”Кармен” дуурийг Франц удирдаач удирдана

Монгол Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Улсад "Кармен" дуурь тавигдсаны 30 жилийн ойд зориулан маргааш УДБЭТ-ын тайзнаа тоглогдох Ж.Бизе "Кармен" дуурийг Франц улсын Удирдаач Шарль Барбие удирдах бөгөөд тэрбээр 1979 онд төрсөн. Бретаний консерватур, Реннийн II Их сургуульд сурч байгаад Парис хотын Үндэсний хөгжим, бүжгийн дээд консерватор, Сибельюсийн Академийн удирдаачийн ангийг Профессор Лейф Сегерстамын удирдлаган доор мастер зэрэгтэй төгссөн байна.
Олон талын авъяастай тэрбээр Либанаар дамжин Колумбаас Филиппинь хүртэл, 2005 онд Японы Айчигийн үзэсгэлэн гээд дэлхийн 24 оронд дуу хоолойгоо сонсгож явжээ. Тэрээр дундад зуунаас орчин үе хүртэлх бүхий л цаг үеийн баялаг урын сантай бөгөөд түүний концертыг радио, телевизээр өргөн нэвтрүүлдэг.
Тенор, контр-тенор хоолойтой Ш. Барбие 18 наснаасаа буюу 1997 оноос хойш Бретань мужийн хөгжмийн сургуулиудын хамтлагуудыг долоон жилийн турш удирдсан. Энэ хугацаанд тэрээр Беттоны “Урлагийн ням гараг фестивал”-ыг санаачлан хүүхдийн хэд хэдэн дуурь, Ж. Бизе-гийн Кармен дуурийг удирджээ. Мөн нэгэн дуурь захиалсан нь 2003 оны зургаадугаар сард Фредерик Лоригийн бичсэн “Персэ” байлаа.
2003 онд Ш. Барбие Баруун бүсийн залуу авъяастаны тэмцээнд эхний байр эзэлж, 2004 онд Бартелеми сангийн тэргүүн шагналыг хүртжээ. 2007 онд Финланд Улсын Дуурийн театрын туслах удирдаачаар томилогдож удирдаач Алберто Зедда, найруулагч Петр Селларс нартай ажиллаж байв.
Түүний дуурийн урын санд Ж. Бизегийн “Кармен”, Жорж Фридрих Генделийн “Жуль Сезар”, Генрих Маршнерийн “Цус сорогч”, Генри Пёрселлийн “Дидона, Эней хоёр”, Херман Рехбергерийн “Ла Пьедра де Дон” /2007 онд бичсэн/, Кайжа Саариахогийн “Адоиано Матер”, Рихард Вагнерийн “Сүнст хөлөг онгоц” зэрэг бүтээлүүд багтдаг.
Финландын Барок найрал хөгжим, ЭМО, УТОП стиль, Бретань мужийн Симфони найрал хөгжим, Овернь мужийн найрал хөгжмийг урилгаар удирдаж байсан Ш. Барбие хамгийн сүүлд Монголд уригдан ирээд байна. Тэрээр 2008-2013 онд Хельсинкид байрладаг, түүхт хөгжмийн зэмсгүүд дээр тоглодог Европын Соён гэгээрүүлэх найрал хөгжмийг удирдах ахлах удирдаачаар уригдан ажиллаж байсан. 2010 оны есдүгээр сард Каролинь Марсотой хамтран “Эшелль” /Дэвшил. орч/ хамтлаг байгуулан, 2011 оноос зөвхөн “Парати лабел”-д бичлэг хийлгэн Армониа Мүнди-гээр борлуулж байна.
Амьдарч буй цаг үеэрээ бахархдаг Ш. Барбие нь В. Бушо, П. Хаапанен, К. Хакола, П. Якубовский, П. Ёдловский, Т. Лакот, П. Леру, Ф. Лори, Т. Макуэл, С. Марсо, А. Маркаес, Ж.С. Марти, З. Мултака, Х. Рехбергер, С. Риссанен, Т. Райзанэн, Ф. Станзл, Т. Вилле зэрэг дэлхийн бүтээл, мөн Е. Картер, Ж. Копо, П. Дюсапен, Б. Фюррер, П. Якубовски, П. Херсан, А. Парт, Х. Тюльв нарын үндэсний бүтээлүүдийг удирддаг, дуулдаг. Мөн эдгээр бүтээлээр диск гаргахаар бэлтгэж байна.
Гаргасан диск бүр нь амжилттай байдгаас түүний П. Ёдловскийн “Өгүүлэхүйн ари” дуурийн ДВД /Тулуз-ын Капитоль-д бичсэн/ нь 2013 онд Дуурийн сэтгүүлээс “Дуурийн очир эрдэнэ” шагнал хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ