Цалин байрандаа үлдэж, татвар нэмэгдэх нь

Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг нэмэх нь улсаас нийгмийн асуудлыг шийдэж буйн хамгийн том хэлбэр. Ямар ч сонгуулийн ялалт, аль ч Засгийн газрын оршин тогтнох, УИХ-ын хэлэлцэх гол асуудал болсон цалин тэтгэврийн нэмэгдэл өдгөө хүнд байдалд ороод байна.
Сар шинийн өмнөхөн өндөр настнуудын тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмж, энэ удаадаа амыг нь тагласан. Цаана нь төрийн албан хаагчдын цалин гурван үе шаттайгаар нэмнэ гэсэн том амлалт хариултаа нэхэж буй. Гэвч энэ нэмэгдлийг өгөх чадал тэнхээ Засгийн газарт алга. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цалин нэмэх нь битгий хэл одоогийн хэмжээг тогтмол өгч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа асуудлыг ярилцсан гэх сураг бий. Улсын төсөв маш хүнд байдалд орж, данс улаасан гэх үг томоохон албан тушаалтны амнаас унасан удаа ч бий.
Энэ бүхнийг батлах мэт өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 онд цалин, тэтгэврийг нэмж чадахгүй гэдгийг хэлэв. Улсад цалин, тэтгэвэр нэмэх боломж байхгүй учраас ирэх онд бүсээ чангалахыг эртнээс сануулж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг 2016 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ч тусгаагүйг Сангийн яамныхан хэлсэн. Товчхондоо ирэх онд цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй нь нэгэнт тодорхой болсон асуудал гэсэн үг.
Үүнтэй эсрэгцэн яригдаж буй өөр нэг асуудал бол хотын татвар. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын хэмжээг нэмэхгүй бас бууруулахгүй хэмээн чуулганы индрээс мэдэгдсэн. Гэвч үүнтэй зөрчилдсөн хуулийн төсөл Төсвийн байнгын хорооны дэмжлэгийг авч, өнөөдөр УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийх гэж байна. Улсаас өгөх цалин, тэтгэвэр чинь хуучин байрандаа, харин улсад өгөх татвар чинь бас нэг төрлөөр нэмэгдэж, хэмжээ нь өсч магадгүй нь. Нийслэлд шилжин ирэгсэд жилээс жилд өсч, хотын ачааллыг нэмэгдүүлж байгаа нь татвар бий болгох гол үндэс гэнэ. Нэг үгээр хэлбэл нийслэлд үүсээд буй хүндрэл бэрхшээлийг шийдэх төсөв хөрөнгө хотод байхгүй учраас иргэдээс татвар хэлбэрээр мөнгө авч, асуудлыг шийдэх гэнэ. Ингэхдээ нийслэлд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд хотын татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Эндээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагууд чөлөөлөгдөнө. Ер нь бол хувийн хэвшил, иргэдээс л татвар авна гэсэн үг. Бараа, үйлчилгээ бүхнээсээ татвар төлнө. Гэхдээ хэд гэдгийг нь НИТХ тогтоох аж. Хотынхон энэ хуулийн төслийг хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотууд хөгжих боломж хэмээн харж буй гэнэ.
Асуудлыг энэ өнцгөөс харж болно. Мэдээж нийслэлд төвлөрлөөс үүдсэн олон бэрхшээл бий. Гэхдээ татвар бий болгох цаг нь одоо мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарч, улс хүнд байдалд орсон. Улс хөрөнгийн чадваргүйгээс цалин, тэтгэврийг нэмж чадахгүй. Энэ нь татвар нэхэх хувийн хэвшлийнхэнд ч том нөлөөлөл үзүүлнэ. Наанадаж л бараа бүтээгдэхүүний борлуулалт буурна. Хотынхны хүсч буй хөрөнгийн эх үүсвэр, асуудлыг шийдэх гарц болж чадах эсэх нь эргэлзээтэй л байна. Нэгэнт хуулиар зохицуулж байгаа учраас албан байж таарна. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжийн заавал төлөх ёстой татварын нэг гэсэн үг. Харин энэ албадлага өнөө маргаашаа аргацааж байгаа наймаачин, ажилчдынхаа цалин яая гэж буй аж ахуйн нэгжид дарамт л болно. Тиймээс Засгийн газрын бодлоготой зөрчилдөж байгаа хуулийн төслийг УИХ-ын гишүүд эрүүл ухаанаар харах биз ээ.
Телевизийн суваг болгоноор улс орон элгээрээ хэвтэж, ард түмний амьдрал хэцүүдлээ хэмээн халагладаг хүмүүс түвэгтэй цаг үед юу хэрэгтэй, юу хэрэггүй мэдэж байгаа байх. Цалин, тэтгэврийг чинь нэмэхгүй гэж хатуудаж буйгаа элдэв татвараар дарамтлахгүй гэж зөөллөх буй за.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ