УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Сайханбилэг сайд аа, нэрээ бодож ажиллаарай. Сайхан, билэгтэй нэрийг аав ээж чинь өгсөн шүү. Бидний газар нутаг лицензийг гадныханд барьцаалууллаа. Энэ төлөвлөгөө чинь Арбитрийн шүүхэд баримт болж чадах уу?
-Ганбаатар гишүүн ээ, та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл Монголын төлөө баатарлаг үйлс байгуулсан. Энэ төлөвлөгөөг нуусан зүйл байгаагүй. Торонтогийн хөрөнгийн бирж дээр зурагдсаны дараагаар тавигдсан. Өнөөдөр Засгийн газрын сайт дээр мөн тавигдана. Энэ бол Арбитр дээр баталгаажина гэсэн хариулт өгөв.
Мөн “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан:
-Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хүрээнд 4.2 тэрбум ам.долларын зээлийг авахаар болсон. Энэ зээлийг “Рио тинто” компани баталгаажуулан авна. Бүхлээр нь далд уурхайн хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна. Санхүүжилтийн өртгийг хувь нийлүүлэгчийн гэрээнд тохирсон хувиар тооцно. Төслийн санхүүжилт гэдэг нь аливаа бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд хэрэглэдэг. Бүтээн байгуулалтыг хийж байгаа “Оюутолгой” компани нь өөрт байгаа тодорхой хөрөнгийг барьцаалдаг хэмээн нэмж хариулав.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
“Оюутолгой” муу гэрээ болсон. Төлөвлөгөө батлагдсанаар хэдий хэмжээний мөнгө эхний ээлжинд оруулж ирэх вэ?" гэдгийг тодруулсан.
Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Татварын 30 сая ам.доллар, роялтийн 10 сая ам.доллар орж ирнэ. Өмнөговь аймагт жил бүр орон нутгийн хөгжилд зориулж 5 сая ам.доллар орж ирнэ. Өмнөговь аймаг хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн юм.
Мөн гишүүн Д.Батцогт “Оюутолгойн хөрөнгө оруулалт татах нэрийдлээр лицензээ барьцаанд тавиад тууж байна” хэмээн эмзэглэж байлаа. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Барьцаа бол барьцаа. Ашигтай ажиллах уурхай гэдэг үндсэн дээр 14 банк зээл өгөх гэж байгаа. “Оюутолгой” 3 лицензтэй. Тиймээс Монголын тал нэг лицензээ, нөгөө тал бүх хөрөнгөө барьцаалж байгаа. Барьцаанд тавьсан зүйлийг тавиад туучина гэсэн ойлголт байхгүй.” гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Уншиж байна |