Дубайн төлөвлөгөөг үгүйсгэх Сөүлийн тушаал

“Оюутолгой”-н гэрээ тойрсон улс төржилт дуусахгүй яриа, дундрашгүй сэдэв бололтой. Сонгуулийн жил гарахад хагас жилийн л хугацаа үлдлээ. Сонгуулийн жил ойртох тусам газар нутаг, баялгаа хамгаалсан “эх орончид”-ын арми бүл нэмсээр байх бололтой. Парламент дахь улс төрийн нам эвслээс эхлээд иргэний хөдөлгөөнүүд байгалийн баялаг, стратегийн орд, тэр дундаа “Оюутолгой”, “Тавантолгой”-н ордыг тойрон асуудал дэвшүүлж, мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлсээр байх нь.
Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар хоёр жил гаруй гацаад байсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайдаас АНЭУ-ын Дубай хотноо айлчлахдаа зурсан дээрх төлөвлөгөөний талаар парламент дахь нам, эвслийн бүлэг асуулга тавьж, мэдээлэл сонссон. Энэ сэдвээр Ерөнхий сайдад дахин асуулга тавьж мэдээлэл сонсох хүсэлтэй буйгаа О.Баасанхүү гишүүн хэлж байсан. Гэхдээ түүний энэ санал өөрийнх нь бус захиалгат хүсэлт байсныг УИХ дахь МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлгийн мэдэгдэл гэрчиллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн долоо хоногт Сөүлийг зорьж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, төрсөн өдрийн баярт нь оролцсон. Ингэхдээ намын даргатай цаг үеийн асуудлаар ярилцаж, улс төрийн дараагийн алхам, нүүдлээ тохиролцож, тушаал, даалгавар өвөрлөн ирсэн нь хэнд ч ойлгомжтой.
Тиймээс ч Н.Энхбаяр даргын өгсөн эхний “тушаал” Ерөнхий сайдыг Дубайд айлчлахад гарын үсэг зурагдсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “хариу цохилт” хийх мэдэгдэл байсан бололтой. Уг төлөвлөгөөний асуудлаар УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс бусад нь байр сууриа илэрхийлээгүй байсан. Харин “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх уг төлөвлөгөөг хууль зөрчсөн” гэж үзэн “Шударга ёс” эвсэл гэнэтхэн мэдэгдэл гаргасан нь хачирхаад байх асуудал биш байлаа.
Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаврыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна” гэдгийг онцлоод ажлын 14 хоногийн дотор талууд ярилцан, тохиролцож өөрчлөлт оруулж, УИХ-д илтгэхийг шаардсан байлаа. Олон нийт уг мэдэгдлийг Сөүлээс өгсөн тушаал, даалгавар гэж хайнгахан хүлээж авна лээ.
Тус эвслээс Шийдлийн Засгийн газарт хамтарч, 3 сайдын квот авсан. Тэр дундаа томоохон стратегийн ач холбогдол бүхий мега төслийг хэрэгжүүлэх үүргийг тус эвслийн бүлгээс томилогдсон сайд хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд М.Энхсайханы харъяалах асуудлын хүрээнд хамаарагддаг. Харамсалтай нь олон нийтийн анхаарлын төвд байхын тулд нам, эвслийн бодлого, тохиролцоо үл хамааран хувийн эрх ашиг, амбицаа өмнөө барьдаг тус эвслийн бүлгийн барьцгүй гишүүдийн байр суурь хамтарсан Засгийн газар, намын даргынхаа хариуцсан асуудлын эсрэг мэдэгдэл хийхэд ч оролцох аж.
Дээрх мэдэгдэл, шаардлагын хариуг товлосон хугацаанд өгөхгүй бол Ч.Сайханбилэгийг, Засгийн газрыг огцруулна гэх сүрдүүлгээр үргэлжлэх байх. Эвслийн бүлгийн гишүүдээс санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах шаардлага өргөн барих гэж 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадахгүй байгаа эрхмүүд Засгийн газрыг огцруулах асуудалд бие даагчидтай хамтраад ч хүч дутна. Цаашлаад тус эвслийнхэнд хамтарсан Засгийн газраас гарч сөрөг хүчний байр сууринаас хандах зориг ч хүрэхгүй болов уу.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ