Австраличуудаа. Та нарт баяр хүргэе.

Хөөгөөд ч яахав. Өөрсдөө явахыг чинь харнаа гэдэг чинь Тавантолгой дээр харин нэг хэрэгжлээ дээ. Бараагаа зармааргүй бол үнээ байж боломгүй нэмээд хэлчихэд болох юм. Сонирхоод байгаа мөнгөтэй нөхөр их сайн даа л нэг хараагаад мэдрэл муутай юм байна гэж бодоод л яваад өгнө.
Яг ийм хувилбарыг Тавантолгой дээр хэрэгжүүлэх дүр зураг бий боллоо. Төмөр зам дээр тууз гогцооруулан ороосон ажлын хэсгийн дүгнэлт нь үнэхээр туйлын буюу цаашид дагаж мөрдөх чиглэлтэйгээ цуг боловсруулагдан гарсан байна. Хөндлөн чиглэлийн 1300 км төмөр зам барих 3.1 тэрбум, урагш тавих 268 км төмөр замд шаардлагатай нэг тэрбум ам.доллар буюу нийт 4.5 тэрбум ам.доллар гаргаж чадах компанид нүүрсээ олборлуулья гэлээ. Энэ бол үнэхээр эх орноо бодсон гэмээр бас хөрөнгө оруулагчдаа шууд хөөсөн санал гэдгийг захын би ч ойлгож байна.
“Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагш чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаахудаг болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замтай холбоотой асуудлуудыг хөрөнгө оруулагчдын хамт шийдэх ёстой гэж ажлын хэсэг үзжээ.
Мөн үүнийгээ яаж шийдэхийг зааж өгчээ. 2010 онд шалгаруулсан зургаан компанид дахин хүсэлт тавьж, сонгон шалгаруулалтыг дахин зарлах боломжтой гэж. Анхны гараан дээрээсээ Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой болох юм гэж онцолжээ. Таван жилээр ухарч 2010 он дээрээ буцаж очоод “дахиад эхлэе” гэсэн үг л дээ. Учир нь таван жилийн өмнө ТТ төслийг ярьж эхлэхдээ бид нэг “чухал”-ыг нь гээчихсэн юм байна. Одоо буцаж очоод авцгаая, алдаагаа засцгаая гэж байгаатай агаар нэг.
Тавантолгой гацсан нь Орос ах нарын таалалд нийцээгүйтэй холбоотой гэсэн таамаг үүгээр батлагдаж байгаа юм биш үү. Үүнээс хойш төмөр замын асуудал Орос ах нарын нөмөр нөөлөггүй шийдэгдэнэ гэвэл “гонж шүү ” гэж ойлгогдохоор. Шулуухан хэлэхэд хөрөнгө оруулагч түүний хамтрагч нь Энэтхэг, Хятад, Япон, Солонгос бүр хамгийн ядуу БН Конго ч улс байж болно. Харин энэ дунд Орос заавал байх ёстой. Энийг л баримтлаад том төслүүдээ явуулах хэрэгтэй юм байна. Өөрөөр хийх гэж үзсэн чинь бүхэл таван жилийг шууд ухраахыг сая бид харлаа. Төр л ингэж чадна. Хувийн бизнест бол энэ байж болохгүй “буцалт ” болно доо.
Манай улс төрчдийг зальтай овсгоотой гэдэг. Энэ чадвараа хувийн бизнес дээр төдийгүй хоёр их гүрнийхээ дундах өрсөлдөөнийг шийдэхдээ ч сайн харуулдаг гэдэг. Том асуудал дээр хоёуланд нь “за” гэж байгаад гуравдагчтай ашигтай тохироо хийгээд сугараад явчихдаг сүйхээтэй. Улс төрчид маань улсаа боддоггүй бүүр эргэчихсэн улс биш л дээ. Харин энэ удаа Тавантолгой дээр яаж ч чадсангүй ухрах шиг боллоо.
Оюутолгой ч адилхан толгой даагаад цааш яв нь гэхэд хэцүү болоод эхэлсэн байгаа. Дубайд биш Москвад л мутарлахгүй бол энэ орд ер нь мөрөөрөө явах юм уу даа гэсэн цөхрөл ч төрөх шиг. Энэ хэдэн толгойг зүгээр ашиглахгүй орхиод энэ чигээрээ хөдөөдүү хөгжлийн замаараа, амиа яая гэсэн царайтай байгаад байвал засаг төр ч тогтвортой болох юм байна.
Төмөр зам тавьбал зөвхөн хойшоо чиглэлтэй, өргөн царигтай л тавина. Нүүрсээ зөөвөл түүхийгээр нь Оросоор л дамжуулж зарах ёстой ч юм уу. Энэ замаар яваад үзэж болно л доо.
Хамгийн тойруу замаар Оросын хилийн дээсийг давж байж далайн цаадах гуравдагч зах зээлийн эрэг боомт нэг юм харагдана. Ингээд тэнд хүрлээ гэхэд нэг тонн бүрт нь 50-70 ам долларын тээврийн зардал шингэсэн зах зээлээс давсан өндөр үнэтэй манай нүүрсийг боомтоос хэн авах.
Элсэн дээр тоглож байгаа хүүхдүүд шиг. Тоглоом нь сонирхолтой л болж байвал зөөх зам нь тойруу бартаатай л байвал сайн. Хамар доор маань дэлхийн нүүрсний хамгийн том зах зээл байгаа ч түүнд хүрэх бидний зам тойруу л байвал цаад хүмүүсийн таалалд нийцэх гээд байна.
Улс төрчид та бүхний нэгэн адил эх орныхоо талд асуухад энэ “удаашрал” хэний талд ашигтай тусах юм бэ. Австрали Хятад хоёр бидний 1568 км төмөр замаа шийдэхийг хүлээхгүй.
Дэлхийн нүүрсний зах зээлд Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумб зэрэг 6 улс өрсөлдөж нүүрсний экспортын 80-аас дээш хувийг барьдаг. Харин хамгийн том импортлогч нь Хятад улс. Энэ зах зээл дээр бидний гол өрсөлдөгч Австрали оролцож тоглолт хийгээд байвал нэг хэрэг. Бид ч гэсэн “Австралид үер болоосой” гээд л өөр зуураа ярьж л байдаг.Олон хүн нь урсаасай гэсэн атгаг санаагүй. Нүүрсний уурхайнууд нь хаагдана шүү дээ гэнэ. Харин Австраличууд биднийг юу гэж ярьдгийг хэлж мэдэх юм алга. Төмөр замаа Оросоор дайруулаад тойруугаар нь тавьчихаасай гэж боддог ч байж магадгүй. Юунд нь эмзэглэх. Адилхан нүүрсээр баян орон. Энэ түүхий эдээ Хятадад ахиухан зарчих санаатай зүтгэдэг. Гэтэл Монгол гэж асар их нүүрсний ордтой улс гарч ирээд Хятадын хаяанаас зах зээлрүү нь тэмүүлээд байна. Ийм өрсөлдөөнд бие биенийгээ цагаахан харааж егөөдөх байх л зүйл. Гэхдээ зах зээлийн дүрмээрээ шудрага өрсөлдөх ёстой гэдгийг тэд мэднэ. Үнээрээ, чанараараа, нийлүүлэлтээрээ, дэд бүтцээрээ өрсөлдөөд хэн таатай нөхцлийг бий болгосон нь зах зээлд байраа эзлэнэ. Харин бид энэ өрсөлдөөнд оролцох биш “орох гэж байна, очиж байна шүү ” гэж сүртэй зарлаад ачир дээрээ байхгүй. Машинаар нүүрс зөөж хил дээр ачиж буулгаж шороотой хутгасан улс. Дээгүүр нь мэтгэлцүүлж талцуулсаар. Эцэст нь таван жилийн өмнөх алдаагаа засья гээд буцаад алхлаа даа.
Австраличууд нэг санаа нь амарч ёстой магнай нь тэнийж байгаа даа. Хятадад нэвтрээд цаашлаад Японы Сумитомогоор зуучлуулаад далай гаталж Япон Солонгост хүрчих гээд байсан Монголын нүүрс уурхайдаа дахиад хэдэн жил хэвтэх нь одоо бараг тодорхой боллоо. 230- хан км дөт төмөр зам тавиад коксжуулсан нүүрсээ “богоноор” нь ачаад орж ирэх гээд сандаргаад байсан улс шүү дээ. Одоо тэр богино зам нь Оросыг чиглэсэн хөндлөн төмөр замтай цуг шийдэгдэх улс төрийн шийдвэр гарчихвал Монголын нүүрс Хятадад иртлээ хаа ч юм гэдэг болно. 230 км төмөр замтай зургаан жил зууралдсан улс 1300 км / нийт 1568 км/ төмөр замын хөрөнгө оруулагчтай зохицож, түүнийгээ барих гэж 10 жил лавтай зууралдана. Өөр хоорондоо үзнэ, талцана. Тэр болтол ”их юм болно доо” гэж өрсөлдөгч Австраличууд тооцоолж суугаа байх.
Машинаараа жоохон нүүрс зөөж л байна. Тоохгүй л дээ. Тэр сайжруулсан зам нь уулаасаа удаан тэсэхгүй гэдгийг ч харж л байгаа. Хэн нэгэн хүсвэл тэр замыг нь шороо тоос дийлдэхээ болилоо гээд хаачихаж чадах байх. Ер нь бол өрсөлдөгч Австраличуудад баяр хүргэе дээ. Бид та нарын өрсөлдөөнөөнд орж ч амжилгүй буцлаа.
Тавантолгойн төсөл дээр улс төрийн түвшинд шийдвэр гарч 1568 км төмөр зам тавих 4.5 тэрбум долларын / Баабарын жиргэснээр бол 7 тэрбум доллар / хөрөнгө оруулах босготой тогтоолын төслийг Их хурал оруулна гэж байна. Мөн энэ төсөл дээр таван жилийн өмнө санал өгч байсан Япон, Хятад, Орос зэрэг орнуудын зургаан компаныг дахин урих боллоо.
Гэхдээ улс төрчид та бүхний нэгэн адил эх орныхоо талд асуухад энэ “удаашрал” хэний талд ашигтай тусах юм бэ. Австрали Хятад хоёр бидний 1568 км төмөр замаа шийдэхийг хүлээхгүй. Нүүрс үнээ алдсаар л байна шүү дээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ