Тасархай хөгжих нь тодорхой

img

Ирэх жил нийгэм эдийн засгийн байдлаа дээрдүүлэхийн тул хийчихмээр байгаа 436 зорилтот арга хэмжээг яам тамгынхан санаачилж үүндээ 20.3 их наяд төгрөгийг зарцуулахаар саналаа нэгтгэжээ. Мөн ч их өрнүүн санаачлага шүү. Ингээд эдийн засаг хямарсан мөнгөгүй гэдгээ бүгд ойлгож байгаа тул зарим нэг тун чухал саналуудаа нулимс дусаан үлдээсэн бололтой. Энэхүү нулимтай гээгдсэн санал дотор мэдээж цалин тэтгэвэр нэмэх ажил багтсан хэрэг. Ингээд чухал гэсэн 130 үйл ажиллагаа нь шигшигдэн Их хуралд орж ирж байгаа бөгөөд үүнд 3.8 их наяд төгрөг гаргахаар болж байна. 2016 онд эдийн засаг нийгмээ хэрхэн улам сайхан хөгжүүлэх төсөл ийн байнгын хороодоор дамжин хэлэлцэгдэх гэж байна.

 

Нийгэм эдийн засгаа хөгжүүлэхэд ирэх жил 3.8 их наяд төгрөг гаргана. Үүний 233.9 тэрбум нь улсын төсвөөс гарах бөгөөд урсгал арга хэмжээнд зарцуулах мөнгө юм. 3.1 их наяд төгрөгийн арга хэмжээ нь концессын гэрээгээр хийгдэх ажлууд байгаа учир улсын төсөвт ачаалал өгөхгүй л гэнэ. Бага зардлаар ажлыг нь хийчихээд дараа нь гаргасан мөнгөө төрөөс нугалаад авчихдаг ийм ашигтай бас нэр хүндтэй ажилд бэлтэй хөрөнгөтэй хэдхэн компани л орж байгаа дуулддаг.

 

Бидний 2016 хөгжих үндсэн чиглэлийн зорилго бол ёстой ариун бөгөөд өөдрөг. Эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх гээд үнэхээр сонсголонтой. Ямарч “сонгууль”-ийн чиглэлгүй, хэмнэлттэй бас үр ашигтай ажлуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй сонсогдоно.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах төсөл бэлэн болоод байна.

 

Хөгжье гэсэн бодлого үйл ажиллагааг салбарын яамд нь оруулаад ирэхэд төсөв мөнгийг нь Их хурал батлаад явуулчихдаг. Харин дараа нь бодлого боловсруулж төсөл хэрэгжүүлэгч нараас үр дүн хариуцлага тооцож биелэлтийг нь дүгнэдэг хурал нь хаана болоод өнгөрдөгийг татвар төлөгч олон нийт лав мэдэхгүй өнгөрдөг.

 

Угаасаа хөгжлийн нэгдсэн бодлого хөтөлбөрөөр биш нэг жилийн чиглэлээр хөгждөг болчихсон улсад энэ одоо юуны хамаа болсон хэрэг. Үүнийг хууль гаргаж төсөв баталдаг гишүүд эрүүл саруулаар шүүмжилж байвч танхимын асуулт хариултаас хэтрэхгүй байгаа харагддаг. Ерөнхийдөө намын бүлгийн хүрээнд өөр өөрийн намын бодлого эрх ашгийг дэмжих талдаа байр сууринаас хандаад баталдаг нь уламжлал болжээ.

 

Ирэх оны нийгэм эдийн засгийн чиглэлд хэргжүүлсэн бодлогын үйл ажиллагаанаас хөгжлийн ямар суурь бий болохыг ёс төдий асууж өөрийн нэр дэвших тойрогт баригдах тоглоомын талбай өдөр өнжүүлэхийн байшин зэрэгт өндөр анхаарал тавин асуулга тавьцгаадаг дүр зураг энэ жилийн хувьд ч уламжлараараа л байгаа харагдана. Сонгуулийн дөрвөн жилдээ тавьсан зорилтоо хангахын тулд төр ирэх жил нэмж юу хийх вэ. Хоцрогдоод чирэгдээд байгаа аль салбар нийгмийн бүлэгтээ түлхүү анхаарч нэмж юу хийх вэ гэдгээ л тодорхой болгож чиглэл батлах гээд байдаг байх.

 

Ирэх жил эрүүл мэндийнхэн өнөөх л эмийн чанар хэрэглээг цэгцлэнэ, эмчтэний ёс зүй үйлчилгээг сайжруулж оношилгооны төвөө нэмэгдүүлнэ. Хөдөлмөрийн яам ажилгүйдлийн түвшинг бууруулна. Мэргэжил олгох сургалтыг нэмэгдүүлнэ. Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг журамлана. Оюутнуудын ажлын хөлсийг өгдөг болгоно. Хоршоо хамтлагийг дэмжинэ. Нийгмийн даатгалынхан шинээр тэтгэвэр авагчдын мөнгөө бүрдүүлнэ. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдаа цөөлнө, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ  гэх мэт захын хүний цээжилсэн зүйлүүдийг ирэх жил хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн бодлго гэж их хурал дээр танилцуулчихаад гараад явчихаж байна.

 

Байнгын хороод дээрээ задалж нягталж байдаг байх. Хамгийн гол нь энд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх гэсэн үгэндээ дүйцэх бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ үнэндээ харагдахгүй байна. Урьд нь ийм чиглэлийн хийх ажлын жагсаалтыг “мөрөөдлийн жагсаалт” гэдэг байсан бол энэ жил “улигт жагсаалт” болсон санагдлаа. Төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөлөлтэй хамт боловсруулагдсан учраас эдийн засгийн тооцоо судалгааны хувьд төсөв, санхүүгийн байдалтай уялдаж гарсан байгаа гэж С.Баярцогт дарга нь цээжээрээ хамгаалж байна. Эцсийн дүндээ мөнгөтэй холбогдох асуудал ярьж байвч Монголбанктайгаа хэлэлцэж зөвшөөгүй байх юм. Банкныхан бол бас “тусдаа” улсууд тул нэг мөсөн 2016 он хүртэл бодлогоо Их хурлаар батлуулчихсан болохоор хамаагүй л гэж байна. Хоёр тусдаа батлагдаад явдаг ийм бодлого чиглэл  байдгийг зарим нэг гишүүд “гайхаж” байна гэхээс өөрөөр илэрхийлж хэлж чадахгүй байгаа бололтой.

Жил жилийн төлөвлөлтөөр хөгждөг гэдгээ батлах гэсэн мэт ийм нэг хэлбэрдсэн төсвөөс гүйлгэх мөнгөө баталгаажуулсан үндсэн чиглэл гэдгийг Их хурал цаг үрж хэлэлцэх хэрэг байгаа юм уу.

 

Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг нэг оронтой тоонд барих, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эдлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4.0 хувь байлгахаар тус тус төлөвлөсөн төсөл. Шинэ юм юу байна аа. Сонгуулийн жил бидний нийгэм засгийн үзүүлэлт суга өсч улс орон тасархай хөгжих нь тодорхой шүү дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Zarim neg humuust tusuviin tsalin, tegtegeriig jil bur zasgiin gazraar nemuulj tugrugiin hudaldan avah chadvariig togtmol unagaah sanaa baih shig baina. 8 huviin zeeliig hichneen oloh hun avah tusam tugrugiin hudaldan avah chadvariig unagaah huseltei humuus tudiichinee ihseh bolno.
2015-05-16
зочин:
АН цаашдаа улс төрд байх юм бол улс орны тусгаар тогтнолд ч хүндрэл үүсэхээр байна, 2-хон жилийн дотор эдийн засгийг унагаахад маш их хорон ажил хийлээ, эдний энэ үйлдлийг АНУ-ын элчин сайд хэлж, хөрөнгө оруулахгүй байхыг уриалж байна, АН байгаад байвал хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг, сонголтоо зөв хийцгээе
2015-05-14
Зочин:
АРДЧИЛСАН НАМААС Л САЛЖ байж МОНГОЛ УЛС МААНЬ ХӨГЖИНӨ ШҮҮ.
2015-05-13