Монголын далбаатай 500 усан онгоц далайд явж байна

img

Дэлхийн нийт худалдааны 90 хувьд усан замын тээврээр эргэлдэж байдаг. Далайд гарцгүй манай орны хувьд хамгийн ашигтай, хэмнэлттэй гэгддэг усан замын тээвэрт хэрхэн “ойртож” болох талаар олонтаа ярьдаг.

 

Монголчууд энэ салбарт одоогийн байдлаар зөвхөн далбаагаа ашиглуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ талаар Зам тээврийн яамны Далайн захиргааны мэргэжилтэн Б.Оргилтой ярилцлаа.

 

 

-Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог. Одоогийн байдлаар монголын бүртгэлтэй нийт хэдэн усан замын тээврийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

 

-Монгол Улс Хөвсгөл нуурт онгоц аялуулж эхлээд 100 гаруй жил, яг усан замын тээврийн салбар үүссэн 60 гаруй жилийн түүхтэй юм. Харин манай байгууллага 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо бараг 10 гаруй жил болсон байна. Энэ хугацаанд 2848 онгоц манай улсын нэр дээр бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 500 гаруй хөлөг онгоц байнгын бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 80 гаруй нь дотооддоо үйл ажиллагаа явуулж байна.

 

 

-Манай улсад бүртгэлтэй усан онгоц аль далайд түлхүү явдаг вэ. Нарийвчилсан тоо  бий юу?

 

-Манай хамтарсан компани Сингапурт байдаг.  Энэ утгаараа тухайн бүс нутгийн далайд явж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын далбааг мандуулан далайд гарч байгаа байнгын бүртгэлтэй 350 хөлөг онгоц бий. Эдгээр онгоцууд Сингапур, Малайз, Вьетнам, Панам, Хонгконг, Индионез, Хятад, Малти зэрэг орнуудад манай далбааг мандуулж яваа. Манай далбааг Сингапур хамгийн ихээр ашигладаг учир нь Монгол Улс Сингапуртай “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани байгуулан бүртгэлээ тэндээ явуулдаг. Газарзүйн байршлын хувьд ч далбаа ашигладаг хамгийн олон онгоцтой гэдэг утгаар ч харилцаа холбоо сайтай ажилладаг. 

 

 

-Ямар чиглэлийн тээвэрлэлт хийдэг вэ. Худалдаа нь хаашаа чиглэж байна?

 

-Худалдаа нь Хятад, Орос зэрэг хооронд явж байгаа. Манайх загас агнуур, зорчигч тээврийн онгоц бүртгэж авдаггүй. Тэр утгаараа ачаа тээврийн чиглэлийн онгоцнуудыг бүртгэж авдаг.

 

 

-Үе үе  Монголын далбаатай хөлөг онгоц саатуулагдсан, хар наймаатай холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл сонсогдохоос бус олон нийтэд өөр нарийн мэдээлэл байхгүй байх шиг байна? 

-Далайн тээвэр гэдэг бол зөвхөн нэг орны асуудал биш, дэлхийн орнуудыг хамарсан асуудал байдаг учраас дэлхийн болоод улс орны маань нийгэм, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр даган, хөгжин хувьссаар ирсэн. Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулж байна.

 

 

-Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн орлого оруулаад байна вэ?

 

-2003 оноос өнөөг хүртэл 3,7 тэрбум төгрөг олсноос, улсын төсөвт 3,4 тэрбумыг зарцуулсан байдаг. Үлдсэн мөнгийг нь манайх үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа.

 

 

-Манай улсын далбааг мандуулна гэдэг бол улсын л нэр төрийн асуудал. Тэгэхээр Монгол Улсын далбаатай хөлөг онгоц хууль бус тээвэр хийсэн гэх мэт асуудал дэгдээд байгаа гэдэгт ямар хариулт өгөх вэ. Нэгэнт зөрчил гаргаж хар дансанд орсон хөлөг онгоцуудад далбаагаа хэрэглүүлэхээс татгалзаж болно биз дээ?



-Далайн захиргаанаас 2010 оноос эхлээд зөрчил гаргаж байсан гэх зарим хөлөг онгоцыг хар данснаас гарахаар идэвхтэй ажиллаж байгаа. Хар дансанд орсон шалтгаан нь янз бүр, жишээ нь тухайн хөлөг онгоц маань галын хорны тоо нь дутуу байх, гал тогооны тоног төхөөрмж хуучирч муудан эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг хамардаг зүйл л дээ. Ер нь бол хууль тогтоомж, дүрэм, стандартыг мөрдөж ажиллахад хар жагсаалтаас гарах бүрэн боломж бий гэж үзэж байгаа. 

 



-Ер нь болж бүтэхгүй бараа тээвэрлэдэг “но”-той хөлөг онгоцнууд  Монгол Улсын далбааг ашиглаж далайд гардаг гэсэн яриа гардаг. Хөлөг онгоц, бараа бүтээгдэхүүн, тээвэрлэлтийн зориулалт гээд  яаж хянаж, шалгаж байж далбаагаа ашиглуулдаг юм бэ? 



-Олон шалгуур бий. Тухайлбал, хөлөг онгоцыг далайд гарах тухайн эргийн улсын гаалийн байгууллага, олон улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллага, нарийн мэргэшсэн техникийн байгууллагууд шалгадаг юм. Ингэхдээ далайд гарахад хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдал, ажиллагсад, зорчигчдын амь нас, ачаа барааны аюулгүй байдлыг хангах явдал байна. Монгол Улс далбаагаа ашиглуулсныхаа хувьд эндээсээ бүрэн шалгалтыг хийх эрхтэй. Тодруулбал, манай далбаатай хөлөг онгоц хаана, хэдийд явж байна гээд л. Жишээ нь, Атлантын далайд манай улсын далбаатай хөлөг онгоц явж байхад бид тэнд нь очиж хяналтаа хийх эрхтэй гэсэн үг.

 


-Усан замын тээврийн асуудлыг шийдэхэд Монгол Улсын эрх зүйн орчин хэр байна вэ? 

-Монгол  Улсын хувьд  Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хоёр гол хуулиар зохицуулагдаж байна. Үүн дээр нэмэгдээд далайн салбарын олон улсын конвениуд бий. Монгол Улс 26 орчим олон улсын гэрээнд нэгдэж орсон байдаг. Тэгэхээр үүнд ерөнхийдөө дамжин өнгөрөх тээвэр, аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, хог хаягдал, тээвэр, гээд олон хууль тогтоомжийг мөрдөх ёстой байдаг юм. 



-Манай улс гадны хөлөг онгоцуудад далбаагаа ашиглуулаад асар их хөрөнгө хуримтлуулах боломжтой гэдэг.  Хэдий хэмжээний орлого олоод түүнийгээ улсад хэрхэн төвлөрүүлдэг юм?

 

-Онгоц бүртгэх үйл ажиллагааны улмаас 2010-2011 оны хугацаанд орлого илт буурсан байдаг. Энэ нь урьд хамтарч ажиллаж байсан компаниа сольж, бүртгэлийн үйл ажиллагаагаа шинэчилсэнтэй холбоотой.

 

Ер нь далайн тээврийн олсон нийт орлогын 90 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх хуультай байдаг болохоор 2010 онд 115 сая, 2011 онд 39 орчим сая, 2012 онд 240 сая, 2013 онд 279 сая, 2014 онд 274 сая төгрөгийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин энэ онд төлөвлөсөн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

 

-Монгол Улс далбаагаа ашиглуулаад төлбөрийг хэрхэн тооцож авдаг вэ?



-Далбаа ашиглах хугацаа, хөлөг онгоцны даац зэрэг хүчин зүйлээс хамаараад төлбөр хураамж нь өөр. Яг хэдэн төгрөг байдгийг хэлэх боломжгүй. Байгууллагын нууцад хамаарах асуудал л даа. Ямартай ч олсон орлогын 90 хувийг улсад төвлөрүүлдэг юм. 



-Далбаа ашиглуулахдаа ямар шаардлага тавьдаг юм бэ. Хаана эхэлж ханддаг вэ?



-Сингапурт Монголын хөлөг онгоцны бүртгэл хариуцсан компани бий. Тэнд эхэлж хандаж, бүртгэх бүх үйл ажиллагааг нь явуулж байна. Цаашдаа хөрөнгө санхүү, боловсон хүчний  туршлагатай болохоороо Монгол Улсдаа бүртгэлээ хийдэг болно. Далбаагаа ашиглуулах бүртгэлийн тогтолцооны хувьд, эхлээд хөлөг онгоцны ахмад болон ажилтнууд нь бидэнд манай далбааг ашиглах, манай улсын бүртгэлд орох тухай хүсэлтээ гаргана. Бид ямар улсын иргэн, ямар тээвэр хийх, хөлөг онгоцны тухай мэдээллийг цуглуулаад, далайд гарахад бэлэн эсэх техникийн бүрэн үзлэгт оруулна. Ингээд шаардлага хангасан гэж үзвэл манай Далайн захиргаанаас эхний ээлжинд гурван сарын түр гэрчилгээ олгодог. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарахгүй бол ашиглах хугацааг нь сунгаад, байнгын бүртгэлдээ оруулдаг. 

 

 

-Манай далбаатай хөлөг онгоц аливаа гэмт хэрэгт холбогдвол манай улс ямар нэгэн хариуцлага хүлээх үү? 

 

-Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зарим тохиолдолд тухайлбал хөлөг онгоц маань тухайн зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал, тухайн нутаг дэвсгэрийн хуулиар бас зохицуулагдана. Хэрэв ямар нэгэн хэрэг, зөрчил гарвал хөлөг онгоцны ахмад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаа явуулна. 

 


-Монголд байрлаж буй Далайн захиргаанд дотооддоо ямар асуудлаар ханддаг юм бэ? 



-Дотоодын  усан замын тээврийн ашиглалтын тухай хандах боломжтой. Жишээ нь, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өөрсдийн завиараа Туул голоос Тэрэлж хүртэл хөвөх үйлчилгээ нэвтрүүлье гэх мэт гэсэн санал ирүүлдэг. Үүн дээр нэмэгдээд мэдээж, орон нутгийн усан замын тээврийн асуудлыг эрхлэн хариуцдаг. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ тун ч но-той ажил даа!!! Орлого бүрэн авч байгаа эсэх, авснаа зөв зарцуулж байгаа эсэхийг шалгасан юм байна уу? Энд нууц гээд байх юм огт байх ёсгүй, төрийн өмчийн зарцуулалтыг олон нийтээс энэ банди нуух юм гэнэ үү??? Ер нь задарсан газар болох нь харагдаж байна шүү!!! Н.Энхбаярын үед бол бүр ч таг нууц байсан!!!!!!!!!!
2015-05-28
ZOCHIN:
ENKHBAYARIIN DUU ENKTUYAD BAIGAA
2015-05-27
MGL Captain:
2003 оноос өнөөг хүртэл 3,7 тэрбум төгрөг олсон. Too bodeo 3.700.000.000 2848 ongoc gej bodvol 1 ongoc = 1.299.157 T. Neg ongocny jiliin tolbor 1.299.157 T 1.500 T olon jiliin -T dundaj xansh gej uzvel = 866 yum baina. Tegvel neg ongoc Mongol ulsyn dalbaa ashiglaad sard heden toldog ve gedeg too garaad irne. Ene n 866 12 sar= 72.16 buyu Mongol ulsyn irgenii amjirgaany dood tuvshnii saryn mongonoos baga garch baina daa hooe ?!?!
2015-05-27
IRGEN:
TER IH MONGO HAAANA BNAAAAAAAAAAAAAAAAA AIN
2015-05-27