Г.Сүндэрээ: Бид гурав хөгширсөн ч хамтдаа дуулна

Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй олон жил хөдөлмөрлөж монголын урлагийг хөгжихөд түлхэц болсон охидын хамтлагийн нэг бол “Sweetymotion” хамтлаг. Тус хамтлаг хэдэн жилийн өмнө Америк улсыг зорьсон билээ. Харин тэд эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлийн ажилдаа шаргуу орж, хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжсан. Гэвч ойрын үед тус хамтлагийн гишүүд сураггүй байгаа юм. Иймд “Sweetmotion” хамтлагийн гишүүн дуучин Г.Сүндэрээтэй уран бүтээл болон хувийн амьдралын талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье. “Sweetmotion” хамтлагаар сонин сайхан юу байна. Хамтлагийн охид сүүлийн үед таг чиг болчихлоо. Шинэ уран бүтээл хийж байна уу?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Манай хамтлагийнхан одоогоор амралтын байдалтай байна. Чинбаа, Ц.Сарнай хоёр маань АНУ-д амьдарч байна. Харин Э.Ганболор маань сургуулиа төгсөх гээд ойрд завгүй гүйгээд байгаа. Миний хувьд хүүхдээ гэртээ харангаа, хувийн бусад ажлаа амжуулаад л амьдарч байна даа.
Бид цагаан сарын үеэр “Зүрхэн аялгуу” хэмээх шинэ цомгоо гаргасан байгаа. Уг цомогтоо орох дуунуудаа хэрхэн дүрсжүүлэх, рекламаа хэрхэн олон нийтийн хүртээл болгох талаар хүмүүстэй ярилцаад байж байна.
- Ц.Сарнай хэзээ ирэх вэ. Хоёр дахь хүүхдээ гаргах гэж байгаа гэж сонссон.
-Тэр хоёр намараас ирэх байх. Магадгүй зун ч хүрээд ирэхийг үгүйсгэхгүй байна. Ирээд уран бүтээлдээ орох төлөвлөгөөтэй байгаа.
-Нууц биш бол, Э.Ганболор хаана, ямар сургуульд суралцаж байгаа вэ?
-Болороо маань МУИС-ийн Хуулийн сургуульд суралцаж байгаа. АНУ-руу явахаас өмнө, 2000 оны дундуур эхлүүлсэн сургууль байсан. Одоо гуравдугаар курст суралцаж байна.
-Бусад охидын хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл гаргаж, цомог гаргасан байдаг. Та хэдийн хувьд ийм бодол байдаг уу?
-Яг одоогоор бол тийм бодол алга. Хэн хэн нь хувийн ажлаа амжуулаад хамтдаа эргэж уран бүтээлдээ орно. Ер нь бид гурав ажил алба, хувийн амьдралаа аль алийг нь зохицуулаад явахыг хичээдэг. Магадгүй цаашид бид гурван өөр хүн, гурван өөр ертөнц учраас тус тусдаа уран бүтээл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол хамтлаг тарна, сална гэсэн үг биш.
-Танай хамтлаг бусад охидын хамтлагаас рок попын ертөнцөд хамгийн удаан оршин тогтносон хамтлаг нь шүү дээ. Цаашид дууны жанр, урсгал чиглэлээ өөрчлөх үү?
-Бид гурав хоорондоо гурвуулаа хөгширсөн ч гэсэн хамтлагаараа, бөөнөөрөө дуулаад явна шүү гэж ярьдаг юм. Тэр амандаа эзэн болно гэж боддог. Хэзээ ч урлагаа орхихгүй, дуу хуураа ард түмэндээ өргөөд явна.
-Монголын рок попын ертөнцөд багагүй хугацаанд чанагдлаа. Роп попын хөгжил хэр дэвшилттэй байгаа вэ?
-Монголын эстрад урлаг жил их тусам хөгжиж байна. Залуу уран бүтээлчид маань дэлхийн түвшинд нийцсэн сайхан сайхан дуу үзэгч олон хүргэж байгаа нь олзуурхууштай санагддаг.
-Г.Сүндэрээ маань ээж болоод удаагүй байхдаа “Монгол шилтгээн”-д хамтлагаараа шинэ клипний зураг авахуулсан байдаг. Уг зургийг харсан зарим хүн төрсөн гэж үү хэмээн эргэлзэж байсан. Тэр нууцаасаа хуваалцаач?
-Тиймээ. Би яг жилийн өмнө төрсөн. Миний охин одоо ой гарантай байгаа. Ер нь эмэгтэй хүн хүүхэд гаргасан ч бай, гаргаагүй ч бай өөрөө өөртөө эзэн болоод, өөрөө өөртөө арчаатай байх хэрэгтэй гэж боддог.
Мэдээж хүүхдээ төрүүлчихээд хамгийн түрүүнд хүүхдээ л бодон ууж идэж байгаа зүйлээ маш сайн зохицуулна. Эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр тэсвэр хатуужилтай мундаг хүмүүс байдаг юм байна гэдгийг би хүүхдээ гаргахдаа маш сайн ойлгосон. Энэ хорвоогийн бүх сайхан монгол эхчүүдээрээ би бахархсан.
-Таныг охид бүсгүйчүүддээ зориулж, томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Тэр юу болсон бэ?
-Тиймээ. Төсөл маань ерөнхийдөө хэрэгжиж эхэлсэн. Би дасгал хийгээд бараг 10 гаруй жил болж байна. 20 настайгаасаа эхлээд биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй байдаг байсан. Тэр утгаараа хоббигоо ажил болгоод, өөрийнхөө хийдэг дасгалууд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан, төрсний дараах эхчүүдэд зориулсан дасгалтай багц DVD буюу дүрсжүүлсэн бичлэгийг хийж эхэлсэн байгаа. Энэ ажлаа дуусгаад хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах болно.
Хүүхдээ тээж байх явцдаа эх хүн хүүхдэдээ эрүүл хоол хэрэглэн аль болох хөдөлгөөнтэй байж жирэмсэн байхдаа их жин нэмэхгүй байвал хүүхдээ гаргасны дараа жин хасах бол асуудалгүй юм байна гэж би өөрийнхөө туршлагаас үзэж байна.
-Хүн хүүхэд гаргахаар уян зөөлөн болдог гэдэг. Та хэр зөөлөрч байна. Ер нь ээж болоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Уг нь би тийм хатуу хүн биш байсан л даа /инээв/. Харин одоо улам л зөөлөрч байна. Эх хүн болно гэдэг хамгийн гоё мэдрэмж байдаг юм байна. Эмэгтэй хүн амьдралдаа гурван том буян хийх ёстой байдаг гэсэн. Нэгд, хүүхэд гаргах, хоёрт ном бичих, гуравт мод тарих. Түүний нэгийг гүйцэлдүүллээ. Ном бичиж чадахгүй юм чинь ном уншья. Бас мод тарья гэж бодож байгаа.
-Уран бүтээлч хүнд арын албыг нь сайн авч явдаг хүмүүс чухал санагддаг. Охиныг тань хэн харж байгаа вэ?
-Мэдээж аав, ээж маань туслалгүй яах вэ. Одоо бол миний дүү охин надад 100 хувь тусалдаг. Намар уран бүтээл ундраад ирэхээр аав, ээжээрээ хүүхдээ харуулна. Нэг үеэ бодвол охин маань бор хоолонд ороод том болж л байна
-Нууц биш бол охиндоо хэн гэж нэр өгсөн бэ?
-Би охиндоо Гийгүүлэн гэж нэр өгсөн.
-Баярлалаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ