Деми Мур: Залуу насаа үгүйлж байна

Холливуудын нэрт жүжигчин Деми Мурын “ABC” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр инээдмийн жанрын “Wild Oats” кинонд тоглосон юм.
-Таны охин Румер Уиллис “Ододтой бүжиглье” шоуны эцсийн шатанд үлдээд байна. Үнэхээр үзэсгэлэнтэйгээс гадна авьяастай юм. Таныг шалгаруулалт болгоныг үздэг гэж сонссон?
-Тиймээ. Охиноо сайн бүжиглэдэг гэдгийг энэ шоуны үеэр л мэдэж авлаа. Жоохон байхдаа их бүжиглэдэг байсан. Гэхдээ хоёр минут орчим бүжиглээд л “Би болилоо” гээд урвайчихдаг байсан. Их ичимхий охин байсан. Гэтэл өнөөдөр “Ододтой бүжиглье” шоуны тайзан дээр охин минь бүжгээрээ төлөөлүүлэн сэтгэл хөдлөл, авьяас чадвараа хэнээс ч нуухгүйгээр үзүүлж байна. Охиноороо бахархаж байна.
-Төгсгөлийн шатанд үлдэхийн тулд “50 Shades of Grey” киноны дууны аянд бүжиглэсэн. Бүжгийн дараа таныг уйлж байхыг харлаа?
-Румерийг хараад өөрийнхөө залуу үеийг харсан юм. “Бурхан минь Румер надтай ямар адилхан юм бэ” гэх бодол төрсөн. Хясаа сувдаа нуудаг. Учир нь хясаа дэндүү үзэсгэлэнтэй. Охин минь сувднаас үзэсгэлэнтэй харагдсан учир нулимсаа барьж дийлсэнгүй.
-Румер ялагч болж чадах болов уу?
-Энэ оны эхээр надад “Ододтой бүжиглье” шоунд оролцохоор болсноо хэлэхэд их гайхсан шүү. “Чи бүжиглэж чадах юм уу” гээд л охиноо ихэд басамжилсан. Шоу эхлээд охиноо бүжиглэж буйг зурагтаар үзчихээд их хөөрөөд “Румер сайн бүжиглэх юм аа. Ялагч болох магадлалтай юм” гэх бодол эзэмдэж билээ. Одоо бол охин минь шоуны ялагч болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
-Жүжигчин Брюс Уиллис охиноо дэмжихээр ирээгүйд Румер сэтгэлээр унаж буйгаа надад ярьсан. Аав нь охиноо дэмжвэл бүх хүн амжилт гаргах байхаа?
-Брюсийн хувийн амьдралд оролцоогүй их уджээ. Шуудхан утсаа аваад л ярихыг хүсч буй ч зориг дутаж байна. Бид нэг нэгнээ хайрлаж, хамгаалдаг үед Румер болон түүний эгч, дүү мэндэлсэн. Хүүхдүүд минь бидний хайр ямар үнэ цэнэтэй байсныг гэрчлэх жинхэнэ гэрч. Охиноо дэмжихгүй байгаад бага зэрэг дурамжхан байна. Румер ганцхан миний охин биш. Бид хоёрын охин. Аавын сайхан үгс түүнд минь дутагдаж байгаа. Ялалтын төлөө бүжиглэхэд нь Брюсийг гуйгаад ч хамаагүй студид авчрах болно.
-Та хоёрын харилцаа зүгээр биз дээ?
-Тиймээ зүгээр байгаа. Гэхдээ нэг гэрт амьдардаг байсан шиг дотно байхаа больсон. Жилээс жилд бидний гүүр нурж, явах аргагүй болж байгаа.
-Энэ хариултыг сонсоод таныг экс нөхөртэйгээ эргэн нийлэх бодолтой байсан ч бүтсэнгүй гэх мэдрэмжийг төрүүллээ. Би зөв бодсон уу. Та Эштон Катчерээс салаад олон жил болсон?
-Үгүй дээ. Брюсээс салаад харамсч байсан уу гэж үү. Харамсах завгүй амьдарсан. Зөвхөн өөрийгөө зугаацуулж, үр хүүхэд, хань ижлээ мартсан. Одоо ганц бие байна. Брюс, Катчер хоёр хоёулаа аав боллоо. Харин би өмнөх амьдралаасаа авч үлдсэн хэдэн хүүхэд байна. Бас ганц бие байна. Гэхдээ одоо байгаа амьдралдаа харамсахгүй байгаа.
-Ганц бие байх шалтгаан юу вэ?
-Шалтгаан гэх зүйл байхгүй ээ. Үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх тэр залуу олдохгүй байна. Би шантрахгүй нэгэн учраас заяаны ханиа хайсаар байна. Заримдаа охидтойгоо үдэшлэгт явж, сайхан залуустай танилцаж, гадна болон дотроосоо залуужихаар хичээж л явна.
-Та 52 настай. Дурлахад оройтсон нас бус уу?
-Би хувьдаа тэгэж бодохгүй байна. Зүрх эцсийн амьсгал хүртэл цохилдог. Тиймээс дурлалд нас хамааралгүй байх. Би одоо хүртэл сайхан залуустай ярилцах үед зүрх минь хүчтэй цохилдог. Тийм учраас дурлал, нас хоёр нэг нэгнээ орхидоггүй байх.
-Гайхалтай бүхэн өдрөөс өдөрт үнэтэй болдог эсвэл хуучирч мууддаг. Үүнтэй санал нэгдэх үү?
-Тиймээ үнэн үг. Арьс минь үрчлээтэж, цагаан үс минь их болсныг хараад “Деми Мур их сайхан хүүхэн байж билээ” гэж боддог. Нэг л өдөр би энэ ертөнцөөс тоос адил хийсч алга болно. Би сэтгэлээр унах үедээ тоглосон киногоо үздэг. Их сайхан санагддаг. Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол залуу насандаа ганцхан удаа буцахсан гэж боддог. Залуу насаа үгүйлж байна. Эргээд 20 эсвэл 30 насан дээрээ очоод салхи татуулан алхах юмсан.
-Үнэнийг хэлэхэд та үзэсгэлэнтэй харагдаж байна. Сэтгэлээр унах хэрэггүй байхаа?
-Үнэхээр хэцүү байна. Цаашаа ярьж чадахгүй бололтой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ