Монгол Улс мэдлэгийн эдийн засагт шилжинэ

Пүрэв гариг бүрт болдог "Сайдын цаг" ээлжит уулзалтад өчигдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцсон юм. Тэрбээр энэ үеэр боловсролын салбарт хийгдэж буй ажлууд, шинжлэх ухаан, соёлын салбаруудад хийгдэж байгаа шинэчлэл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Энэ чиглэлд Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллах ямар ажил хийж байна вэ?
-Хотын даргын захирамжаар шинээр баригдаж байгаа хорооллууд дэргэдээ заавал сургуультай бай гэсэн. Тулгамдаж байгаа асуудал бол барьсан сургуулийг худалдаж авах мөнгө байна уу гэдэг асуудал. Тэгэхээр Барилгын яам, Сангийн яам, Улаанбаатар хот, аймаг дүүргийн захиргаа, манай яам гээд олон байгууллагууд хамтраад сургуулийг яаж бариулах, хаана барих, стандарт үнэлгээ тогтоож, хэзээ ямар үнээр худалдаж авах, мөнгийг нь яаж гаргах гээд асуудлыг хариуцсан салбарууд шийднэ. Дахиад л төлбөрийг яаж хийх вэ гэдэг асуудал гарна. Барилгын компаниуд бол “Сургууль барья, гэхдээ ашгийн бус байгууллагын менежментийг хийхгүй” гэдэг. Эндээс барьсан сургуулийг улс худалдаж авах процессоо л тодорхой болгох хэрэгтэй.
Хамгийн сүүлд Буянт-Ухаа хороололд хоёр цэцэрлэг баригдсан. Төрийн өмчит компани барьсан ч цэцэрлэг нь төрийнх биш байгаад байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж энэ хоёр цэцэрлэгийг төрийн өмчид бүртгэж, ирэх жилийн төсвөөс мөнгийг нь шилжүүлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл улсын компани барьчихаад байхад манайх авч ашиглаж чадахгүй байгааг шийдэхээр болсон. Улсын компани орон сууцны хорооллыг барьсан бол мөнгийг нь дараа нь ч хамаагүй төлдөг байх үүднээс шийдлүүд гарч эхэлж байна. Тухайн хоёр цэцэрлэгийн тухайд есдүгээр сарын 1-нээс улсын цэцэрлэгийн статусаар үйл ажиллагаа явуулна.
-Сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Сургуулийн өмнөх боловсрол олгох чиглэлээр “ЦӨМ” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр сургалтын хөтөлбөрт сурагчдын өөрсдийнх нь оролцоо эрс нэмэгдэж, хүүхдүүд илүү өөрийн итгэл үнэмшил, хүсэл зоригоор суралцах нөхцөл байдал бүрдсэн байна. Өмнө нь бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багш нарын оролцоо 75, сурагчдынх 25 хувьтай байжээ. Харин “ЦӨМ” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчдын оролцоо 75 хувь болж, нэмэгдсэн аж. Бага боловсролд хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “ЦӨМ” хөтөлбөрийн зорилго бол бусдлаас өөрөөр сэтгэдэг өөрөө хийж чаддаг хүнийг би болгоно.
-Цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил Засгийн газар дээр хэлэлцэгдэж байгаа юу?
-Улсаас өгч буй цэцэрлэгийн хоолны мөнгө хасагдахгүй. Хоолны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой саналуудыг Засгийн газарт танилцуулна. Хоолны мөнгө нэмэгдэнэ гэвэл эцэг, эхчүүдийн оролцоо хэрэгтэй.
-Шинэ хичээлийн жил эхлэхээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал дахиад л хөндөгдөнө. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод ЕБС-ийн сурагчдыг нэг ээлжээр хичээллүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?
-Хөрөнгө санхүүгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Батлагдсан төсвийнхөө хүрээнд бид 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд энэ тоо 82 хувьтай гарч байсан. Тэгэхээр бид жилд 15-20 мянган хүүхдийн цэцэрлэгт явах орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед байнга мэдээлж байгаа 72 цэцэрлэг, сургуулийн комплекс барих концессын гэрээг ЗГ дэмжсэн. Гэрээний дагуу энэ хавраас ажлууд эхэлнэ. 30 гаруй байршилд энэ жил барилга барихаар төлөвлөж байгаа.
Энэ ажил Аж үйлдвэрийн яам болон Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулалтын газар дээр тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Мөн Хятадын тусламжаар бид 20 орчим сургууль барихаар төлөвлөсөн. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ирэх ням гарагт БНХАУ-д айлчилна. Энэ хүрээндээ Хятадын тусламжийг эцэслэж, цаг хуваарьтай нь гаргана гэж төлөвлөж байгаа. Концессын 72, тусламжийн 20, дээрээс нь буулгаж, шинээр барих 10 барилга бий. Ингээд нийт 100 барилгыг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулж, боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд сурагчдыг нэг ээлжээр хичээллүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хугацаа нэлээд наашилна.
-Хувийн хэвшлийн дунд сургуулийн төлбөр хэт өндөр байгаа. Дээрээс нь сургуулиуд жил бүр төлбөрөө нэмэгдүүлж байна. Хүүхдүүд дунд сургуульд суралцахдаа их, дээд сургуулийнхаас илүү төлбөр төлж байгаа нь шударга юм уу. Салбарын сайдын хувьд энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус. Сургууль ашгийн бус байгууллага. Тиймээс ашгийн бус байгууллагын үйл ажиллагааны удирдлагыг маш тодорхой болгох ёстой. Үүнд үйл ажиллагаанд эцэг эх, багш нар, сургууль байгуулсан хүмүүс буюу хувь нийлүүлэгчдийн оролцоог тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол сургууль байгуулсан хүн сургуулиасаа ашиг олно гэдэг байдлаар хандаж байгаад асуудал байгаа юм. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сургууль байгуулж, ашгийн бус, сайн дурын үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байгаа.
Үүнтэйгээ адилаар яг тэр зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх орчныг бүрдүүлэх шаардлага бий. Түүнээс биш бид шууд оролцоод, танай сургууль үнээ нэм, хас гэж хэлэх хууль эрх зүйн бололцоо байхгүй. Бидэнд байгаа ганц боломж нь тухайн сургуулийн эрхийг хураах. Гэтэл сургуулийн эрхийг шууд хурааж авсны нөгөө талд эцэг эхчүүд, хүүхдүүдийн асуудал хөндөгдөнө. Тиймээс бид санхүүтэй холбоотой шийдвэр гаргах асуудалд эцэг эх, багш нарын оролцоог хангах шаардлага бий.
-Сурагчдын дүрэмт хувцас оёх эрхийг цөөн хэдэн компанид бус оёдлын үйлдвэрүүдэд өгч, үнийг зах зээлийн зарчмаар нь орхих боломжтой юу?
-Сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг эхлүүлэхэд тодорхой шаардлагуудыг тавьсан. Тодруулбал, маш тодорхой хүрээнд чанартай хувцас оёулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажил үргэлжилж байгаа. Цаашид энэ зах зээл чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдөхдөө импортоор орж ирдэггүй үйлдвэрлэдэг байх гэсэн стандараа Аж, үйлдвэрийн яамнаас бариад явбал чөлөөлөгдөнө. Түүнээс бус эхлүүлсэн компаниуд үеийн үед нийлүүлдэг гэсэн ойлголт байхгүй.
-ШУТИС-аас хүүхдийн биед тохиромжтой даавууг нано технологиор гаргахаар судалгаа хийж байгаа. Заавал мөнгө үрж судалгаа хийх шаардлага байна уу гэдэг шүүмжлэл гараад байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Нано даавууг үйлдвэрлэж байна. Тус даавуу нордоггүй сайн талтай. Нордоггүй даавууг гэрийн бүрээсэнд хамгийн түрүүнд ашиглана. Ер нь судалгаа, шинжилгээний ажил мөнгө зарахгүй бол Монгол Улс хөгжихгүй. Монголчуудын өнөөдрийн зовлон оюуны ядуурлаас үүдэлтэй. Оюуны ядуурлаас гарахын тулд бүх мөнгөө судалгааны ажилд зарах хэрэгтэй. Бидний мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх төлөвлөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж чадна. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг илүү, хурдтай, хүчтэй явуулах шаардлагууд бий. Харамсалтай нь хүн бүр тэгж бодохгүй байна. Харин бид чадлаараа Засгийн газрын дэмжлэгийг авахаар ажиллана.
-Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хүүхдүүдийн сурах арга барил өөрчлөгдсөн гэж байна. Үүний нөгөө талд багш нарыгаа дэмжих чиглэлд хэрхэн ажиллаж байгаа бол?
-Багш бүрийг хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж байгаа. Ялангуяа давтан сургалт, багш нарын сургалтад ашиглаж буй хэрэглэгдэхүүн дээр анхаарч байна. 150 ангийг ухаалаг самбартай болгосон. Ойрын хугацаанд ухаалаг анги хөтөлбөрийн хүрээнд самбар цахим болно. Ингэснээр багшийн ачаалал багасна. Энэ хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бас багш болгоныг нөүтбүүктэй болгох ажил зургадугаар сараас эхэлнэ. Цалин бол төсөвтөө захирагдаад явна. Бидний зүгээс багш нарынхаа ажилд яаж туслах вэ гэдэг дээр анхаарч байгаа.
-Багш нарт компьютер олгох ажил гацсан гэх мэдээлэл байна. Хятадын талаас компьютер нийлүүлэх боломжгүй гэсэн асуудал тавьсан гэдэг үнэн үү?
-Багш нэг бүрийн нөүтбүүктэй болгох төслийг Сангийн яам, Хуульзүйн яам эхний санхүүжилтынх нь зөвшөөрлийг бичээд Хятадын “Эгзим” банкинд явуулсан. Хятадын тал шийдвэрээ гаргачихсан, гэрээгээ хийсэн. Энэ гэрээ хаа нэгтээ зогссон тухай надад мэдээлэл ирээгүй байна. Сангийн яам санхүүжилтын 30 хувийг нээх эрхийг өгсөн гэдэг мэдээллийг хамгийн сүүлд бидэнд өгсөн. Энэ санхүүжилтдээ таарсан компютер нийлүүлэх ёстой. Сангийн сайд ирэх ням гаригт Хятадад айлчилна. Айлчлалын хүрээнд зээл тусламжийн олон асуудлыг ярилцах байх. Хятадын талаас энэ ажлыг зогсоосон асуудал байхгүй. Ийм мэдээлэл хаанаас гарсныг хэлж мэдэхгүй байна. Тиймээс цаашид үргэлжлэх л учиртай.
-Шилдэг их дээд сургуульд суралцах оюутнуудын санхүүжилт шийдэгдсэн үү?
-Эхний 35 оюутны санхүүжилтыг бүрэн шийдсэн. Дараагийн ээлжийн 35 оюутны санхүүжилтыг шийдэхээр ажиллаж байна. Ер нь дээд боловсрол дээр шинэчилсэн хөтөлбөрөөр өнгөрсөн жил элсэлт авсан. Зарим хөтөлбөрийг одоо ч сайжруулж байна. Хөтөлбөрүүд дотроос хамгийн амжилттай хэрэгжиж буй нь инженерийн хөтөлбөр. Үүнийг ШУТИС амжилттай хэрэгжүүлж байна. 1000 инженер хөтөлбөрийг хувийн салбартай холбож, инженерээ бэлддэг байхаар тогтолцоо руу шилжүүлж байгаа. Энэ хаврын хамгийн сайн мэдээ гэвэл дэлхийн шилдэг 100 сургуульд 200 залуус урилга авсан. Энэ залуучуудаасаа батлагдсан санхүүгийн хязгаарт тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн.
Төсвийн тодотгол батлагдвал санхүүжилтийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр саналаа Засгийн газарт өгсөн. Дээд боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хуулийн гол үзэл санаа нь дээд сургуулиудыг бие даалгах, санхүүгийн ил тод байдлыг бий болгох, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх гэсэн гурван зарчмыг барьж байна. Дээд боловсролын хувьд хийдэг бүтээдэг хүнийг бий болгодог хөтөлбөрийн шинэчлэлүүдийг дамжина. Ингэснээр дээд боловсролын байгууллага нь шинэ мэдлэгийг үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлнэ. Энэ нь монголын хөрөнгө оруулагч болон гадны хөрөнгө оруулагчдын холбодог шинжлэх ухааны бүтцийг бий болгох юм. Үр дүнд нь Монгол Улс мэдлэгийн эдийн засагт шилжих юм.
-Соёлын өвийг хамгаалах асуудлаар БСШУ-ны яамнаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Манай яамнаас музейн тооллогыг хоёр жилийн хугацаанд орон даяар хийж сая дууслаа. Соёлын өвийн тухай хууль батлагдсанаар монголчууд соёлын өвөө хамгаалах, хадгалах тал дээр тогтвортой байдал бий болно. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Занданшуулсан шарилыг бид соёлын өвд бүртгэж авсан. Одоо тухайн гэгээнтнийг шүтдэг нутаг усныханд нь буцааж өгөх үүднээс тухайн суманд нь буцааж байршуулна. Ингэхдээ хийд барьж зална. Багш, шавь хоёрын занданшуулсан шарил байгаа. Тус хоёр шарилыг нутгийн ард түмэн болон шавь нар нь соёлын өв гэж үзэж байгаа.
Манайхан ч соёлын өвд бүртгэж авч хадгалах, хамгаалах ажлыг нь хийж байна. Ер нь цаашид соёлын өвийг хамгаалах систем рүү орох шаардлага байна. Тэр үүднээс Чойжин ламын музей, Богд хааны музей зэрэг музейнүүдээ хамгаалтахаар Засгийн газар шийдвэр гаргасан. Одоо хэлэлцээд явна. Төрийн хамгаалтад орсноор соёлын өвүүд алдагдах аюулаас холдож байгаа юм. Цаашид соёлын өвөө хулгайд алдахгүй байх алдагдсан бүтээлүүдээ эргээд олж авахыг ажлыг зохион байгуулна. Занабазарын музей болон бусад гайхамшигтай соёлын үнэт өвүүдийнхээ талаар 3D каталогиуд хийгээд дэлхийд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ