Ц.Жавхланбаатар: Алан хядагчийг хүргэхээр явахад эвгүй байсан
Маргааш энхийг сахиулагчдын өдөр. Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд манай цэнхэр дуулгатнууд үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, эх орон, монгол цэргийн нэр хүндийг сэвтээлгүй авч яваа билээ. Энхийг сахиулагчдын өдрийг угтан монголын анхны энхийг сахиулагчдын нэг Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Жавхланбаатартай ярилцлаа.
-Танд удахгүй болох энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Анхны энхийг сахиулагчдын нэг. Таны оролцсон энхийг сахиулах ажиллагаануудын талаар яриагаа эхэлье.
-Би НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагуудад 2000 оноос эхнээс нь оролцож ирсэн. 2003 онд анх Ирак улсад дайны дараах сэргээн босгох “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжинд салааны захирагчаар ажиллаж үүргээ гүйцэтгэсэн. Дараа нь 2005 онд манай улсаас анх удаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Тус ажиллагаанд цэргийн багийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллагааны офицерын туслахын үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш 2012 онд Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй, бие даасан дэлгэмэл батальоныг оролцуулсан. Тэгэхэд мөн батальоны штабын даргын үүрэг гүйцэтгэсэн. Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон явдалд Г.Рагчаа генералын маань гавьяа их бий бидэнд их зүйлийг зааж сургасан ачтай хүн байсан.
-Одоо бид энхийг сахиулагчдыг сайн мэддэг болсон. Харин 12 жилийн өмнө та бүхнийг үүрэг гүйцэтгэхээр явахад нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тэр үед манай ард түмэн, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ч энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр бүрэн хэмжээний ойлголттой байгаагүй. Тухайн үед Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулах тухай Монгол Улсын хууль дөнгөж батлагдаад эхний ээлжинд явж байсан бүрэлдэхүүн бол Иракийн ажиллагаанд оролцсон манай цэргийн баг, Конго улсад НҮБ-ын Энхийг сахиулах ажилагаанд цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэхээр явсан хурандаа Ерөөлцэнгэл, Даваадорж нар байсан.
Бидэнд тухайн үед ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад сургалтад ашиглах бүрэн гүйцэт материал, туршлага байхгүй байлаа шүү дээ Г.Рагчаа генерал өөрөө АНУ-д атташегаар ажиллаж байхдаа энэ чиглэлийн мэдээлэл материалтай танилцаж байсан туршлага, 2000 оны Казакстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулахын салаадын хээрийн сургууль, дадлага, 2002 онд Бангладеш Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулахын салаадын хээрийн сургуульд оролцож байсан жаахан үзсэн харсан бүгдийгээ нийлүүлээд л Тавантолгой дахь Зэвсэгт хүчний материаллаг баазыг түшиглэн ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн бүрэлдэхүүн тухайн үеийн жанжин штабын мэргэжлийн туршлагатай дарга нар хичээл зааж онолын хичээлээ явуулж, ихэвчлэн л дадлагаар сургаж байсан даа.
-Хэд хоног бэлтгэгдсэн бэ. Араб хэл сурч байв уу?
-Бид хоёр сар орчим хугацаанд бэлтгэл хийсэн. Манай цэргийн багийн ахлагч одоогийн Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, барилгын багийн дарга хоёр маань түрүүлж ажиллагааны газар орон дээр туршуулаар очиж ажиллахадаа эргээд бидэндээ явуулж байсан танилцуулах мэдээ, цагийн байдлын мэдээ бидний бэлтгэл сургуульд үнэхээр хэрэг болж байсан. Бид дайны дараах сэргээн босголтын ажиллагаанд оролцох учраас барилгын баг, инженерийн бүлэг, эмч нарын бүлэгтэй байсан. Тэгээд л бидний очих ажиллагааны газар орон маань Араб хэлтэй учраас хэлний асуудал гарч ирсэн. Тэр үед манай цэргийн багийн турк хэлтэй офицер маань хувиараа тухайн үед Гадаад хэргийн яамны дипломатч байсан нэг хөгшинөөр ойр зуурын хэдэн үг заалгаад л тэрийгээ бидэндээ зааж өгөөд бид яах вэ бас ойр зуурын мэндлэх, тоолох гээд л хэдэн үсэг дуудлага цээжилж аваад л очсон доо.
-Анх очиход ямар байдалтай орчин угтаж авч байв.
-Монгол цэргүүдийг очиход XIII дугаар зууны үед Чингисийн цэрэг Иракийг дайлаар мордож байсан бол XXI зуунд 2003 онд Чингисийн цэрэг Ирак улсад ирлээ гэж сүртэй мэдээлж байсан. Бид очоод үүргээ гүйцэтгэсэн. Цэргийн бааз бол бааз гэхэд хэцүү. Бөмбөгдөлтөд өртсөн иргэний хамгаалалтын ангийн нурангийг газар шорооны машинаар тэгшлээд, шороогоор далан овоолж, дугуйлсан төмөр тор тавьчихсан өөр ямар ч хамгаалалт байхгүй тийм баазыг бид хүлээж авч байсан. Харуулын цэг нь ч хүнд. Хоёр чингэлэг давхарлаад, наад талд нь нэгийг тавьчихсан. Дээр байх тойруулаад элс овоолсон жижигхэн модон харуулын байр руу гарахын тулд бид модоор шат хийсэн.
Ийм байдалтай “Чарли” гэдэг баазыг хүлээж авч байсан тэгээд л багийн удирдлагын шийдвэрээр цэргийн бааз ямар байх ёстой вэ, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гээд л бүгд бүх хүч бололцоогоо дайчлан богино хугацаанд баазын аюулгүй байдлыг хангаж чадсан биднийг анх очиход баазын хашаанд байгаа бүх цэргийн алба хаагч байнгын каск, хантаазтайгаа байдаг байсан бөгөөд хажуугаар нь нутгийн иргэд баазын хаа таарсан газраараа орж ирдэг наймаа /тамхи, виски/ хийдэг байсан. Тэгээд л бид харуул, хамгаалалтыг хүлээж авснаар баазын дотор явагддаг наймааг зогсоосон, биднээс өмнө очсон Румын, Филлипины цэргүүд наймаа хийх гэнэ, баазаас зөвшөөрөлгүй гарах гээд бүх зүйлийг л хорьж нэг сарын дотор бааз бидний хяналтанд орсон гэхэд болно доо.
Бидний үүрэг гүйцэтгэж байсан “Чарли” бааз Иракт үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын болон олон улсын дивизийн ар тал, ахуй хангалтыг зохион байгуулдаг их том бааз байсан. Мөн инженерийн бүлэг, барилгын багаа үүрэг гүйцэтгэхэд нь цувааны хамгаалалтыг зохион байгуулна, хамгаалалтаа хийнэ гээд одоогийн гүйцэтгэж байгаа үүргүүдийг биелүүлж байсан.
Монгол цэргийн аз хийморь түшсэн
-Очсон газар оронтойгоо дасан зохицоход хэр хугацаа шаардагдсан бэ?
-Ер нь монгол хүн дасан зохицох чадвар сайтай. Бид нар Ирак руу явахаас өмнө Казахстан, Бангладеш улсуудад олон улсын салаадын хамтарсан сургуульд оролцож, туршлагатай болчихсон байсан. Хувцас хэрэглэлээ хүртэл туршчихсан. Бид чинь 2003 онд Ирак явахдаа Бөртэ үйлдвэрийнхэнтэйгээ ярьж байгаад АНУ-ын цэргүүдийн өмсдөг байсан ногоон хувцасны загварыг өөрчлүүлээд, хувцасныхаа кнопыг, чанар сайтай товчоор солиод, агсамж энэ тэрийг хийлгээд бэлтгэлтэй л явж байсан даа.
-Энхийг сахиулагчдыг явахаас өмнө энд хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Одоо ажиллагааны өмнөх бэлтгэлийг голдуу 45 хоног хийгээд байна. НҮБ-ын мандатад заагдсан болон байгуулсан гэрээнд заагдсан үүргүүдийг гүйцэтгэхэд чиглүүлэхээс гадна НҮБ-ын үндсэн арга техникүүдийг эзэмшихэд л анхаарч бэлгэдэг. Мөн дээрээс нь бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Мөн олон улсын цэргүүдтэй харилцаж байгаа болохоор гадаад хэлний мэдлэг чухал. Сэтгэлзүйн бэлтгэл гэж маш том юм байна шүү дээ. Бид тэнд очиж амарч, зугаалах бус иргэний дайн гарчихсан, дотооддоо үймээн самуунтай улс орны хүмүүст туслах гэж очдог. Тиймээс бие, сэтгэлээ сайн бэлтгэх хэрэгтэй. Бид Иракт бол буун дуун дунд пижигнэж байгаад л ирсэн. Илт манай бааз руу чиглээд буудаад байхгүй ч буун дуу тасрахгүй шүү дээ.
-Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байх үед сэтгэлзүй ямар байдаг вэ?
-Биднийг анх 2003 онд үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс дайнд явах гэж байгаа юм шиг ойлгосон. Гэхдээ бид цагийн байдлыг мэдэж байсан. Ямар нэг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэр үед бидний удирдан, чиглүүлээд явж байсан Г.Рагчаа генерал маань ямар нэг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй, тэгнэ ингэнэ гэж амлах юм байхгүй гэж бидэнд хэлж байсан. Харин монгол цэргийн аз хийморь түшсэн юм уу, хүний амь эрсэдсэн асуудал гараагүй. Иракт манай 10 ээлж орсон шүү дээ. Мөн манай цэргүүдийн сайн бэлтгэлжилт, хариуцлагатай холбоотой. Цэргийнхнийг манай зарим хүмүүс нэг л буруугаар ойлгоод байх шиг байдаг. Үнэн хэрэгтээ цэргийн хүмүүс гэдэг чинь сахилга баттай хариуцлагатай, хүнээс сайн муу үг дуулж сурсан хэр баргийн юманд уурлаж уцаарлаад байхааргүй болсон эрчүүд байдаг юм шүү дээ.
-Ажиллагааны бүх л цаг үе эрсдэлтэй байсан нь мэдээж. Та нэг тохиолдлыг онцлон яриач.
-2006 онд гэрийн хорионд байсан дэлхийн зартай алагч хядагч Чарльз Тэйлорыг Либери Улсад баривчилж, бидний хамгаалж байсан Олон улсын тусгай шүүхийн хорих байранд авчирсан юм. Тэр үед хүлээж авах бүрэлдэхүүнийг би ахалж байсан. Түүнийг хоёр сар хорих хугацаанд шүүхийн гадна хөдөлгөөн ихэсч шүүхийн байрлалыг тандах зэрэг сөрөг зүйл ихээр гарч байсан. Тэгээд ч тухайн хэрэгтний хэргийг Африкт байгуулсан тусгай шүүхэд шүүх асуудал хүндрэлтэй байсан учраас хоёр сар орчмын дараа түүнийг Гаагагийн олон улсын шүүхэд хүлээлгэж өгөхөөр болоод шүүхийн байрлалаас маш өндөр нууцлалтайгаар нисдэг тэргээр тээвэрлэж СьерраЛеон улсын нисэх онгоцны буудлаас НҮБ-ын тусгай тээврийн онгоцонд суулгаж өгч байсан. Тусгай шүүхээс СьерраЛеоны онгоцны буудал хүрэх хугацаанд далай дээгүүр явж байгаа юм. Дэлхийн нэлээн нөлөөтэй алан хядагчтай нэг онгоцонд суучихсан. Бас л эвгүй. Тэрийг чинь устгах гэж байгаа хүмүүс ч бий шүү дээ. Ямар ч байсан нөгөө талын хамгаалалтын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд гарч ирж байсан.
-Манай цэргүүдийн бусдаас ялгарах давуу чанар нь юу вэ?
-Энэ бол миний бодол. Манай цэргүүд суурь мэдлэг сайтай. Бүх юмны суурийг мэднэ. Холбоо, радио техникээ ашиглаж чадна, явган цэргийн байлдааны машин, автотехник жолоодож чадна. Харин бусад орны цэргүүд нэг юмаар л дагнадаг. Тэгэхээр манай цэргүүд сахилга зохион байгуулалт, олон талын мэдлэг буюу биенээ орлон ажиллах чадвар, сэргэлэн зан нь онцлог юм уу даа.
Монгол гэдэг улс бий гээд Чингис хаанаасаа эхлээд ярьдаг
-Энхийг сахиулагчид монгол цэргийн нэр хүндийг олон улсын түвшинд өргөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна.
-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хуучнаар олон улсын ажиллагаанд оролцсноор монгол цэрэг гэхээс гадна Монгол Улсаа сурталчилж байна. Тэнд монголын талаар ойлголтгүй хүмүүс байдаг. Биднийг монгол гэхээр гайхдаг, хятад гэж хараад байдаг. Тэгэхээр нь ОХУ, Хятад гэж ийм улс байдаг. Үүний дунд Монгол гэдэг улс бий гээд л Чингис хаанаасаа эхлээд ярина шүү дээ. Дайн байлдаан, үймээн самуунтай газар үүрэг гүйцэтгэж байгаа ч соёлын арга хэмжээ явуулж, бусад улсыг урьж оролцуулан улсаа сурталчилна. Эндээс авч явсан юмнуудаа орон нутгийн хүүхдүүдэд өгнө. Биднийг Суданд үүрэг гүйцэтгэж байхад Дэлхийн гар угаах өдөр болж, хүүхдүүдэд нүүр гараа угаах цэвэрхэн ус аваачиж өгсөн. Бидний хувцсаа угаах уснаас аваачаад өгөхөөр шууд амны цэвэр ус шиг хэрэглэнэ. Өрөвдмөөр шүү дээ. Борооныхоо улирлын үеэр замын хажуу талын том том нүхэндээ ус хуримтлуулаад түүнийгээ ууна, усандаа орно, хувцсаа угаана. Тэр ус нь манайд бол замын хажуу талын шалбааг.
-Тэнд эх орноороо бахархаж бас хайргүй хандаж буйд сэтгэл зовниж явсан байх даа.
-Амгалан тайван, өргөн уудам нутагтай, цаг агаарын тааламжтай нөхцөл байдалтай эх орноороо дээд зэргээр бахархдаг. Тэр хэмжээгээрээ эх орноо хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж бодогддог. Эх орон, эцэг, эх бол бидний хамгийн үнэт зүйл.
-Таныхаар энхийг сахиулагч ямар байх ёстой юм бэ?
-Энхийг сахиулагч шулуун шударга. Бусдын төлөө гэсэн эрмэлзлэлтэй. Хүний, найз нөхрийнхөө, баг болоод явж буй бие бүрэлдэхүүнийхээ төлөө санаа зовдог чин сэтгэлтэй байх. Ядарч, зүдэрсэн ард түмэнд туслахаар явж буй гол зорилгоо ойлгох хэрэгтэй. Хувиа хичээгч байж болохгүй. Манай энхийг сахиулагчид сайн бэлтгэгддэг, бие даан амьдрах, нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай зэргээрээ монгол цэргийн нэр хүнд өндөр байна.
-Үүрэг гүйцэтгэж байх үед энхийг сахиулагчдын өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ.
-Энхийг сахиулагчдын баяраар ерөнхийд нь амралтын өдөр гэж явдаг. Гэхдээ жижүүрийн бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэнэ. Тэр үеэр бид цэргийн баг бие бүрэлдэхүүнээ баярлуулж, тэмцээн уралдаан зохион байгуулна.
-Энхийг сахиулагчид үндэсний баяруудаа тэмдэглэсэн байдаг.
-Тэгэлгүй яахав. Эндээс явахдаа үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар баяр болохыг тооцоод явдаг. Цагаан сар таарах бол ууц, хэвийн боовоо бэлтгэнэ. Наадам болохоор таарч байвал бүрэлдэхүүнд явж байгаа барилддаг хэдийгээ зодог шуудгаа авахыг захина. Биднийг Суданд үүрэг гүйцэтгэж байхад цагаан сарын дараахан Монгол Улсын маань Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нар цэргээ эргэж очсон харь улсад үүргээ гүйцэтгэж байгаа бидэнд бол хамгийн том бэлэг, сайхан дурсамж юм даа. Тэгээд тэнд чинь Ерөнхийлөгчтэйгөө, сайдтайгаа, жанжин штабынхаа даргатайгаа золгоод их л өргөн сар шинэ болсон доо. Энэ бол цэрэг хүнд тэр болгон олдоод байх боломж биш шүү дээ. Тэр үед 850 хүнээс 10 гаруй нь хөөрөгтэйгээ очсон байсан шүү. Бас бид чинь эндээс авч очсон хониныхоо ууцыг чанаад тавьчихсан хэвийн боовоороо тавгийн идээгээ засчихсан, бууз, хуушуураа хийгээд хэрэндээ ёс төртэй юм болсон шүү /инээв/.
-Ярилцлагын төгсгөлд энхийг сахиулагчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг гүйцэтгэхэд маш том үүргийг гүйцэтгэсэн хүн бол хошууч генерал Г.Рагчаа гэдэг хүний гавьяаг манай энхийг сахиулагчид байнга санаж байх хэрэгтэй бид энэ хүний гавьяаг мартах учиргүй юм. Тэр хүний байгуулсан гавьяа, хувь нэмрийг мөнхжүүлэх үүднээс Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг хошууч генерал Г.Рагчаагийн нэрэмжит болгосон. Мөн саяхан түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага, манай үе үеийн энхийг сахиулагчдын оролцоо, дэмжлэгтэйгээр түүний хөшөөг босгож, хүндэтгэл үзүүлсэн. Энэ ажлыг үнэхээр сэтгэл гаргаж зохион байгуулсан хурандаа Б.Баатартаа баярлалаа. Мөн бид бүгдийг удирдаж анхдагч нь болж байсан хошууч генерал Б.Баярмагнай, бригадын генерал Ж.Бадамбазар, хурандаа Д.Ганзориг, Л.Гансэлэм нараараа үргэлж бахархаж явдаг. Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон цэргийн баг, Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг, БНӨСУ-д анхлагч болон үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсье. Мөн одоо ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байгаа болон үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн нийт энхийг сахиулагчдадаа мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ