Асрамжийн газруудыг магадлан итгэмжлэнэ

img

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам асрамжийн газруудад үзлэг хийлээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн газруудын үйл ажиллагаа, үйлчилгээ холбогдох, хууль, журам, стандартын  дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, магадлан итгэмжлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү үзлэгт улсын асрамжийн 8 газар, хувийн хэвшлийн асрамжийн 1  газар хамрагдсан байна. Эдгээр асрамжийн газруудад хүүхэд 7, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 85, сэтгэцийн өөрчлөлттэй 56, ахмад настан 197 асруулж байгаа ажээ. Үзлэгээр асрамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн болон бусад үйлчилгээ, барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, багаж тоног төхөөрөмжийн хангамж зэргийг голлон анхаарчээ. Үзлэгийн үеэр барилга байгууламжийн чанар, шинэ хуучин, тохь тухтай байдал, засвар, хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхээс шалтгаалаад асруулагчдын хэвийн амьдрах нөхцөл нь өөр өөр байсан. Нийгмийн ажилтан байхгүй, зохион байгуулагч дарга нь асрамжийн газраа хариуцан ажиллаж, асруулагчдыг  хөгжүүлэх үйлчилгээг орхигдуулах, зөвхөн байршуулах, хооллох үйлчилгээг үзүүлж байгааг өөрчлөн стандартын шаардлагын дагуу үзүүлэх үйлчилгээг, орон тоо, хүний нөөцийг бүрдүүлэн үзүүлэхээр өөрчлөн сайжруулах шаардлагатай байгаа талаар холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна. Дээрх асрамжийн төвүүдээс стандартын шаардлага “Хангаагүй” байгууллага гараагүй бөгөөд стандарын шаардлагыг “Хангах шатандаа” байгаа 5,  стандартын шаардлагыг “Хангасан” гэсэн үнэлгээг 4 асрамжийн газар авчээ. Цаашид эдгээр төрөлжсөн асрамжийн байгууллагуудын барилга байгууламжид засвар үйлчилгээ хийх, зарим аймгийн асрамжийн газруудад шинээр барилга барих, асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив”, хувцас, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн зардлыг тогтоосон нормын дагуу олгох, ариутгал цэвэрлэгээ, хувцас, хатуу зөөлөн эдлэл, оршуулгын зардал төсөвт тусгах, асрамжийн газар тус бүрийн ажилчдын орон тоо, төсвийг дахин нягталж үзэх, ажилчдын ажлын байрны ажиллах нөхцөл тааруу байгааг анхаарах, стандартын шаардлагыг хангах шатандаа байгаа асрамжийн газруудын үйл ажиллагааг бүрэн хангуулах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа аж. Үзлэгт хамрагдсан асрамжийн газруудад 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажил, үйлчилгээ явуулах эрхийг эхний удаад нэг жилийн хугацаагаар, “Ажил, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ”-г олгохоор “Магадлан итгэмжлэх зөвлөл”-өөс шийдвэрлэсэн тухай НХХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ