Монгол Улсын иргэн Б.Цогтгэрэл саяхан батлагдсан сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцэд ханджээ. Түүний Үндсэн хуулийн цэцэд хандаж бичсэн үндэслэлүүдийг бүрэн эхээр нь хүргэе.
Үндсэн хуулийн цэцэд хандах нь
УИХ-аас энэ оны 12 сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт дараахь үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна. Үүнд:
Нэг. Энэ хуулийн 4.9-д “Энэ хуулийн 27.1-д заасан …28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл “ гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлгийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ...
шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгөх зарчмыг зөрчиж байна.
Хоёр. Хуулийн 6.7.2- т “гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлгийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан
УИХ-ын гишүүнийг шууд сонгох гэсэн зарчмыг зөрчиж байна.
Гурав.Хуулийн 35.19-д “ УИХ-ын гишүүн, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл, болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь энэ хуулийн 35.18-д үл хамаарна.” гэсэн нь сонгуулийн хуулийн 35.4, 35.33 дугаар заалтуудтай зөрчилдөж, Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн арван арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна.”гэсэн заалтад харш болжээ.
Дөрөв. Энэ хуулийн 35.20 –д заасан “Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих зэрэг үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14 дүгээр зүйлийн 2 -д заасан “ Хүнийг үндэс, угсаа, …. шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Арванзургаа дугаар зүйлийн 15.-д заасан “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй,” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Тав. Энэ хуулийн 47.1.2 –т заасан “тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал, 49.1.2-т заасан энэ хуулийн 49.1.1-д заасан таван хувийн босго даваагүй нам, эвслийн авсан нийт саналыг тэнцүү хэмжээгээр хуваан “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцох” гэсэн нь Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 9 дэх заалтын ...иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг тус тус зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн нэг дүгээр зүйлийн 2 болон 3 дугаар зүйлийн 1, мөн 5-р бүлгийн жаран зургаадугаар зүйлийн 66.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Үндсэн хууль зөрчсөн дээрхи заалтуудыг хүчингүй болгож өгөхийг хүсье.
Мэдээлэл гаргасан:
Иргэн Өөлд Бөөлөө овогт Баянжаргалын Цогтгэрэл
Иргэний үнэмлэх УБ1341609
Регист АЮ66021779
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 хороо, Сүхбаатарын гудамж 11-2\24 тоот
СЭТГЭГДЭЛ БИЧИХ