Наран улсын хөлбөмбөгчид Азид дөрөв дэхээ ноёллоо
Японы хөлбөмбөгийн шигшээ баг Австралийг хожсоноор Азийн цомд дөрөв дэхээ түрүүлж, шилдэг тоглогчоор Кейсуке Хонда тодорлоо. Итали мэргэжилтэн Альберто Заккеронигоор удирдуулсан Японы шигшээ багийн 19 дугаартай тоглогч Таданара Ли нөөцийн суудлаас талбайд гараад нэмэлт цагт гайхалтай гуядалтаар хожлын гоол авчирсан юм. Зүүн захаас ирсэн бөмбөгийг шууд гуядаж 90-ийн буланд цохисон тул Австралийн хаалгач Марк Шварцер хөдөлж ч амжилгүй гоол алдсан.
Азийн цомыг Иран, Саудын Араб, Япон хэмээх гурван улс тус бүр гурав хүртээд байснаас Наран улсынхан ийнхүү амжилтаараа сугаран гарч ирлээ.
Хүрэл медалийг Узбекистаны шигшээг 3:2-оор хожиж, Өмнөд Солонгосын баг хүртлээ. Өмнөд Солонгосын 21 настай хагас хамгаалагч Ку Чах Чоль таван гоол оруулж, тэмцээний мэргэн буучаар тодорсон юм. Гэлээ ч Өмнөд Солонгосын хоёр од Пак Жи Сун, Ли Ён Пё нар энэ тэмцээний дараа шигшээ багтаа дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Азийн цомын удаахь тэмцээн 2015 онд Австралид зохиогдоно.
Азийн цом. Шигшээ тоглолт. Япон — Австрали 1:0 Австрали: Шварцер, Уилкшир, Нилл, Огненовски, Карни, Холман (Эмертон 65), Единак, Валери, Маккэй, Кьюэлл (Крус 102), Кэхилл (Килкенни 112)
Япон: Кавашима, Учида (Иноха 120), Ёшида, Конно, Нагатомо, Эндо, Хасэбэ, К.Хонда, Фужимото (Ивамаша 56), Оказаки, Маеда (Ли 98) Гоол: Таданари Ли 109
Шар хуудас: Валери 16; Холман 39; Маккэй 112 Шүүгч: Ирматов (Узбекистан). Доха (Катар). "Халифа Интернейшнл"
Азийн цомын аваргууд 1956. Өмнөд Солонгос 1960. Өмнөд Солонгос 1964. Израиль 1968. Иран 1972. Иран 1976. Иран 1980. Кувейт 1984. Саудын Араб 1988. Саудын Араб 1992. Япон 1996. Саудын Араб 2000. Япон 2004. Япон 2007. Ирак 2011. Япон
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ