Э.Цэлмэг: Хүнд туслах гэсэн сэтгэл маань намайг зоригтой болгосон

Сүүлийн хэд хоног фэйсбүүк, твиттер хуудсаар Meg Erdenekhuu хэмээх бүсгүй олны танил болоод байгаа. Эрдэнэхүүгийн Цэлмэг гэх энэ бүсгүй монголдоо төдийгүй, Африкийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах сайн дурын ажил хийдэг аж.
Мөн “Меg’s guesthouse” аялал жуулчлалын компанийг хариуцан ажиллуулж, олсон орлогынхоо 25 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, өнчин өрөөсөн хүүхдүүдэд хандив болгон, тусламж үзүүлдэг гэнэ. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа сонирхуулж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Яагаад сайн дурын ажил хийх болов. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Намайг Эрдэнэхүүгийн Цэлмэг гэдэг. Хүнд тусална гэдэг чинь хамгийн их буян гэж боддог. Би хүүхдэд их хайртай. Дунд сургуулийн сурагч байхаасаа л гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийг хараад өрөвддөг байсан. Өөртөө байсан чихэр, халаасанд байгаа бүх мөнгөө тэдэнд өгчихдөг байлаа. Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээтэй, нэн ядуу амьдралтай олон хүн байна. Тэд нийгэмшиж чадахгүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Тийм хүмүүст туслахыг илүү хичээдэг. Тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, би хэрвээ саажилттай бол яах вэ, хөгжлийн бэрхшээтэй бол яахав гэж боддог. Тэр хүмүүсийн дуу хоолой болоод явахыг хүсдэг.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ихэвчлэн юугаар тусалдаг вэ?
-Гэхдээ би тэдэнд шууд мөнгө өгөөд байж чаддаггүй. Тэдэнд юу хэрэгцээтэй байна гэдгийг уулзаж, ярилцаад, ойлгож мэдэрдэг. Тэгсний үндсэнд тэргэнцэр, зориулалтын сандал, чихний аппарат, эмийн сангийн хэрэглэл, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл авч өгдөг.
Мөн орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлыг ажлын байртай болгохыг хичээдэг.
Тухайлбал, тэдний гадна жуулчны гэр бааз байгуулж, эдийн засагт нь дэмжлэг үзүүлэхийг хичээнэ. Одоогийн байдлаар Өмнөговь, Баян-Өлгий гэх мэт аймгуудад дөрвөн айл бий.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийнхний хийсэн гар урлал, уран зураг, сүлжмэл эдлэл зэргийг жуулчдад зарж борлуулдаг.
Өнөөдөр Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхэд үзүүлсэн тусламж бараг байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд таван жилд нэг удаа Хятадын тэргэнцэр авч өгдөг. Гэвч тэр тэргэнцэр нь удалгүй эвдэрсэн байх жишээтэй.
Та бүхэн хотын төвд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бараг олж харахгүй байх. Гэтэл гэртээ уйтгарлаад, гуниглаад сууж байгаа зөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг шүү дээ. Тэдний дийлэнх нь их авьяаслаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
-Хэзээнээс сайн дурын ажил хийж эхэлсэн бэ?
-2007 оноос сайн дурын ажил хийж, бусдад тусламж үзүүлж эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн анх “Танайд хоноё” нэвтрүүлгээр оролцож байсан талийгаач Тунгалаг эгч байсан. Тунгалаг эгчийг телевизээс харчихаад байгаа бүх мөнгөө өгч байсан. Түүнээс хойш олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг нийгмийн эмзэг бүлэгт байгаа хүмүүст туслах зорилготой болсон л доо. Хүнд туслах гэсэн сэтгэл маань намайг илүү их ажил хийлгэж, зоригтой болгосон байх гэж боддог /инээв/.
-Тэр үед ямар ажил хийдэг байсан бэ?
- Би тэр үед хөтөч хийдэг байлаа. Гэхдээ энэ компаниа байгуулаагүй байсан. Дөнгөж 22 настай охин байсан. Хааяа мөнгөтэй, хааяа мөнгөгүй тийм л үе байсан.
-Фэйсбүүк хуудсыг чинь үзэж байхад, та асрамжийн газраас эхлээд, хагас өнчин хүүхдүүдэд тусалсан зургууд байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Бололгүй яахав. Би Улсын төв асрамжийн газартай байнга холбоотой ажилладаг. Энэ асрамжинд 2-6 насны хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүдэд хэрэгцээтэй хувцас, тоглоом аваачиж өгнө, бас очиж эрхлүүлдэг. Хүүхэд гэдэг чинь өөрөө их хөөрхөн шүү дээ. Маш гэгээлэг, гэнэн цайлган хүмүүс байдаг.
Харин сүүлийн үед гаднаас ирсэн жуулчдаа уриалж, авч очдог болсон. Манай жуулчид өөрсдөө “чамайг хүүхдүүдтэй харьцдаг гэдгийг чинь мэднэ, би ч бас очмоор байна. Яахав, юу хэрэгтэй вэ” гэдэг. Тэгэхээр нь Улсын их дэлгүүрт авч ороод тоглоом, хувцас, памперс гэх мэт аль болох чанартай зүйлс авч очуулахыг боддог. Ер нь манай компанийн шугамаар ирсэн жуулчдын дийлэнх нь хүүхдэд туслах зорилготой ирдэг.
Учир нь энэ талаар манай компани өөрийн веб хаягтаа дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан байдаг юм.
Налайхад бас олон жаахан хүүхэдтэй, нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон эгч байсан. Би Тэрэлж рүү аялах замдаа жуулчлалаас олсон орлогоороо мах, гурил, будаа гээд зүйлс авч очиж байсан. Одоо тэр эгч маань хаана явдгийг мэдэхгүй байна.
Мөн өнгөрсөн 2014 оны наймдугаар сард гарсан гэр бүл, эцэг эхийн хайр халамжийн тухай баримтат кино үзээд миний сэтгэл их хөдөлсөн. Тэр кинонд ээж нь элэгний өвчнөөр нас бараад аав нь хоёр охиноо тэжээхийн тулд хэрхэн ажиллаж байгааг харуулсан байсан. Би энд тэндээс тэр ахын утсыг хайж олоод, шууд яваад очсон. Тэгээд хоёр охинд нь хичээлийн хэрэгсэл бэлдэж өгсөн байгаа. Нэг охин нь надаар дамжуулаад, нэг байгууллагын сургалтад сууж байна. Ер нь телевиз, интернэтээр дамжуулан хандив гуйсан хүмүүс дээр очдог.
-Сүүлийн үед цахим ертөнцөөр янз бүрийн хандив тусламж гуйсан хүмүүс их байдаг болсон. Мэдээж тэдэнд боломжоороо туслахыг хичээдэг гэлээ. Гэхдээ “сайны хажуугаар саар” гэдэг шиг зовсон зүдэрсэн хүмүүсээр шалтаглаж, хандив гуйж, залилан хийдэг хүмүүс бий болсныг хуулийн байгууллагынхан хэлж байна. Өөртэй чинь тийм хүмүүс таарч байв уу?
-Тийм хүмүүс таарч байгаагүй. Яагаад гэвэл, би ямар нэгэн байгууллага, хоёрдогч этгээдээр дамжуулж, тусламж хүргүүлж байгаагүй. Тухайн өвчин, зовлон, үхэл хагацал үзсэн хүнтэй шууд холбогдож, тусламжаа хүргэж өгдөг. Тухайлбал, телевизээр тэр хүний талаар олж мэдсэн бол, данс руу нь мөнгө хийхгүйгээр утас, хаягийг нь олоод өөрөө очиж, биеэр уулздаг.
-Тусламж авсан хүмүүс тантай эргэж холбогддог уу?
-Олонх хүмүүс эргэж холбогддоггүй. Харин байгууллагууд бол холбоотой байдаг.
-Таныг дэлхийн 22 улсад аялаж байсан гэж сонссон. Өөрөө ямар мэргэжилтэй вэ. Хэлийг хаана эзэмшив. Ямар ямар хэлтэй вэ?
-Би 10 жилээ Монголд төгсөөд, АНУ-д хэсэг хугацаанд ажиллаж амьдарсан. Дунд сургуульд байхдаа Орос, Англи хэлийг эзэмшсэн.
Нэмж хэлэхэд, би их дээд сургуульд суралцаж амжаагүй /инээв/. Өөрийн сурсан гадаад хэлээ ашиглаад өнөөдрийг хүртэл явж байна. 20 настайгаасаа эхлээд хэлний мэдлэгээрээ хөтөч хийдэг болсон. Одоо 30 настай. Хүн ямар ч ажлыг хийгээд үзэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Намайг 16 настай байхад аав, ээж маань АНУ-руу явуулчихсан. Дөнгөж 16-17 настайгаасаа эхлээд тэнд шал угаагч, пиццаны газарт зөөгч, олон улсын ярианы карт борлуулагч, жолооны багш гээд олон ажил хийж байлаа. Гэхдээ өөртөө олсон мэдлэгээ хурдан дээшлүүлэх ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон шүү /инээв/. Ажлыг голохгүй хийх ёстой гэж залууст хэлмээр санагддаг.
-Та Африк тивд очиж сайн дурын ажил хийсэн зургууд цахимаар яваад байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна. Яг ямар улсад очиж, сайн дурын ажил хийсэн вэ?
-Манай найз залуу эмч мэргэжилтэй. Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүн байдаг. Ихэнхдээ ядуу буурай орнуудад явж эмнэлгийн тусламж үзүүлдэг. Тэр маань Зүүн Африкт одоо ажиллаж байгаа. Миний хувьд өвлийн саруудад завтай байдаг учраас тэр хугацаанд найз залуу дээрээ очиж хамт байдаг.
Тэгээд Зүүн Африкийн Малив улсад сар гаруйн хугацаанд хамт ажиллалаа. Миний үүрэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжөөх, эмч нартаа тусалж, гар хөлийг нь барьж өгөх байсан л даа. Зарим хүүхдүүдийг хараад өрөвдөнө, уйлна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд үнэхээр “нүд хальтирч, өр өвтгөм” харагддаг.
-Тэд хэр хугацаанд хоол идээгүй гэдэг вэ?
-Янз янз л даа. Хэзээ хоол идсэн бэ гэхээр уржигдар өглөөний хоол идсэн, бид нарт хоол идэх мөнгө байхгүй гэдэг. Монгол, Африк хоёрын ялгаа асар их. Тэд тодорхой хэмжээний тариалан тарьдаг боловч, тариа нь байгалийн нөлөөллөөр сүйрэх тохиолдол байдаг юм билээ. Ингээд сүйрчихвэл, тэд өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн үг.
-Тэнд нийгэм, эдийн засгийн хувьд ямархуу байдаг вэ?
-Ажлын байр маш ховор. Ажил олдлоо гэхэд монгол мөнгөөр сард 40-50 мянган төгрөг авдаг юм билээ. Хотын төвдөө гайгүй амьдралтай хүмүүс нь амьдардаг юм билээ. Хотын зах руугаа ядуурал, өлсгөлөн, биеэ үнэлэлт асар их байдаг юм билээ. Африк тив бол ХДХВ/ДОХ-ын голомт шүү дээ. 10 хүн тутмын нэг нь ийм халдварт өвчтэй байдаг юм билээ. Эмнэлгийн хамгийн бага нэгж буюу манайхаар өрхийн эмнэлэг бие нь өвдөөд ирсэн хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг үзээд, шууд ХДХВ/ДОХ-ын шинжилгээ авдаг.
Хэрэв ХДХВ/ДОХ-той бол “эмчлэх боломжгүй” гэдэг юм билээ. Мөн бага насны охидыг хүчирхийлэх явдал их гарна.
Би ХДХВ/ДОХ-ын халдвар мухар сүсгээс болж их тархаж байна гэж бодсон. Хэн нэгэн ХДХВ/ДОХ-ын халдвар авлаа гэхэд манайхаар нутгийнхаа бөө дээр очдог юм билээ. Тэгэхээр нөгөө бөө нь онгон охинтой унтвал эдгэнэ, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бэлгийн харьцаанд орвол зүгээр болно гэж хэлдэг юм билээ. Тиймээс бэлгийн хүчирхийлэл олон гардаг юм шиг санагдсан. Бас өсвөр насны 13-15 насны охидын хүсээгүй жирэмслэлт их байдаг юм билээ.
-Африкт Эбола вирус гарлаа гэж дэлхийн олон хэвлэлээр шуугиж байсан. Эдгээр өвчнөөс хэрхэн сэргийлж явсан бэ?
-Тэр үед Эбола вирус баруун Африкт гарч байсан. Би зүүн Африкт байсан учраас халдвар авах магадлал харьцангуй гайгүй. Харин ХДХВ/ДОХ бол цусаар дамжина. Тиймээс Африкийн эмнэлэгт ажиллаж байхдаа байнгын анхааралтай байсан. Мэдээж тэнд шүдээ авахуулж, тариа хийлгэхгүй /инээв/.
-Дахиж Африк руу явж сайн дурын ажил хийх үү?
-Би ирэх 10 сард явах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эмнэлэгт ажиллахгүй, асрамжийн газар ажиллах бодолтой байгаа.
-Фэйсбүүкийн найзуудтайгаа сайн дурын ажил зохион байгуулна гэж сонссон юм байна.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургаадугаар сарын 1-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгт хандив, тусламж хүргэх аян зохион байгуулах гэж байна. Тус цэцэрлэгт 6 сартайгаас 15 нас хүртэлх тархины саажилт, дауны хам шинжтэй 80-100 хүүхдүүд байдаг. 15 настай хүүхдүүд нь нялх хүүхэд шиг сэтгэхүйтэй. Мөн ихэр хүүхдүүд ч байдаг.
-Таны сайн дурын үйлсэд нэгдэх хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Хүүхдэд чихэр, жимс өгөх нь хоцрогдсон асуудал. Үүнийг би буян гэж боддоггүй. Харин хүүхдүүдэд хэрэгтэй, хувцас, тоглоом, живх, 00-ын цаас гэх мэт зүйлс хэрэгтэй. Энэ хүүхдүүдэд байнгын арчилгаа хэрэгтэй байдаг учраас хэрэгтэй зүйлсийг нь өгсөн дээр.
-Хувцас гэхээр манайхан хуучин хувцас өгөөд байдаг. Үүнийг юу гэж боддог вэ?
-Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Хог дээр хаяхын оронд тэрэнд өгчий гэсэн асуудал байж болохгүй. Хүн өмсчихөөр цэвэрхэн, эдэлсэн бол зүгээр. Ер нь тус цэцэрлэгт хүүхдүүдийн хувцас хэрэгтэй байдаг гэсэн. Мөн зурагтай ном, дуугардаг тоглоом, живх хэрэгтэй гэж эмч багш нар хэлж байсан.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ