Тооцоогүй тоглоомд хэн хожих вэ?

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Academy awards 2014” наадмаас “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киногоороо чамгүй олон шагнал хүртэж, кино урлагт тэсрэлт хийж байсан “Хувьсал” продакшн гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо Хүннү молл энтертайнмэнт төвийн кино театрт, урлагийн салбарын хүндэт зочид, урлагт хайртай үзэгч олонтойгоо хамтдаа өлгийдөн авлаа.
Адал явдалт "Тооцоогүй тоглоом" киноны ерөнхий найруулагч, продюсероор Хувьсал продакшний захирал, МУГЖ У.Уранчимэг ажиллажээ. Тэрээр энэ удаагийн уран бүтээлд залуу жүжигчдийг дэмжин тоглуулснаараа киноны бас нэгэн онцлог гэдгийг тодотгож байсан юм.
Киноны гол амин сүнс яахын аргагүй зохиол юм. Тэгвэл “Тооцоогүй тоглоом” уран сайхны киноны зохиолыг Хувьсал продакшний жүжигчин А.Ганчимэг бичжээ. Тэрээр 2014 онд хамгийн олон үзэгч үзсэн кино жагсаалтанд дээгүүрт бичигдсэн Хувьсал продакшний 2 дахь уран бүтээл Зүрхээр наадагч уран сайхны киноны зохиолыг мөн бичсэн юм.
Тус кинонд тооцоогүй тоглоомд гол дүрийн 4 залуугийн хэн нь хожиж байгааг харуулахын сацуу өнөөгийн залуучуудын амьдралын хэв маяг, хайр сэтгэлийг сонирхолтой байдлаар дүрсэлсэн байна. Бусад уран бүтээлчдээс эрч хүч, онцгой авьяасаараа түүчээлдэг Хувьсал продакшний залуу уран бүтээлчид кино нээлтээ ч мөн олны анхаарлыг татахуйцаар олон хүмүүсийг хамруулан зохион байгуулсан юм.
“Тооцоогүй тоглоом” уран сайхны кино Улаанбаатар хотын бүх кино театруудад өнгөрөгч баасан гаригаас үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Н.Цэнгэлжаргал: Кино дөрвөн гол дүртэй
Киноны нээлтийн үеэр тус гол дүрийг бүтээсэн “Хувьсал” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Цэнгэлжаргалтай ярилцлаа.
-“Хувьсал” продакшн дэлгэцийн бүтээлд хүч сориод үзэгчдээс чамгүй үнэлэлт аваад байгаа. Харин “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино өмнөх кинонуудаас юугаараа онцлог вэ?
-“Хувьсал” продакшн байгуулагдаад 16 жил болж байна. Манай продакшны дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” кино энэ сарын 8-ны өдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Би энэ киноны Гүнжээ гэдэг эмэгтэйн дүрд тоглосон. Киноны зохиолыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг бичиж, продюссер, найруулагчаар гавьяат жүжигчин У.Уранчимэг, зургийн даргаар соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, ерөнхий зураглаачаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудад хамтран ажилласан Б.Отгонзориг ах, Ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар ах ажилласан. Энэ кино маань олон онцлог байгаа.
Гүнжээ, Цэнгэлжаргал хоёрын хувьд зан төрх, биеэ авч яваа байдал эрс тэс. Гүнжээ бол эмэгтэйлэг, энхрий, ялдам, дур булаам бүсгүй. Харин би чөлөөтэй, хүмүүсийн ярьдгаар эршүүд талдаа хүн шүү дээ. Тиймээс хөдөлгөөнөө хүртэл уян налархай, ялдам байлгах гэж нэлээд ажилласан. Цэнгэлжаргал гэдэг хүн Гүнжээд хэрхэн уусан шингэж өөрчлөгдсөнийг энэ киноноос үзэгчид харах байх.
-СУИС-ийг төгсөөд ангиараа “Хувьсал” продакшнд орж байсан гэдгээрээ танай ангийнханд урлагийн хаалга амархан нээгдсэн. Тэр үеэ дурсаач?
-2005 онд намайг болон манай ангийнхныг оюутны ширээнээс урлагийн ертөнцөд ирэхэд анх өлгийдөж авсан газар бол “Хувьсал” продакшн. СУИС-ийн хөгжимт театрын жүжигчний хамгийн анхны анги гэдгээрээ бид бас онцлогтой байсан. Биднийг төгсөх жил УДЭТ-аас цөөхөн хүүхдэд ажиллах урилга өгсөн юм. Тэр үед “Хувьсал” продакшны захирал, продюссер Г.Цоггэрэл ах биднийг авья гэсэн учраас ярилцаад ангиараа нэг продакшнд орж ажиллахаар шийдсэн.
Урлагийн ертөнцөд цахиур хагалж мюзикл, хөгжимт драм гэж юу байдгийг харуулах, энэ урлагийг хөгжүүлэх чин хүсэл дүүрэн залуус ирж байлаа. “Хувьсал” продакшнд ороод бидний хамтын анхны уран бүтээл бол “Чамайгаа алдмааргүй байна” жүжиг байлаа. Би гол дүрд нь тоглож байсан. Түүнээс хойш “Зургадугаар сар минь баяртай”, “Миний хайрыг хүлээ”, “Нэг л уучилья”, “Би хүсэхгүй байна” зэрэг нэлээд хэдэн жүжигт тоглосон.
-“Тооцоогүй тоглоом” кинонд шинэ залуу жүжигчид тоглосон гэсэн. Үзэгчид хэр хүлээж авах бол гэсэн айдас байна уу?
-Байлгүй яах вэ. Энэ уран бүтээлээрээ залуу жүжигчдээ дэмжих, үзэгчдэд таниулах боломж олгож байгаа нь бидний хувьд маш том хариуцлага юм. Өөрсдийн ур чадварыг харуулах боломж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Зарим продакшныг харахад томчууд нь өөрсдөө гол дүрд тоглоод залуу жүжигчдэд нь туслах дүр оногддог. Манай продакшн энэ удаад “Хувьсал”-ын ирээдүй болсон залуу жүжигчдээ дэмжиж хийж байгаа гэдэг утгаараа их онцлогтой байгаа. Тиймээс энэ кинонд маш их ач холбогдол өгч байгаа. Кино дөрвөн гол дүртэй.
Хоёр эрэгтэй дүрд О.Мөнхдалай, Ц.Мөнхболд, эмэгтэйд Г.Бямбасүрэн бид дөрөв тоглосон. Киноны дууг манай жүжигчин Г.Бямбасүрэн дуучин Хаянхярваатай хамтран дуулсан. Киноны аяыг Л.Балхжав, үгийг П.Одгэрэл бичсэн. “Тооцоогүй тоглоом” гэхээр нэрийг нь сонсоод ямар утга санаатай нь бараг мэдэгдэх байх. Сонирхолтой, адал явдалтай, сургамжтай кино учир залууст таалагдана гэж итгэж байна.
-“Хувьсал продакшн” өөрийн гэсэн шинэ байртай болсон гэсэн. Уулзалт, бэлтгэл сургуулилт хийх гээд боломж сайтай байна уу?
-Саяхан манайх “Хувьсал” оффис, “Хувьсал” энтертайнмент, “Хувьсал” театртай боллоо. “Хувьсал” оффистоо ажил хэргийн уулзалт, төлөвлөгөө ярилцана. Харин “Хувьсал” интертаймент маань студи юм. Дэлгэцийн уран бүтээл, студийн бүхий л үйл ажиллагааг эндээ хийнэ. Жүжигчдийн хувьд хамгийн чухал зүйл бол бэлтгэл сургуулилт. “Хувьсал” театртаа бид нар өглөө болгон дасгал сургуулилт хийж, байнгын бэлтгэлтэй байдаг.
Энэ тал дээр тамирчдаас бараг ялгарахгүй шүү. Жүжигчин хүн яг л баримлын шавар шиг уян хатан шинж чанартай байх ёстой гэдэг. Тэр ч утгаараа Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Р.Уртнасан багшийгаа урьж тайзны ярианы ур чадвар, хэл ярианы дасгалын хичээл орохоос өгсүүлээд хаана, хэнээс, юу сурах вэ гэж байнгын эрэл хайгуул хийдэг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ