54.4 тэрбум төгрөгөөр хүүхэд “харна”

img

Манай улсад өнөөдөр хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал соц үеийнхээс ч хоцрогдолтой явж, хөндүүр сэдэв болжээ. Нийтийн тээвэрт хүүхдүүд мөнгө төлж, оюутнууд үнэгүй зорчдог гаж жишгээс л эхлээд баримт нотолгоо дурдаж болно. Хэдийгээр улсын цэцэрлэгт үнэгүй төлбөргүй хүмүүжүүлж байгаа ч хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх танин мэдэхүйн тоглоом наадам дутагдалтай байдгийг эцэг эхчүүд шүүмжилдэг. Өдөржин хүүхдүүдийг телевизийн өмнө уяж, олон ангит хүүхэлдэйн кино үзүүлж байгаа нь тэдний бяцхан тархийг царцааж байна. Энэ байдал хувийн, хувьсгалын аль ч цэцэрлэгт үйлчилж байгаа нь нууц биш. Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед хүүхдийн талаарх тулгамдсан асуудлыг  гишүүн бүр нухацтай ярьж байна лээ.

 

Хүүхэд тоглож наадах, нийтийн тээвэрт төлбөртэй зорчих үзэгдлийг асуудал гэж хараад ч хэрэггүй болж. Учир нь хүүхэд гэртээ цоожтой үлдсэнээс галын аюулд өртөн амиа алдаж, эсвээс тагтан дээрээ гарч амиа алдах дөхөн, цаашлаад эцэг эхийн хариуцлагагүй үйлдлээс тарчлан зовж, тамлуулан, амиа алдсан мэдээлэл ч нийгмийг цочроолоо. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь төрийн хүлээх үүрэг болоод байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013–2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэгийг байгуулж бага насны хүүхдийн нийгмийн халамж, үйлчилгээг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100 мянга байгаагаас ашиглалт 133.2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31.4 мянга байгаагаас ашиглалт 136.3 хувьтай байгаа аж.

 

 

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай болжээ. Иймд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, хөгжих эрхийг хангах, хүүхэд бүрт төрөөс үзүүлж буй үйлчилгээг ямар нэгэн ялгаварлалгүй тэгш хүргэх нөхцлийг бүрдүүлэх, улс орны үндэс болсон гэр бүлийн эдийн засгийн баталгаатай байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бага насны хүүхэдтэй өрх гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэрийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

 

Хөгжингүй орнуудад хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангахад чиглэгдсэн хүүхэд харах үйлчилгээний нийгмийн үйлчилгээг бий болгон хэрэгжүүлдэг аж.

 

Манай орны хувьд “Хүүхэд харах үйлчилгээ”-г бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Хүүхэд харах үйлчилгээг хүн ам, гэр бүлийн хөгжлийг хангах, нийгмийн халамж, хамгааллын албан ёсны үйлчилгээнд оруулах гэж байгаа гэдэг утгаараа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр боловч хүүхэд харах үйлчилгээ нь монголын ахуй амьдрал, практикт нэгэнт бий болчихсон шинэ зүйл бас биш юм.

 

Хуулийн төсөл нь 2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэгджээ. Уг үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор тусгажээ. Хэрэв хүүхэд харах үйлчилгээнийн тухай хууль батлагдвал нэг хүүхдэд нэг сард хоолны зардалд 36300, нормативт (хувьсах) зардалд 70500, нийт 116900 төгрөгийн зардал олгогдох юм байна. Энэхүү үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролд 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцоолсон байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 мянган хүүхдэд адил тэгш боломж бүрдэх аж. Эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болж байгаа юм. Мөн 8798 иргэн байнгын тогтвортой ажлын байртай болох аж. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржих, цэцэрлэгийн өнөөгийн хэтэрсэн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм байна.

 

Ямартай ч хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ. Гишүүд уг хуулийн төслийг хавчиж шахалгүй, гадуурхаж, чийрхэлгүй хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батална гэдэгт найдна. Хүүхэд харах хүнтэй, харуулах байртай болгох нь төрийн бодлого.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Tusviin aldagdliig gadaadaas undur huugeer ur tavij sanhuujuuleh gej baihad avilgachid aria denduu populist huuli sanaachlah yum. Nen darui ulsiin tsetserlegig tulburtei bolgoh heregtei. Saihanbileg shig avilgach aigaad ene ulsad heregtei baigaa arga hemjeenuudiig avahgui l dee.
2015-05-28