Д.Мөнхчулуун: Бид дэлхийг мөрөөдөж байхгүй яав даа

Өнөөдөр "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны төрсөн өдөр. Тэрбээр өнөөдөр 31 нас хүрч байгаа бөгөөд төрсөн өдрөөрөө бусдаас бэлэг авах биш өгөх өдөр болгож байгаа аж.
Өөрөөр хэлбэл, гэр бүл найз нөхдийнхөө өгсөн бэлгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур нэн ядуу хүүхэд багачуудад өгөхөөр болжээ. Түүнтэй хийж байгаа сайн дурын үйл ажиллагааны талаар болон “Татар”-чууд хэрхэн амьдарч байгаа талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд төрсөн өдрийн мэнд хүргье. Төрсөн өдрөөрөө нийгмийг хамарсан хүмүүнлэгийн ажил хийж байгаа юм байна. Яагаад сайн дурын ажил хийх болов?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. Би өмнө нь төрсөн өдрөө найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг байсан. Ер нь хүн бүр л тэгж тэмдэглэдэг байх. Харин энэ удаагийн төрсөн өдрөөрөө хүмүүнлэгийн ажил хийе гэж бодсон.
Хүн ер нь нэг амьдрахдаа хэд хэдэн удаа дахин төрдөг юм байна л даа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би ээжээсээ нэг төрсөн, дараа нь 15 настай буюу шилжилтийн насандаа /Татар хамтлаг байгуулагдсан/ нэг төрсөн гэж боддог. Харин дараа нь 25 насандаа амьдралын эрээн барааныг ойлгож дахин төрсөн, одоо 31 нас хүрээд дахин мэндэлж байна гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл, хүний үзэл бодол, оюун санаа нь үргэлж шинэчлэгдэж байдаг юм байна. Тиймээс энэ удаагийн төрсөн өдрөөрөө ганцаараа баярлахыг хүссэнгүй. Амьдралын эрээн барааныг үзэж, нухлагдаж яваа хүүхдүүдийг баярлуулахыг хүслээ.
Яагаад гэвэл намайг хүүхэд байхад нийгмийн шилжилтийн үе эд өрнөж байлаа. Хүмүүс хүнд туслах нь бүү хэл өөрсдийн амьдралаа хэрхэн авч явах вэ гэж боддог байсан үе. Харин өнөөдөр надтай ойролцоо насны залуус маань нийгэмд эзлэх өөр өөрийн гэсэн байр суурьтай болсон байна. Тэгэхээр энэ төрсөн өдрөөр хандив цуглуулж байгаа юм.
-Сайн дурын ажилд таны хэдэн найз нөхөд нэгдэж байгаа вэ?
-Миний хийж байгаа сайн дурын ажилд маань дээд тал нь 100 орчим хүн оролцоно гэж итгэж байна. Яг одоогийн байдлаар 60-70 хүн миний төрсөн өдөрт ирж, хүмүүнлэгийн ажилд оролцохоо илэрхийлсэн байгаа. Миний төрсөн өдөрт ирж байгаа найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад маань надад бэлэг өгөхгүйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн өвчинд нэрвэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй, амжиргаанаас доогуур түвшний хүүхдүүдэд туслах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдэхийг уриалж байгаа юм. Би хандиваас цугласан зүйлсээ энэ хүүхдүүдэд өгч, эргээд хандив өргөсөн хүн бүрт баримттай, тайлагнах болно.
Мөн энэ өдрийг архи согтууруулах ундаагүй, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээсээ ярилцах, оюун санааны өдөр болгон тэмдэглэж байгаа.
-Найзууд чинь таны энэ санаачилгыг яаж хүлээж авч байна. Магадгүй таныг “чи хэзээ ийм байсан юм. Төрөл арилжсан байна” гэж хэлэх хүн байгаа байх?
-Тийм. Тэгж хэлсэн хүн бий. Би энэ ажлыг хийх үү, байх уу гэж их эргэлзсэн л дээ. Хүн бүрт ядруу яваа нэгэндээ тусалчих юмсан гэсэн бодол, хүсэл байгаад байдаг. Гэвч хэрхэн бодлоо үйлдэл болгохоо мэддэггүй, бодлоороо хязгаарлаад байдаг. Харин би бодлоо үйлдээд ирэхээр найзууд маань ойлгож, тийм үг хэлэхээ больсон. Зарим нь “wow, чам шиг хүүхдүүдэд тусламаар байна. Яаж туслахаа мэдэхгүй байсан юм” гэж хэлэх нь ч бий /инээв/.
-Төрсөн өдрөө хаана тэмдэглэх гэж байна. Хэрэв уншигчид маань таны санаачилсан сайн дурын ажилд нэгдье гэвэл хаашаа хандах вэ?
-“Happy center”-т хийнэ. Гэхдээ энэ газарт 100 орчим хүн л багтах байх. Хэрэв хүмүүнлэгийн ажилд маань нэгдэхийг хүсвэл, миний фейсбүүк хуудас дээр саналаа ирүүлээрэй. Миний фейсбүүк хуудас бол https://www.facebook.com/TATAR.fanclub?fref=ts шүү.
-Хүүхдүүдэд туслах сайн дурын ажил хийж байгаа нь та өөрөө “аав” болсонтой холбоотой байх. Гэр бүлийнхээ талаар яриач?
-Тэгэлгүй яахав. Би хоёр хөөрхөн охинтой, их азтай хүн. Эхнэртэйгээ танилцаад 11 жил болж байна. Хүн өөрөө “аав” болоод ирэхээр хүүхдийн талаар их бодож эхэлдэг юм билээ. Тухайлбал, энэ хүүхэд ямар хүн болох вэ, хэн болох вэ, миний гаргаж байсан алдааг яаж давтуулахгүй байхав гэж боддог.
Ер нь хүүхдэд маш их хэрэгцээ байдаг юм байна. Би өнгөрсөн долоо хоногт мэргэжлээ сонгох гэж байгаа 1000 хүүхдэд ярилцлага хийлээ. Гэтэл энэ хүүхдүүдэд надад тулгарч байсан асуудлууд давтагдаад тулгараад байгааг ойлгосон. Тухайлбал, ээж аав нь ярилцахгүй, ойлгохгүй, “чи жаахан юм байж” гээд дээрээс хандаад байдаг.
Гэтэл тэр хүүхдийн бодол нийгмээ дагаад санаа маш хурдацтай хөгжсөн байдаг. Би ч гэсэн өсвөр насандаа “Ээж аав хоцрогдсон, юм ойлгодоггүй” гэж боддог байсан. Яг энэ байдал давтагдаад байгааг ойлгосон. Тэгэхээр бид хүүхдүүддээ санаа тавих нь зөв юм байна гэдгийг илүү ихээр ойлгож, мэдрээд байна.
-Таны яриандаа “би алдаж байсан” гээд л хэд хэдэн удаа давтаж хэллээ. Яг ямар асуудал дээр алдаа гаргаж байсан юм бэ?
-Хүн чинь жаахан нэр алдартай болоод ирэхээр, их хөөрүү сагсуу, омголон болдог юм билээ. Бид гурав 10 жилийн 7-8 дугаар ангийн хүүхэд байхаасаа “Татар” хамтлагийг байгуулж, сагсуурч явсан үе бий. Зөвхөн бид гурав ч биш л дээ, өсвөр насны эрэгтэй хүүхдүүд болгон жижиг сажиг алдаа гаргадаг шүү дээ.
Тухайлбал, өсвөр насны хөвгүүд би биеэ даагаад амьдарчихъя, надаас мундаг чадалтай эр байхгүй гэж боддог. Тэгээд зодоон цохион хийнэ, архи пиво амсаж үзнэ. Үүнээс болж өсвөр насны хүүхдүүд маань амьдралдаа алддаг байхгүй юу.
Гэхдээ би их азтай. “Татар” хамтлагийн гишүүн болох хувь заяатай байсан нь миний аз. Энэ хамтлагийн гишүүн болсноор миний амьдралын эрээн барааныг товчлоод өгчихсөн. Бас их зүйлийг ойлгуулсан шүү.
-Энэ ярилцлагыг уншсан хүмүүс үнэнийг өгүүлж дуулддаг “Татар”-ын Мөөгий юу болоод гэнэт нийгмийн ажил хийгээд, хүүхэд хүүхэд гэж яриад байдаг болчихов” гэж бодож байгаа байх. Та ямар нэгэн улс төрийн намын гишүүн болсон юм уу, эсвэл нийгмийн байгууллагад ажилладаг болчихсон юм уу?
-Хип хоп чинь уг нь их гоё. Бид нар зүгээр л “Бусдын хайрыг хүндэл”, “Хүн хүнээрээ бай”, “Битгий том толгойлоод бай, том толгойлоод байвал буруу тийшээ явдаг”, “Айргаа тааваараа ууя”, “Ганц олдох амьдралдаа сайхан амьдраад, үхье” л гэж дуулсан шүү дээ. Үнэн биз дээ? /инээв/.
Бид нар чинь угаасаа л нийгмийн амьтан, нийгмийн эд эс. “Татар” хамтлагийнхан нийт таван цомог гаргасан. Энд бидний үзэл санаа, бодол, та бүхэнд хэлмээр байгаа үнэнийг илэрхийлэх таван боть ном байхгүй юу.
Бид дуугаар үзэл бодлоо илэрхийлж байсан бол одоо яриагаар, үйдлээр үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр нь л өөрчлөгдсөн.
Яг үнэнийг хэлэхэд би 2011 онд найзуудтайгаа нийлж, “Сэрж буй монгол” залуучуудын холбоог байгуулсан. Энэ холбооны зүгээс нийгмийг чиглэсэн олон ажил зохион байгуулсан. Гэхдээ тэр бүр олон нийтэд зарлаад байхыг хүсдэггүй.
Яагаад гэвэл, тусламж, дэмжлэг маань очих ёстой хүмүүстээ саадгүй хүрч байна шүү дээ.
-“Татар” хамтлагаар сонин сайхан юу байна. 2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо гаргаад л таг чиг болсон. Гадуур “Татар”-ыг тарсан гэх яриа бий. Энэ үнэн үү?
-Албан ёсоор тараагүй. Хэн хэн нь тус тусын ажлыг хийж байгаа. Манай Заяа уран бүтээлдээ үнэнчээр үлдэж, залуу хамтлаг дуучдыг дэмжиж ажиллаж байна. Жагаа маань бизнес удирдлагын чиглэлээр Шанхайд суралцаж байгаа. Харин би 2011 онд хувийн “Blue sky city” компаниа байгуулсан.
Өнгөрсөн 2013 онд “Бизнес радио 98.9”-г байгуулж, амжилттай ажиллаж байна. Цаашид уран бүтээл хийх эсэхийг манай хоёр маань мэдэх байх. Уг нь хүмүүст “Татар”-ыг гэсэн хүлээлт их байдаг юм билээ.
-“Татар” хамтлаг Монголын хип хоп ертөнцөд 12 жилийг өнгөрүүлжээ. Хамтлагийн гишүүний зүгээс өнгөрсөн хугацааг дүгнээч?
-12 жил гэдэг богино хугацаа биш. Хамтлагаа анх байгуулах гээд гүйж байсан өдрүүд өчигдөр юм шиг санагдаж байна. “Татар” хамтлаг маань анх бүжгийн хамтлаг байсан. Тэгээд дунд сургуулиа төгсөөд бид гурав сэтгэл зүрх, амьдралаа тэр чигт нь хамтлагтаа өгсөн. Би гурав хоорондоо “Татар хамтлагийг монголчууд бүгд мэддэг, охид бид нарын араас гүйгээд, гарын үсэг аваад л” гэж байнга ярьдаг байсан.
Тэр мөрөөдлөө өдөр болгон яриад байхаар цусанд шингэчихдэг юм байна. Тэрнийхээ төлөө хүн өвдсөн ч, мөнгөгүй байсан ч яваад байдаг байсан.
Өөрөөр хэлбэл, мөрөөдөл маань бид нарыг хөдөлгөх хүч болж байлаа. Тэгж явтал “Сонор” студийнхан маань аз болж таараад бидний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн, үнэхээр азтай. Гэвч нөгөө талаасаа бид гурав үнэхээр азгүй. Бид дэлхийн хэмжээний мөрөөдөлтэй байхгүй яав даа гэж хааяа боддог.
Хэрэв бид тухайн үед дэлхийг мөрөөдсөн бол одоогийн амжилтандаа ханахгүй байх байсан. Солонгосын PSY гэдэг нөхөр дэлхийд гарчихлаа шд. Бид ч тэгж чадах байсан шүү дээ гэж боддог юм.
-Нэр хүнд хүнийг танигдахын аргагүй болтол өөрчилдөг гэдэг. Энэ үгтэй санал нэг байна уу?
-Санал нэг байна. Хүний нэр төр гэдэг зүйл хүнийг унагахдаа их хурдан, хүчтэй юм байна л даа. Би 2009 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулиа төгсөөд “Зиг заг” компанид борлуулагчаас эхлээд, маркитинг менежер хүртэл ажилласан. Намайг борлуулагч хийдэг байхад “Татар” хамтлаг маань эд мандаж байлаа.
Тэгсэн манай ажил дээр хоёр залуу орж ирээд л над руу хачин хачин хараад л гараад явсан юм. Би яг тэгэхэд нь бараа буулгаж, зөөж таарсан байгаа юм. Нөгөө хоёр чинь манай ажлын залуугаар машинаа янзлуулж байхдаа ярьж байна гэнэ шүү. “Татар”-ын Мөөгий чинь “сампирцан” байна шдээ. Хөөрхий зайлуул уг нь мандаж явсан юм. Ингэж доошоо орох гэж, нөгөө хоёр нь одоо вокзал дээр майжиг майжиг гэж гишгээд воганаас бараа буулгаж байгаа юм байна л даа” гэж ярьж байсан гэдэг.
Олны нүдэнд ил амьдардаг урлагийн хүн яагаад бараа зөөж, “грушик” хийж болохгүй гэж /инээв/. Тийм биз дээ.
-Та бусдад танигдахгүйгээр тусламж үзүүлж байсан тохиолдол бий юу?
-Нэг удаа автобусанд явж байсан чинь нэг охин S4 гаргаж ирээд, дуу сонсохгүй юу. Тэгсэн миний урд зогсож байсан хоёр залуу бие бие рүүгээ сонин сонин хараад байсан юм. Би тэрийг нь санаангүй байж байгаад анзаарчихгүй юу. Тэгсэн дараагийн буудал дээр автобус зогсох хооронд нөгөө охины утас алга болчихлоо гээд, тэрүүгээр л нэг юм болдог юм байгаа биз дээ. Тэгэхээр нь би нөгөө хоёр залууг хардаад гаргаж өг гэсэн өгдөггүй ээ. Дараагийн буудал дээр нь нөгөө хоёр залууг чирч буулгаад, цагдаа дуудсан чинь дотуур өмднөөсөө охины утсыг гаргаж ирсэн.
Тэр үед би саравчтай малгайтай явж байсан, бас оюутан хүүхдүүд намайг сайн танихгүй байх гээд бодчихсон. Тэгсэн маргааш нь нөгөө охин чинь өөрийн цахим хуудаснаа “Татар хамтлагийн ахдаа баярлалаа. Миний утсыг хулгайчаас авч өгсөн” гээд цахимаар нэг цацсан байсан. Өнгөрсөн жил ийм тохиолдол гарч байсан юм байна /инээв/.
-Тантай автобусанд тааралдъя гэвэл ямар чиглэлийн автобусанд суух ёстой вэ?
-Зайсан чиглэлийн автобусад тааралдаж болно /инээв/.
-Та сүүлийн үед ямар хип хоп хамтлагийг таашааж байгаа вэ?
-Яг үнэндээ дуу сонсохгүй байгаа. Гэхдээ хамтлаг дуучдаас “Опизет” бол өөр үзэгдэл шиг санагдаад байгаа боловч хийхгүй байгаа юм шиг санагддаг. Нэг хүн хэлсэн байдаг, “Анд минь чи бодол санаанаас гарсан яс арьс” юм гэж. Тэгэхээр энэ хамтлаг жаахан бодол санаа гаргаад, яг “Татар” шиг мөрөөдөж, хүсч чадвал, үнэхээр солиотой гоё болно.
Хүн гэдэг чинь дутуугаа гүйцээх гэж амьдардаг юм байна. Өөрөөр хэлбэл, “ардын багш намайг уйлуулдаг, дуулуудаг. Аз болоход нөхөд маань надад хуулуулаад” би сургуулиа төгсчихгүй юу. Тэгэхээр өнгөрсөн хугацаандаа ном сурч, мэдлэгээ тэлж байхгүй яав гэж их боддог болоод байгаа /инээв/.
Тэгээд дуу сонсохоо багасгаж, нийгэм эдийн засаг, бизнесийн ухааныг судалж, мэдэхдээ ихэнх цагаа ашиглаж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ