Нийгмийн үзүүлэлтийн судалгааг бодлогын баримт бичгүүдэд ашиглаж болно

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа – 2013”-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр анх удаа амжилттай зохион байгуулж, нэгдсэн үр дүнгийн номыг хэрэглэгчдэд хүргэж байна. Энэхүү номын талаар болон дээрх судалгааны ач холбогдлын талаар тус хорооны Тооллогын товчооны дарга Ж.Мөнхбадараас тодрууллаа.
-Монгол Улсад анх удаа “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г явуулж, нэгдсэн үр дүнг олон нийтийн хүртээл болгож байгаатай холбогдуулан тус судалгааны талаар мэдээлэл өгнө үү.
- “Статистикийн тухай” хуулийн дагуу Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутамд, Нөхөн үржихүйн судалгааг 5 жил тутамд зохион байгуулах тухай зааснаар Монгол Улс 1995 оноос хойш Хүүхэд хөгжил судалгаа нийт 4 удаа 1998 оноос хойш нөхөн үржихүйн судалгаа нийт 3 удаа явуулсан. Эдгээр судалгааны нэлээд хэдэн үзүүлэлтүүд хоорондоо давхардаж явагддаг байсан. Тухайлбал нялхсын тоо, хүүхдийн эндэгдэл, жирэмсний хяналтанд хамрагдах зэрэг үзүүлэлтүүд юм. Түүнчлэн судалгаанууд аргачлал, цаг хугацаа, түүврийн хувьд хоорондоо зайтай явагддаг байсан болохоор үр дүн нь бага зэрэг зөрүүтэй гардаг байсан. Энэ нь хэрэглэгчдэд ойлгоход төвөгтэй байсан учраас 2012 оноос статистикийн байгууллага эдгээр судалгааг нэгтгэж, судалгааны аргачлал, арга зүйг нэгдмэл болгож, хөрөнгө хүч хэмнэж, мэдээллийн үнэн зөв бодит байдлыг хангахаар “Статистикийн тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутамд зохион байгуулахаар болж анх удаа амжилттай явуулж, нэгдсэн үр дүнгээ хэрэглэгчдэд хүргэж байна. Нөгөө талдаа манайд явагдаж байсан нөхөн үржихүйн судалгаа нь хөгжиж буй орнуудын хүн ам зүй, эрүүл мэндийн судалгааны багасгасан хувилбар байсан. Нөхөн үржихүйн судалгаанд хүн амаас цусны дээж аваад цусны шинжилгээний судалгаа явуулж чадсан бол хүн ам зүйн эрүүл мэндийн судалгаа гэдгээр явагдах байсан. Тиймээс энэ 3 судалгааг нэгтгэж,судалгаанаас гарч байгаа олон үзүүлэлтүүд нэгдмэл арга зүйтэй болж, хэрэглэгчдэд ойлгомжтой болсон.
-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь хэр өргөн хүрээг хамарч хийгдсэн бэ? Судалгааны арга зүй, онцлогийг тодруулна уу?
-Эдгээр судалгааг нэгтгэснээр улсын хэмжээнд явагддаг хамгийн том түүвэр судалгаа болсон. Монгол Улсын хэмжээнд 15500 өрхийг хамруулж, аймгийн түвшинд судалгааны үр дүнг гаргах бололцоо бүрдсэн.
Түүнчлэн энэхүү судалгаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, судалгааны боловсруулалтад таблет төхөөрөмжийг ашигласан. Цаасан асуулгаар явагддаг байсныг электрон болгосноор илүү богино хугацаанд судалгааны боловсруулалтыг хийж, чанаржуулсан.
-Монгол Улс 3 судалгааг нэгтгэн явуулж байгаа нь дэлхийн бусад улс орны жишигтэй нийцэж байна уу?
-Яг энэ хэлбэрээр нэгтгэсэн судалгааг явуулдаг улс орон цөөн байдаг. Хүүхэд хөгжил судалгааг дэлхийн ихэнх хөгжиж буй орнууд дангаар явуулсаар байгаа. Нөхөн үржихүйн судалгааны хувьд 2008 оноос хойш өндөр хөгжилтэй орнууд хүн ам зүйн эрүүл мэндийн судалгаанд чиглэж хүнээс цусны биометр шинжилгээг авч явуулж байгаа. Дээрх судалгааг нэгтгэж явуулсан улс орны хувьд манай улс Азид Лаос улсын дараа явуулсан хоёр дахь улс нь юм. Ингэж нэгтгэсэн судалгааг явуулснаар олон улсад өндөр үнэлэгдэж, нэлээд хэдэн улс орнуудаас тус судалгааг явуулсан арга зүй, аргачлалын талаар манай улсын туршлагыг судлах хүсэлтээ илэрхийлсэн.
-“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013” судалгааны тайланг хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ?
-Судалгаанд суурилсан хамгийн үнэн бодит үндсэн үзүүлэлтүүдийн нэгдсэн дүнг хэвлэмэл байдлаар ном болгон хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ нэгдсэн үр дүнг бодлогын олон баримт бичгүүдэд ашиглана. Тухайлбал Мянганы хөгжлийн зорилтууд, Нөхөн үржихүйн хөтөлбөр, Хүүхдийн эрхийг хамгаалах Засгийн газраас батлагдсан үзүүлэлтүүд, олон улсын түвшинд Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц, НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрүүд зэргийн шалгуур үзүүлэлтүүд энэ судалгааны үр дүнгээс гарч байна. Ерөнхийдөө хэвлэгдэн гарсан ном буюу тайлан маань тогооны өрөм хэсэг нь юм. Төр, засгийн төв байгууллагуудын бодлого боловсруулагч нарт болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд, сонирхсон хэрэглэгчдэд үнэ төлбөргүй тараагдаж байна. Цаашид бид судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, өөрийн байгууллагын вэб сайтад байршуулна. Тиймээс энэхүү судалгаанаас гарсан үр дүнг бүхий л салбар чиглэлээр нь судлаачид, бодлого боловсруулагчид авч ашиглах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ