Итгэж явсан найз чинь ”Ар хударга”-аар урвабал яах вэ?

Зохиолч Д.Болдбаатарын бүтээл, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ар хударга” уран сайхны киноны Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр Тэнгис кино театрт боллоо.
Энэхүү кино өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо нээлтээ хийж, тус хотын кино театрт үзэгч түмний хүртээл болж байгаа юм.
Киноны гол дүрд Г.Эрдэнэбилэг, О.Долгор, С.Ариунбямба, Д.Төмөрчөдөр нар тогложээ.
Харин киноны зохиолыг Д.Болдбаатар бичиж, продюссороор нь ажилласан бол О.Эрдэнэ найруулагчаар нь ажилласан байна.
Энэхүү кинонд хар тамхи, шударга бус нөхөрлөл, хүний наймаа, хүний сайхан сэтгэл, бэлгийн мөлжлөгийн талаарх сэдвийг хөндсөн ажээ.
Киноны зураг авалт хоёр сарын хугацаанд явагдсан, олон хүний хүч хөдөлмөр шаардсан уран бүтээл гэдгийг киноны хамт олон онцолж байсан юм.
Кинонд Алдар хэмээх залууд тохиолдсон адал явдлыг өгүүлнэ.
Хүний амьдралд элдэв асуудал хүндрэл бэрхшээлүүд тохиолдож, заримдаа гарах гарцгүй мэт санагдаж бачимдах үед хүн зөвхөн өөртөө итгэж найдаж, өөрийн хүчээр л энэ бүхнийг давж гарах хэрэг гардаг. Итгэж найдаж байсан бүхэн нь нуран унаж, хамгийн дотно хүмүүс нь урваж холдоход хүртэл хүн, бүх зүйлийн өмнө мөхөсдөж ялагдаж байгаа мэт санагдах үе бий. Хичнээн хэцүү байсан ч сэтгэлээ хөвчилж, эцсийн найдвараа тээгээд ч болов энэ бүхнийг давж гарахад хүний мөн чанар л тусална.
Харин Марал хэмээх эмэгтэй өөртөө ахадсан амьдралын хүнд ачааг үүрч яваа монгол бүсгүйчүүдийн зовлон жаргалын дэнсэлсэн нэгэн. Хүн өөрөөсөө унасан үрийнхээ зовлон шаналлын эсрэг юу ч хийж чаддаг. Бусдын эрхэнд зовж, өөрийн эрхээр жаргаж байхдаа тэд хэзээ ч үрээ мартдаггүй. Заримдаа тэд бидний огт төсөөлж байгаагүй эрсдлийг ч гаргана. Гэхдээ тэд хэзээ ч өөрийгөө эх хүн гэдгээ мартдаггүй л юм даа.
...Адал явдал, хэрүүл тэмцэл, хайр дурлал, шоронгийн амьдрал. Хүмүүс амьдралын хугацаанд заавал өөрчлөгддөг. Сайнаар эсвэл муугаар өөрчлөгдөх нь тэр хүний дотоод мөн чанараас л шалтгаална. Нэг их цэцэгт хөндийд амьдралдаа үгүйлээд, бас хайгаад байсан мөн чанар, өөрсдийн үнэ цэнээ олж чадсан залуу хосууд эрүүл саруул болсон охиноо хөтлөөд мандаж байгаа наран зүг хамтдаа алхаж байгаа нь л энэ киноны тайлал. Өнгө мөнгө, хүний мөн чанарын тулааны төгсгөл.
Ямартаа ч үзэгч та бүхэн “Ар хударга” уран сайхны шинэ киног тухлан сууж, таалан соёрхоорой. Та энэ киног зорьж очоод үзэхдээ нэг их харамсахгүй дээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ