйгээ гурван сар хамт байгаад, гурван сарын дараагаас өөрийгөө бодох хэрэгтэй юм байна” гэж бодогдож байлаа.

 

 

-Цаг хугацаагаар аялуулсан тоглолт болно-

 


-Яагаад орос дуугаар тоглолт хийх болов. Энэ талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 


-Намайг хүмүүс орос дуугаар их сайн мэддэг юм билээ. Бараг миний имидж болчихсон гэх юм уу даа /инээв/.

 

Анх 2006 онд Хятадын “Поло артс” компанитай хамтарч орос дууны цомог гаргасан. Тэр цомог маань тухайн үедээ хөгжмийн наадмаас "хамгийн сайн борлуулалттай цомог" гэсэн шагнал авч байсан. Тэгж анх орос дуутай холбогдсон. Гэхдээ миний бага нас оросууд дунд өнгөрсөн. Орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Багаасаа л орос дуунд дуртай.

 

Анх 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байлаа. Түүнээс хойш хүмүүс тавдугаар сарын 9-ний өдрийг дөхөхөөр л “Орос дууны тоглолтоо хийхгүй юм уу” гэж  асуугаад байдаг болсон. Энэ тоглолт маань дурсамж сэргээсэн тоглолт болно.

 

 

 

-Тоглолт хэдэн дуунаас бүрдэж байгаа вэ. Ямар ямар хамтлаг дуучид оролцох вэ?

 

-Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн байгаа. Хөгжимчдөөр “A sound” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ орж байгаа. Харин дуучдын хувьд надтай дуэлт дуулах ганц, хоёр дуучин бий. Тэрийг үзэгчид маань тайзан дээрээс харах байх. Мөн олон бүжигчид, эрэгтэй хоор оролцож байгаа.

 

 

Тайзны хувьд эмэгтэй дуучин гэдэг утгаараа тайз, заалыг тэр чигт нь цав цагаан өнгөтэй, өвөрмөц шийдэлтэй болгож байгаа. Энд маш олон оёдолчин, зураачид ажиллаж байгаа. Шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

 

Тоглолтын  найруулагчаар ОХУ-ын Уралын урлагийн их сургууль төгссөн маш нарийн мэдрэмжтэй н.Оргил гэж залуу ажиллаж байгаа. Мөн хөгжмийн найруулгыг Т.Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байна.

 

 

-Тоглолтод таны байгуулсан шинэ компани орж ажиллаж байгаа сураг байсан. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Би “Bayartsetseg music enterprises” компанийг шинээр байгуулсан байгаа. Компанийн маань хийж байгаа хамгийн анхны тоглолт учраас анхаарлаа маш нарийн хандуулж, ажиллаж байна. Энэ тоглолт маань компанийн маань дараа дараагийн амжилтын эхлэл шүү дээ. Тэгэхээр анхаарлаа хандуулж ажиллахгүй бол болохгүй.

 

 

-Хэдэн цаг үргэлжлэх вэ. Хэдэн хэсгээс бүрдсэн бэ?

 

-Тоглолт хоёр цаг орчим үргэлжилнэ. Дөрвөн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ. Хоёр дахь хэсэгт, эх орны дайны дуунуудын хэсэгт бидний хүсэн хүлээж үздэг “Хаврын 17 учрал” киноны дуунаас эхлээд дайнд нэрвэгдсэн оросын ард түмний сэтгэлийн дуудлага болсон шилмэл дуунуудаас бүрдэнэ. 

 

Гурав дахь хэсэгт, бүсгүй ертөнц, хайр сэтгэл, аялгуут хөгжмийн дотоод гайхамшигийг уран бүтээлээрээ нээсэн Анна Герман, Майя Кристалинская, Муслим Магомаев зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдэнэ. Хамгийн сүүлд 80-90-ээд оныхоны үтрэмийн талбай, соёлын төвүүдийн бүжгийн талбайг доргиож, айл бүрийн магнитофон, пянз тоглуулагчаас эгшиглэдэг байсан хөнгөн цоглог, диско хэмнэл бүхий Алла Пугачёва, София Ротару, “Здравствуй, песня”, “Самоцветы”, “Ласковый май” хамтлагуудын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн байх болно. Мөн орос хүүхэлдэйн киноны дуунууд орж байгаа гэдгээрээ маш онцлогтой байгаа. Өөр өөр гэнэтийн бэлэг их бий.

 

Өөрөөр хэлбэл, тоглолт маань театрчилсан найруулгатай байгаа. Маш их хүч хөдөлмөр, ур ухаан, авъяас орж байна. Хүмүүсийг цаг хугацаагаар аялуулна гэсэн үг л дээ.

 

 

-Тасалбар хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа бэ?

 

 

-Энгийн суудал 39 999 төгрөг байгаа. Гэтэл 1 төгрөгөө хариулж өгөх гэхээр банканд тасарсан байна лээ. Тиймээс 10 төгрөг хариулж өгч байгаа. Тэгэхээр 39990 төгрөгөөр тоглоно гэсэн үг. Харин VIP 129 999 төгрөг. Энэ үед хүлээн авалтын бүх зүйл багтсан байгаа. Дээрээс нь “Хязгааргүйн цаана” цомгоо бэлэг болгон өгнө. Цомгийн бэлгийн туузыг ээж маань өөрийн гараар цэцэг болгон чимэглэсэн. Үнэхээр их сэтгэл шингэсэн.

 

 

Аливаа тоглолт ивээн тэтгэгчгүй бол асуудалтай шүү дээ. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр эко амьдралын гайхамшгийг уран барилгын салбарт нэвтрүүлж, стандарт тогтоосон Nomin Construction Development Group, ивээн тэтгэгчээр салбартаа анхдагч, нэр хүндтэй  “Төгс зуурмаг” ХХК, уулархаг кавказын үсан үзмийн гайхам амтыг хэрэглэгчиддээ түгээдэг Таван Богд Интернэйшнл ХХК, эвент менежментийн салбарт тэргүүлэгч Крокус Эвент Холл ажиллаж байгаа.

 

 

-Ярилцсанд баярлалаа.
 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ууганцэцэг:
би баярцэцэгийн сиди аавах гээд олоогүй шүү
2020-08-22
эмээ:
эмээ нь Орос дуунуудад дуртай. сайхан хотолбортэй юм байна. даан ч тэтгэвэрийн би узэж чадахгуй юм даа. Баярцэцэгтээ амжилт хусье. Зурагтаар узэх завшаан тохиох байхаа
2015-05-07
зочин:
Мундаг юм бэ. Амжилт хүсье.
2015-05-07