Нийслэлчүүдийн бохирыг Туул руу урсгахаас өөр арга алга

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон гэнэ.
Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн гэмтэлтэй хэсгийг яаралтай засварлах ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Төв цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан цагаас хойш шинэчлэгдээгүй зарим байгууламжуудад цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссээр байгаа аж. Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах гэнэ.
Засварын ажлыг гурав хоногт багтаан хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн хоёр сонголт хийхэд хүрсэн байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болжээ. Засварын ажлыг УСУГ-аас 40 орчим сая төгрөг гарган хийх юм байна.
Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнгээс тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламжид яг ямар асуудал үүсээд байгаа вм бэ?
-Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийх шаардлага гарсан. Биологийн цэвэрлэх байгууламжийн аэротенк гэж байдаг. Тэрний 3, 4 дүгээр аэротенкийн хананд цоорол үүссэн. Тэр цоорлыг бөглөж, янзлахгүй бол улам томроод задрах аюултай. Аэротенкийн хана задрах юм бол тэр ус маань шууд асгарна. Мөн анхдагч тунгаагуур гэж бий. Тэрний ус оруулж хаадаг шифр хаалт бас эвдэрсэн байгаа. Тэр хаалтыг ч бас засварлана. Тэр хаалтыг тогтоож байдаг бетон байгууламж маань маш хүнд байдалтай байгаа. Ийм хоёр янзын гэмтэл байна. Дээрээс нь аэротенк анхдагч тунгаагуур хэсэг дээр 6-7 зайлшгүй бетон засвар хйихгүй бол болохгүй болсон байгаа.
-Засварыг гурав хоногт багтаан хийж амжих уу?
-Гурав хоногт амжуулж хийнэ л гэж үзэж байгаа. Амжуулж л хийхгүй бол бороо шорооны улирал эхэлж байна. Хөрсний ус, гадаргуугийн ус орж ирнэ. Тэгэхээр энэ аэротенк маань ачааллаа дийлэхгүй болчихно.
-Аеротенкүүдийг хэдэн жил ашигласан юм бэ?
-Төв цэвэрлэх байгууламж минь өөрөө 1964 онд байгуулагдсан. Аэротенкууд гэхэд 1979 он 80 аад оны эхээр баригдсан. Энэ олон жилийн хугацаанд бетон байгууламжууд нь улам бүр муудаж байгаа тул яаралтай асвар хийх гэж байна. Миний харж байгаагаар Төв цэвэрлэх байгууламжийн өөрийнх нь нас явцгүй болчихлоо. 4-5 жил тэсэх эсэхийг ч хэлж мэдэхгүй байна. Шинээр төв цэвэрлэх байгууламж барьж өгөөч ээ гэж хүссэн ч тэр шийдвэр нь гараагүй л байж байна. Барих шийдвэр гараад шинээр баригдлаа гэхэд багадаа 6 жил шаардагдана. Өнөөдөр л бид энэ ажлыг эхлэхгүй бол Улаанбаатар хот нэг л өдөр бохиртойгоо холилдоно.
-Юун “Ургах наран” хорооллын бохирын асуудал болох нээ?
-Тэгэлгүй яахав. Юун “Ургах наран”. “Ургахнаран” бол энгийн модон жорлонгийн жишээ шиг л болно. Нийслэлийн айл өрх, албан байгууллагуудын хэрэглээнээс гарсан 167 мянган шоо метр ус Төв цэвэрлэх байгууламжид өдөртөө ирж цэвэрлэгдээд Тул гол руу ордог. Хэрэв цэвэрлэх боломжгүй болчихвол нийслэл хот гурав хоногт л бохиртоо живнэ. Ийм л хүнд байдалтай байна. Оюутолгой, Тавантолгой гэж ярихаасаа илүүтэй өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжаа ярихгүй бол болохгүй болоод байна. Засгийн газрын өмнө Оюутолгой, Тавантолгойгоос илүү айхтар асуудал үүсэх гээд байна шүү.
-Шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэж Засгийн газарт хандаж байсан уу. Ер нь хичнээн төгрөгийн төсөв, санхүүжилт шаардлагатай байгаа юм бэ?
-Зөндөө л хэлсэн. 280-300 орчим сая төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих боломжтой.
-Засварын ажлыг гурав хоногт хийнэ гэлээ. Энэ өдрүүдэд нийслэлчүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ үнэхээр санаа зовоосон асуудал.Ер нь бол хүнд байгаа гэдгийг нийслэлчүүд маань ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь энэ засварыг гарцаагүй хийж байж цаашаа яах вэ гэдэг төлөвлөгөөг гаргана. Маргааш очиж онгойлгож үзэж байж л цаашдаа яахыг нь хэлнэ дээ.
-Төв цэвэрлэх байгууламжаас гаргаж авсан лаг болон усаа дахин ашигладаг олон улсын туршлага бий. Манайд ингэж ашиглах боломж байдаггүй юм уу?
-Олон улсын байгууллагууд болон бусад улс орноос манай төв цэвэрлэх байгууламжийг лагийг дахин ашиглаж болох эсэхийг судалдаг. Гэвч орчин үеийн энэ технологийг манайд ашиглах боломжгүй гэдэг. Яагаад гэвэл арьс ширний үйлдвэрүүдийн маш хортой, их хэмжээний химийн бодисонд хордсон бохир ус Төв цэвэрлэх байгууламжид ирдэг. Юун дахин ашиглаж, цэцэг ногоо услах, бордоо хийх гэж хэлдэг. Лагаа шатааж дулаан гаргахад ашиглах гээд ч болохгүй байна.
-Төв цэвэрлэх байгууламжийг гурав хоног зогсоож янзлах хооронд бохир усаа Туул гол руугаа урсгахаас өөр аргагүй гэж байна. Тэгэхээр Туул гол маань маш ихээр бохирдоно доо?
-Байгаль орчин бохирдоно. Уг нь Байгаль орчны хууль, Усны тухай хуулиар ариутгах татуургын шугам сүлжээгээр хотын бохирыг цэвэрлээд Туул гол руу нийлүүлэх хуультай. Тэрийгээ хийж чадахгүй одоо хууль зөрчих гэж байна. Тийм учраас ард түмэнд зөвөөр ойлгуулаарай гэж хэвлэлийнхэнээс тусламж авч байгаа юм. Байдал газар дээрээ ямар байгааг маргааш хэвлэлийнхэнд харуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй байна.
-Засвар хийх гурван хоногт ядаж арьс ширний үйлдвэрүүдийг ажлаа түр зогсоож, химийн бодис ашиглахгүй, цэвэрлэх байгууламж руу нийлүүлэхгүй тэсэж өгөөч гэж уриалж болох юм?
-Хувийн байгууллагууд ашиг орлого хөөж байгаа улсууд. Тэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажлаа гурав хоног зогсооё гэхгүй дээ. Тэр бүү хэл Туул гол маань бидний үр хүүхдийн өмч гэж яриад байсан хүмүүс тоохгүй байгаа юм чинь хувийн байгууллага өөрсдийн ухамсраар бид ажлаа түр зогсоогоод өгье гэхгүй л байх. Та бүхэн хэвлэлээрээ дамжуулаад асуугаад үз дээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ