Шоуны зүгээс ”Монголоор ярь” гэдэг байсан

“Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийн залуусыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, уулзлаа.
Энэ үеэр тус хамтлагийн ахлагч их хуурч, хөөмийч Д.Ариунболд “Манай хамтлаг байгуулагдаад таван жил болж байгаа боловч өмнө нь ҮДБЭЧ-нд ажиллаж байсан уран бүтээлчид байгаа юм. Бид жижиг том гэлтгүй олон тайзнаа тоглож байсан учраас Монголын ардын урлаг гайхамшигтай юм гэдгийг биеэрээ мэдэрчихсэн байсан. Ер нь “Хөсөгтөн” хамтлаг ардын урлагаараа, өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ, бие сэтгэлээрээ хүмүүсийг гэгээлэг тал руу нь хөтөлсөн болов уу гэж үзэж байна. Монголчууд маань биднийг дэмжиж байсан учраас бид тус шоунд хоёрдугаар байрт орж чадлаа” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн, энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр тус хамтлагийн залууст дурсгалын зүйл гардуулан өглөө. Мөн “Хөсөгтөн” хамгийн залуу уран бүтээлч, дунд хуурч Х.Уламбаярт Соёлын тэргүүн цол тэмдэг олголоо.
Энэ үеэр “Хөсөгтөн” хамтлагийн гишүүд болох хамтлагийн ахлагч их хуурч, хөөмийч Д.Ариунболдтой ярилцлаа.
-Танай хамтлагт уг тэмцээнд орохдоо уран бүтээлээ хэрхэн сонгож авсан бэ?
-Ер “Хөсөгтөн” хамтлаг 2007 оноос хойш ардын урлагийн уралдаанд оролцож байсан. Эдгээр тэмцээнээс ихэнхдээ тэргүүн, дэд байрыг эзлэж байсан. Яг шоу уралдаан гэдэг утгаараа “Авьяаслаг Азичууд” анхных болж байгаа юм. Энэ шоу нь мэргэжлийн гэхээсээ илүү олны таашаалд хүрч буй гэдгээрээ онцлогтой. Бид багаараа ярилцаж байгаад хамгийн шилдэг гэгддэг бүтээлүүдээ тус шоунд тоглосон.
-Тэгэхээр манай ардын урлаг сонгодог тал руугаа байна гэж ойлгож болох уу. Энгийн хөнгөн хөгжим сонсдог хүмүүст ардын урлагийг ямар хэмнэлээр хэрхэн ойртуулах вэ?
-“Авьяаслаг Азичууд” шоу насны хязгааргүй, хөгжмийг амарханаар хүнд ойлгуулах зорилгоор бий болсон уралдаан юм билээ. Орчин цагт манай хамтлаг дангаараа биш, ардын урлагаар уран бүтээлээ тууривдаг хамтлагууд бүгд орчин цагийн хөгжмийн хэмнэлийг хүмүүст мэдрүүлж байгаа. Энэ нь бол ардын урлагийг нас харгалзахгүй сонсдог болсны илрэл. Одоогоос таван жилийн өмнө ардын урлагийг зөвхөн хөгшин хүмүүс сонсдог гэсэн ойлголттой байсан. Харин өнөөдөр бүх насны хүмүүс сонсдог болжээ. Энэ бол дэвшил.
-“Хөсөгтөн” хамтлаг ямар хүмүүсээс бүрдэж байгаа вэ?
-Морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, тэгээд би байгаа.
-Азийн томоохон продюсеруудаас хамтрах санал авсан уу?
-“Авьяаслаг Азичууд” шоу бол олныг хамарч чадсан том тэмцээн шүү дээ. Биднийг ирэхийн урьд өдөр хамгийн том Гала тоглолт нь болсон. Гала тоглолт болтлоо нууцлалыг маш чанд хадгалахыг шаарддаг юм билээ. Нууцлалыг хадгалдаг гэдэг утгаараа өөр хүмүүстэй ажлын ямар нэг санал ярьж болдоггүй. Хэрэв уг шаардлагуудыг зөрчвөл, энэ тэмцээнээс шууд хасагддаг дүрэмтэй. Харин одоо бол ийм саналуудыг хүлээж авч болно.
-Та бүхэн уг шоунд оролцохын тулд өөрсдөөсөө зардал, мөнгөө гаргаж явсан уу. Хэдий хугацаанд хаана байрлаж байв?
-Зарим нэг орны хамтлагийн зардлыг шоуны зүгээс даасан байсан. Манайхаас ҮДБЭЧ-ын “Жалам хар”, “Хөсөгтөн” гэсэн хоёр хамтлаг явсан. Бүгдийнх нь зардлыг шоу зохион байгуулагчдын зүгээс даасан. Харин шоу маань Малайз, Сингапур гэсэн хоёр оронд дамнаж өрнөсөн.
-Өрсөлдөгчид хэр ширүүн байсан бэ?
-Дэлхийн хамгийн олон хүнтэй тив бол Ази. Ардын урлагийн хувьд манай тив өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Харин Европ бол ардын урлагаараа “цус ойртсон” байдаг. Энэ утгаараа шоунд оролцож буй бүтээлүүд маш чанартай, авьяаслаг уран бүтээлчид оролцож байсан. Ялангуяа сүүлийн шилдэг 24 бүтээл үнэхээр гайхалтай сайхан уран бүтээлүүд байсан.
-Монголчуудаас гадна ямар улсаас “Хөсөгтөн” хамтлагийг дэмжиж санал өгч байв?
-Монголчууд дэндүү хийморьлог ард түмэн. Битүү морь уралдахад бүх юм шинэ байдаг. Бидний хэл яриа, хувцас хунар, үзүүлж буй бүтээл, хөгжмийн зэмсэг бүгд шинэ байсан учраас шоунд үнэ цэнэтэй байж чадсан. Тэмцээнд түрүүлсэн Филиппиний хүмүүс их санал өгч байсан. “Би бол филиппин хүн. Гэхдээ энэ дундаас Монголын хөсөгтөн хамтлагт саналаа өгнө” гэж байлаа. Мөн Солонгос, Индонези, Японы иргэд биднийг их дэмжсэн.
-Шоуны үеэр та бүхэн эх хэлээрээ ярьж байсан?
-Ази тивийг хамарсан шоу учир олон үндэстэн оролцсон. Тийм учраас монголоор ярь гэж байсан. Мөн шоу зохион байгуулагчдын бодлого байсан байх.
-Тайз засалтын хувьд?
-Саймоны ажлын баг тайзны засалт хийсэн. Тэд бидний уран бүтээлийг сонсоод, монголын талаарх мэдээллийг судалж, бидэнд зориулсан тайз зассан. Тайз засалт үнэхээр таалагдсан.
-Тэмцээний үеэр та бүхнээс хамгийн сонирхолтой ямар асуулт тавьж байв?
- “Та 100 мянган доллар авбал яах вэ” гэж хамгийн их асууж байсан. Мөн “Хөсөгтөн” хамтлаг, Монголын талаар их сонирхож байлаа. Шүүгчид гэхэд л Монголын талаар мэдээлэл хомс, монголын урлагийг анх удаа сонсож байна гэсэн.
Шүүгч Дэвид Фостер, “Би компьютерийн ертөнцөд амьдардаг хүн. Та бүхэн амьд хөгжим ямар байдгийг дахин надад ойлгуулж чадлаа” гэсэн. Энэ бол маш том үнэлэлт. Бидний өвөг дээдсээс уламжилсан ардын урлаг ямар ч нөлөөнд автаагүй, онгон өв уламжлалаа эвдээгүй авч явж буйг ойлгуулсан. Ардын урлагаа зөв бодлого явуулж дэмжих юм бол дэлхийд маш том орон зай эзэлж чадна. Мөн манай ардын урлаг, ялангуяа морин хуур бол ямар ч улсын ардын хөгжмийг бодвол илүү сонгодог тал руугаа, орчин цагийн ая аялгууг гаргаж чаддаг болохыг олж харлаа. Аугаа том соёлыг бүтээж чадсан монголынхоо өвөг дээдсээр бахархаж байлаа.
- Цаашдаа ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Амжилт үзүүлнэ гэдэг нэг хэрэг. Амжилтыг хадгалж явна гэдэг хамгийн хэцүү. Олны итгэлийг авна гэдэг бол хувь хүн бүрт хариуцлага нэмэгдэхийн нэр. Монголчуудынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид чадах бүхнээ хийнэ. Бид шинэ уран бүтээл хийж байгаад шоунд орох болоод түр завсарласан. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Мөн үзэгчиддээ зориулсан талархлын тоглолт зохион байгуулна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ