Эдийн засаг дахь уянгалаг чимээ

img

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд өчигдөр нэгэн таатай мэдээ дуулгав. Тэрбээр манай улсад наадмаас өмнө 30-40 сая ам.доллар орж ирнэ гэдгийг ярилцлагадаа дурдлаа. Үүний 20 орчим сая ам.доллар нь өнөө маргаашгүй улсын санд орох гэнэ. Хөрөнгө оруулагчид Монголын ашигт малтмалыг ашиглаж байгаагийнхаа татварыг төлж эхэлж буй нь энэ. Дээр нь багагүй хэл амыг дагуулсан татварын 30 сая ам.долларыг Рио Тинтогоос шилжүүлэхээр болжээ. Нэг үгээр хэлбэл Монголын санхүү, эдийн засаг дундажаар 50 тэрбум төгрөгөөр сэлбэгдэнэ гэсэн үг. 50 тэрбум төгрөг мөнгөтэй нэгэнд бол том тоо биш. Гэхдээ манай улсын өнөөгийн нөхцөлд мөнгөний их, бага хэмжээ тэргүүнд тавих чухал зүйл биш. Зөвхөн Монгол Улс хөрөнгө оруулагчидтай хамтарч чаддагаа харуулах цаг. Тэр хэрээр Монголыг сонирхогчид олширч, хөрөнгө урсах зам нээгдэнэ.

 

Нэг том төсөл хөдлөх чимээ эдийн засагт ямар уянгалаг сонсогдож буйг бид бодитоор харж байна. Нэг сарын дотор монгол төгрөг таван хувиар чангарав. Ам.долларын ханш өдөр өдрөөр буурч байгаагаас харвал энэ эерэг үзүүлэлт цаашид ч өсөлттэй байх нь. 2000 рүү дөхөж байсан ам.доллар өнөөдөр төв банкны ханшаар 1890 төгрөгтэй тэнцэж байна. Товчхондоо “ноён ногоон”-ы дээрэлхүү зан дарагдаж эхэлжээ. Энэ бүхэн бидэнд өөр олон боломжийг бий болгоно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Бид алдагдсан боломжийн хариуцлагыг хэнээс ч нэхэж сураагүй ард түмэн ..." хэмээн хэлсэн. Үнэн бөгөөд гашуун энэ үгийг дахин дахин давтахгүйн тулд өнөөдөр бий болж буй боломжуудыг үр ашигтай ашиглах хэрэгтэй. Тэр боломж одоо бий болж, эдийн засагт өгч буй чимээ илүү уянгалагаар эгшиглэх нөхцөл бүрдээд байна.

 

Одоогоос хоёр жилийн өмнө ам.долларын ханш мөн л өсч, төгрөг дарамтад орсон. Өнөөгийн шиг 2000 дөхөөгүй ч 1800-д хүрч байсан. Энэ “галзуурлыг” Японы зах зээлд гаргасан Самурай бондын чимээ дарж чадсан. Яг л өнөөгийн шиг валютын зах зээлд их хэмжээний ам.доллар орж ирнэ гэсэн чимээ худалдан авалтыг бууруулсан. Үүнийг дагаад ханш ч зөөлөрсөн. Үүнээс өмнө буюу 2012 оны арваннэгдүгээр сард өсөлттэй байсан ам.долларын ханшийг Чингис бондоор хязгаарласан. Энэ үеүдэд ханшид нөлөөлсөн хамгийн том хүчин зүйлийг гадаад худалдааны алдагдал гэдгийг эдийн засагчид хэлдэг байв. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт татарч эхэлсэн нь ч нөлөөлсөн.

 

Харин одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гадаад худалдааны алдагдал ч мөнхийн мэт байсан үеэсээ гарсан. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард 94.0 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны мөн үед 418.0 сая ам.долларын ашигтай гарчээ. Эдийн засагт сөргөөр нөлөөлдөг нэг дохио нь унтарсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр гадныхан манай улсыг сонирхож эхэлсэн. Оюутолгойгоор эхэлсэн уянгалаг чимээ цаашид ч үргэлжилж, үндэсний мөнгөн тэмдэгтийн мандалтын үе ирнэ байх. Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалтад шаардлагатай зургаан тэрбум ам.долларын олон улсын 14 банкнаас босгохоор болсон. Тэгвэл Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк Оюутолгойн далд уурхайн төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй аж. Монгол дэлхийн томчуудын анхааралд өртөж, манай уул уурхай дахь олон боломж тэдний анхаарлыг татаж эхэлжээ. Энэ боломжийг ашиглаж, алтан дээр суусан гуйлгачин хочоосоо салах цаг үе ирээд байна. Эдийн засаг дахь итгэлийг сэргээсэн чимээг үл тасалж, улам бүр төгөлдөржүүлэн уянгалуулах боломж бидэнд бий болжээ.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

joojoo:
Үнэн бол сайн хэрэг .гэхдээ анитгэх итгэл алдарсан шүүдээ дараань харах.л үлдлээ дээ монголчууд өа
2015-06-06
Зочин:
ZOOSON TOGROG
2015-06-05